ПАРАЛЛЕЛЬ ХЭСГҮҮД

SEMAINE DE LA CRITIQUE (Шүүмжлэгчдийн долоо хоног)

Францын кино шүүмжлэгчдийн холбооноос санаачлан 1962 оноос эхлэн зохион байгуулж буй Шүүмжлэгчдийн долоо хоног нь Каннын кино наадмын бие даасан хэсэг юм. Энэ хэсгийн гол зорилго нь найруулагчдын анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний киног дэмжих явдал ажээ. Энэ хэсгээр дамжин нэр хүндийг олсон олон арван кино найруулагчид гэвэл Бернардо Бертолуччи, Алехандро Гонсалес Иньярриту, Вон Кар-Вай, Жан Эсташ, Отар Иоселиани, Жак Одиар нарыг дурдаж болно.

Шүүмжлэгчдийн долоо хоногийн уралдаант хэсэгт 7 бүрэн хэмжээний кино, 10 богино болон дунд хэмжээний кинонууд шалгаран өрсөлддөг. 

Богино хэмжээний киноны Leica Cine Discovery шагнал

Өвлөх эрхээ хасуулагдсад (Los Desheredados) - Лаура Феррес (Испани)

Франц 4 шагнал

Габриель ба уул (Gabriel e a montanha) - Феллипе Гамарано Барбоса (Португал)

Шүүмжлэгчдийн долоо хоногийн Nespresso дээд шагнал

Макала - Эммануэль Гра (Франц)

QUINZAINE DES RÉALISATEURS (Найруулагчдын хоёр долоо хоног)

1968 оны тавдугаар сарын үйл явдлаас үүдэн Францын найруулагчдын холбооноос 1969 оноос хойш зохион байгуулж ирсэн Каннын кино наадмын бие даасан хэсэг. Найруулагчдын хоёр долоо хоног хөтөлбөрөөр өнөө үед алдар хүндэд хүрсэн олон найруулагчид анхны кинонуудаа толилуулж байв. Тэдгээр найруулагчдын заримаас дурдвал Вернер Херцог, Мартин Скорсезе, Райнер Вернер Фассбиндер, Михаэль Ханеке, Жорж Лукас...

Энэ жил Найруулагчдын хоёр долоо хоног хэсэгт 17 бүрэн хэмжээний кино, 10 богино хэмжээний кино сонгогдсон байна. 

Богино хэмжээний киноны Илли шагнал

Женова хот руу буцсан нь - Бенуа Гримальт (Франц)

Europa Cinemas Label шагнал

Чиамбра (A Ciambra) - Жонас Карпиняно (Итали)

SACD шагнал

Гэгээ оруул (Un beau soleil intérieur) - Клер Дени (Франц)

Нэг өдрийн хайр (L'Amant d'un jour) - Филипп Гаррель (Франц)

Art Cinema шагнал

Морьтон (The Rider) - Клоэ Жао (АНУ)

Найруулагчдын хоёр долоо хоногийн дээд шагнал болох энэ Art Cinema шагналын эзнээр Хятад-Америкийн залуу найруулагч бүсгүй Клоэ Жаогийн Морьтон кино тодорсон юм. 

АЛБАН ЁСНЫ СОНГОЛТ

UN CERTAIN REGARD

Каннын кино наадмын уралдаант хэсгээс нэр хүндээрээ удаалах Un Certain Regard буюу тусгай хэсэг нь Апичатпонг Вирасетакул, Йоргос Лантимос, Жафар Панахи, Кристи Пую, Ален Гироди зэрэг шилдэг уран бүтээлчдийг анх нээж байжээ.

Энэ жил Ан Сэртен Регар хэсэгт 18 кино өрсөлдсөн юм.

Шүүгчдийн шагнал

Аврилын охин (Las hijas de Abril) - Мишель Франко

Шилдэг найруулагч

Салхит мөрөн (Wind River) - Тейлор Шеридан

Шилдэг найраглаг хүүрнэлийн шагнал 

Барбара - Матьё Амальрик (Франц)

Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал

Жасмин Тринка

Аз (Fortunata) - Сержо Кастеллито (Итали)

Ан Сэртен Регар дээд шагнал

Шударга эр (Lerd) - Мохаммад Расулоф (Иран)

УРАЛДААНТ ХЭСЭГ

Энэ жилийн албан ёсны уралдаант хэсэгт 19 бүтээл шалгаран өрсөлдсөн байна. Уралдаант хэсгийн ерөнхий шүүгч Испанийн кино найруулагч Педро Альмодовар байсан бол шүүгчдийн бүрэлдэхүүнд Марен Адэ, Паоло Соррентино, Жессика Честейн, Пак Чан-Ук, Фан Бинбин, Уилл Смит нарын уран бүтээлчид багтжээ.

