40 нас хүрээгүй Жордан Пил өөрөө зохиолыг нь бичиж өөрөө найруулсан анхны киногоо энэ оны нэгдүгээр сарын 24-нд Сандэнс кино наадамд толилуулсан бөгөөд сарын дараа бусад кино театруудад гарч эхэлсэн байна. 4,5 сая ам.долларын төсвөөр бүтсэн тус бүтээл маань 206,5 сая ам.долларын ашиг орлого олсон байгаа юм. 103 минут үргэлжлэх кино маань америк маягийн хошигнол шингэсэн аймшгийн кино. Ер нь кино зохиолч, найруулагчийн хувьд олон ТВ шоу, хошин хөтөлбөрүүд, кинонд туслах дүрүүд бүтээж байсан нөхөр. Ийм хүнээс ийм зэвүүн санаа цухалзана гэж ер бодоогүй байтал ийм л юм болчихлоо хэхэ.

Крис Вашингтон (Дэниэл Калуя) гэх хар арьст залуу цагаан арьст найз бүсгүй Роүс Армитэж (Аллисон Уилльямс)-ын гэр бүлийнхэнтэй танилцахаар гэрт нь зочилно. Роүсийн аав тархины мэс засалч, ээж нь сэтгэл зүйч бөгөөд ер нь тэдний удам элит гаралтай гэж хэлж болно. Арьс өнгөөр ялгаварладаггүй найрсаг гэр бүлийнхэнд ямар нэг сонин зүйл болоод байгааг ажигласан Крис найз Роб (Лил Рел Хауэри)-д хэлнэ. Ингээд л эхэлнэ шүү дээ.

Киноноос цагаан арьст хүмүүс өөрсдийгөө харуудаас илүү, зиндаа дээгүүр гэж үзэх ч хар арьстнуудад байдаг зарим бие физиологийн давуу талуудыг хүсдэг шүү дээ гэсэн санаа. Түүнийг нь гипноз ашиглан булаан авах гэсэн хүслээр дамжуулан харууд бид цагаан арьстнууд та нараас илүү шүү гэж егөөдсөн нь энэ киног аймшгийн хэрнээ хошин болгож байгаа юм. Юутай ч анхны киногоороо тун сайн эхлэл тавьж кино найруулагч гэсэн гуншин зүүх эрхтэй болсон Жордан Пилийн дараагийн кинонуудыг нь хүлээх болно гэдгээ хэлмээр байна.