Хоёр жилийн өмнөх Берлиний кино наадмын нэгэн сонирхолтой бүтээл нь нөхрөө орхиж явахыг хүсэх Эльза бүсгүй нөхрийнхөө гэнэтийн үхлийн дараа амьдралыг хэрхэн шинээр таньж буй тухай Халимагаас ирсэн залуухан эмэгтэй найруулагч Элла Манжеевагийн “Цахлай” байсан юм.

Манжеева сонсож, харсан түүхүүдээ баяжуулан киноны зохиолоо бичсэн бөгөөд “Цахлай”-н зохиол 2012 онд Оросын кино урлагийн хамгийн том сэтгүүл болох Искусство кинонд нийтлэгдсэнээр кино болох эхлэл нь тавигджээ.

2005 онд Санкт Петербургийн Кино, Телевизийн их сургуулийг дүүргэсэн Манжеева “Цахлай”-аас өмнө “Тэр эмэгтэйн дотор”, “Тал нутаг” зэрэг хэд хэдэн богино хэмжээний бүтээл туурвиж, олон улсын кино наадмуудад багагүй амжилт олоод байсан юм.

Ингээд түүний хоёр жилийн өмнө IndieWire цахим хуудсанд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

“Цахлай”-ийн түүх юугаараа таныг татав?

Зохиолоо бичиж байхдаа би дүр бүрээ нарийн тодорхойлоогүй байсан л даа. Харин зураг авалт дууссаны дараа жинхэнэ түүх бодолд минь ургаж эхэлсэн. Тэд нэг нэгэнтэйгээ нягт холбогдож, үл мэдэгдэм байдлаар киноны минь суурь болсон. Арван зургаатай байхдаа би худын талын нэг залууд их таалагдав аа. Гэвч манай хүргэн ах ах дүүс нэг айлд хүргэн орох нь муу ёр гээд дүүгээ хорьж, дүү нь ч ахынхаа үгэнд орсон доо.

Хэдэн жилийн дараа тэр залууг нас барсныг би олж мэдсэн юм. Тэр агнуурын улирал дууссан хойно тэнгис рүү яваад эргэж ирээгүй юм билээ. Завь нь тэнгист живж, хөлдсөн байсан. Яг л гол дүр Зига шиг маань. Тэр эхнэр хоёр хүүхдээ орхиод одсон. Би үе үе түүний эхнэрийн оронд би байж болох байсан шүү дээ гэж боддог юм.

Энэ гэр бүлийн түүх, эмгэнэлийг төсөөлөх бүрдээ би дутуу хэсгүүдийг олж эвлүүлэн түүхээ бүрэн бүтэн болгосон. Энэ бодлууд хийгээд тэдний тухай урт удаан ярианууд дээр суурилаад би энэ гэр бүлийн түүхийг бүхэлд нь зураглаж авсан. Хожим нь миний төсөөлсөн бүхэн үнэндээ бодит байдал биш байж гэдгийг ч ухаарсан даа. 

Цахлай киноны хэсгээс

Уг киног бүтээх явцад хамгийн том бэрхшээл тань юу байв?

Миний бодлоор нутгийн хүмүүстэй харилцах харилцаа байсан. Сэтгэлгээний зөрчил юм даа. Тэдний итгэл, хүндэтгэлийг олж авах, тэдний бидэнд хандах хандлагыг ойлгох амар байгаагүй. Би бол аль аль талын байр суурийг ойлгоод байж чадна. Би чинь Халимаг хүн. Харин нөгөөтэйгүүр энэ баг бол миний баг. Ингээд энэ хоёр зүйлийг нэгтгэх хэрэг гарсан даа.

Зураг авалт эхлэхээс өмнө гол дүр Эльзаг бүтээсэн Евгенива Манзиева хоёр долоо хоног нутгийн үйлдвэрт шөнийн ээлжээр ажилласан. Хэн ч түүнийг алдартай загвар өмсөгч гэж таниагүй. Бид түүнийг ядарсан, царай алдсан төрхтэй харагдуулах гэж оролдсон юм. Мөн кино зураг авалтын туршид багийн гишүүдийг түүнтэй үг солихийг хориглосон. Тэр хоёр сарын турш хэнтэй ч яриагүй. Ингэж ганцааранг нь орхисон нь түүнд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үггүйгээр илэрхийлэхэд тусалсан.

Тэр хэзээд камерын өмнө бэлэн байсан. Гэхдээ түүнд жүжиглэх хэрэг байгаагүй. Ерөөсөө л Евгинева Эльза байсан юм. Энэ нь маш хэцүү бас сонирхолтой байсан. Тэр сайн ажилласан. Тэр зураг авалтын үеэр амьд гэдгээ урьд өмнө мэдэрч байгаагүйгээр мэдэрсэн гэж надад хэлсэн.

Үзэгчид киног тань үзэж дуусгаад юу гэж бодоосой гэж та хүсэж байна вэ?

Үзэгчид өөртөө болон өөрийн туулсан давтагдашгүй түүх, туршлагадаа илүү их итгэж, найдаж эхэлбэл, киноны драм, өөрсдийн гэсэн ёс суртахууны хичээл тэдэнд үлдвэл надад таатай байх болно. Би энэ түүхээр үзэгчдэд ямар нэг тодорхой зүйл хүргэх гэж оролдоогүй. Би зүгээр л хүн бүрээс итгэл найдвар хүсэж, асуулт асуусан. Тэд өөр өөрийнхөөрөө хариулна. 

Эмэгтэй найруулагчдад юу гэж зөвлөх вэ?

Эмэгтэй хүн гэдгээ март. Хүйс мэргэжлийн ур чадварыг тодорхойлохгүй. Гэхдээ эмэгтэйлэг байдлаа мартаж болохгүй. Энэ өөрийн гэсэн ертөнцөө кино урлагийн талбарт бүтээх өвөрмөц хүчийг таньж мэдрэхэд чинь тусална.

Кино төслөө хэрхэн санхүүжүүлсэн бэ?

ОХУ-ын Соёлын яамны санхүүжилтээр бүтсэн. Зохиол маань Искусство Кино дээр хэвлэгдсэний дараа бид тизерийн зураг авалт хийж, Кинотавр фестивалийн үеэр төслөө танилцуулсан. Ингээд манай төсөл шилдгээр шалгарч, мэргэжлийн үзэгчдээс эерэг үнэлгээ авсан.

Халимаг шиг соёлын ийм жижиг хэсгийн кино Засгийн газраас дэмжлэг авсан нь ховор тохиолдол л доо. Ийм ч учраас Халимгийн кино урлагийн салбарт чухал үйл явдал болсон.

Хамгийн дуртай эмэгтэй найруулагчтай кино тань юу вэ? Яагаад?

Алис Рохвахерийн “Гайхамшгууд”. Би үзэж байхдаа амьсгалж ч чадаагүй. Би өмнө хэзээ ч ийм мэдрэмж мэдэрч байгаагүй. Энэ кино бүхэлдээ би байсан. Алис тэр эмзэг нарийн харилцааг хэрхэн илэрхийлснийг нь хараад биширсэн. Түүний дурсамжийн атмосферыг мэдрүүлэхээр замчилж буй нь гайхалтай. Нэг л өдөр миний хүүхэд тэвэрт маань багтахааргүй том болно гэж бодохоос би цөхөрч байсан. Жинхэнэ гайхалтай кино. Тэр бол маш авьяастай эмэгтэй.