Каннын кино наадмын уралдаант хэсгийн шагнал гардуулах ёслол, мөн нээлт, хаалтын ёслолыг Моника Беллуччи хөтөлсөн юм.

Богино хэмжээний киноны Алтан далдуу навч

Намуун үдэш (Xiao cheng er yue) - Чиу Ян (Хятад)

Caméra d’Or (Алтан камер)

Залуу бүсгүй (Jeune femme) - Леонор Серраи (Франц)

Алтан камерийн шагнал нь Найруулагчдын хоёр долоо хоногт сонгогдсон кинонуудаас гадна Каннын кино наадмын уралдаант хэсэг, Ан Сэртен Регар, шүүмжлэгчдийн долоо хоног гэсэн хэсгүүдэд шалгарсан тухайн найруулагчийн анхны бүрэн хэмжээний кинонд олгогддог юм.

Шилдэг зохиол

Ариун бугыг хороосон нь (The Killing of a Sacred Deer) - Йоргос Лантимос (Грек)

Чи энд хэзээ ч байгаагүй (You Were Really Never Here) - Линн Рэмси (Их Британи)

Шүүгчдийн шагнал

Хайр үгүй (Нелюбовь) - Андрей Звягинцев (ОХУ)

Дээд шагнал хүртэнэ гэж олонх шүүмжлэгчид итгэж байсан энэ кинонд салах гэж буй хосын хэрүүлийн үеэр хүү нь алга болж буй тухай өгүүлдэг. 2014 онд Каннд өрсөлдсөн Левиафан киноноосоо болж Оросын засгийн газрынханд чичлүүлсэн Звягинцев энэ киногоо бүтээхдээ зорьсондоо хүрч Оросын төсвөөс ямар ч тусламж авалгүй хийсэн байна.

Шилдэг эмэгтэй жүжигчин

Диане Крюгер

Замхрал (In the Fade) - Фатих Акин (Герман)

Герман-Америкийн жүжигчин Диане Крюгер энэ кинонд нөхөр, хүүгээ Неонацистуудад алуулсан эмэгтэйн дүрийг бүтээдэг. Дашрамд хэлэхэд энэ киноны найруулагч Фатих Акин энэ жилийн Алтан Хальс Индепендент кино наадмын албан ёсны зочин юм.

Шилдэг эрэгтэй жүжигчин

Хоакин Феникс

Чи энд хэзээ ч байгаагүй (You Were Really Never Here) - Линн Рэмси (Их Британи)

Шилдэг найруулагч

Софиа Коппола

Мэхлэгдсэн нь (The Beguiled)

Софиа Коппола ийнхүү Каннаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн ердөө 2 дахь эмэгтэй болж байгаа юм (Өмнө нь 1961 онд Юлия Солнцева Нарших он цагийн хэлхээ киногоороо хүртэж байв). Тэрээр Оскарт шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшиж байсан анхны эмэгтэй болж байсныг та бүхэн мэднэ. Гэхдээ Софиа Коппола 2006 онд Мари Антуанетт киногоороо Каннд өрсөлдөхөд үзэгчид киноны үеэр дургүйцлээ илэрхийлэн хашхичиж байсан гэдэг.

Гран при

Минутад 120 цохилт (120 battements par minute) - Робен Кампийо

Энэ бол кино наадмын турш дээд шагнал хүртэнэ хэмээн кино шүүмжлэгчдийн ам уралдан ярилцаж байсан цөөн киноны нэг юм. Уг бүтээл мөн бие даасан FIBRESCI (Олон улсын шүүмжлэгчдийн холбооны шагнал) шагнал болон Queer Palm (Каннын кино наадамд ижил хүйстний сэдэв хөндсөн хамгийн шилдэг бүтээлд олгодог шагнал)-ыг хүртсэн юм.

70 жилийн ойн шагнал

Николь Кидман

Энэ жилийн Каннд Николь Кидманы тоглосон 3 кино, 1 телевизийн цуврал нээлтээ хийсэн юм. Кидман хэлэхдээ "Би одоо ч карьераа эхлүүлэх гэж яваа 21 настан шиг жүжиглэх гэж хичээдэг." хэмээсэн байна.

Дээд шагнал - Алтан далдуу навч

Дөрвөлжин (The Square) - Рубен Эстлунд (Швед)

Ийнхүү урлагийн ертөнцийг егөөдсөн энэ бүтээл Каннын кино наадмын дээд шагналыг өвөртөлсөн нь шүүмжлэгчид, үзэгчдийн хувьд сюрприз болж чадсан юм.