Хэн нэгнийг хүлээх хоосон байшин шиг

Хаалга онгойлгоход чөлөөлөгдөх юм шиг 

Нэг л өдөр миний хүсэл биелнэ

Яг л сүнс шиг чимээгүй ирсэн 

Тэр залуу 

Энэ хорионоос минь гаргана 

Эргэлзээ тээнэгэлзлэлийг ардаа орхиод 

Шинэ хувь заяагаа олтлоо түүнийг дагана

                Эзгүй айлаар тэнүүчлэх залуу, нөхрийнхөө хэрцгий дарамт дунд чимээгүй амьдрах эмэгтэй, түүний нөхөр гурвын харилцаа хаана огтлолцож хаана зөрж байгааг Ким Ки Дук “Эзэнгүй айл” киногоороо харуулдаг.  Хэн нэгэнтэй ярилцана гэдэг өөрийнхөө ертөнцийг өрөөлийнхтэй хутгаад, түүн дотроос өөрийгөө зугаацуулж, эсвэл зөвтгөх шалтгааныг хайхын нэр, эсрэгээрээ дуугаа хураах нь харилцагчийнхаа ертөнцөд өөрийн гараар бүтээсэн шатаараа дамжин нэвтрэхийг хэлдэг гэж би боддог.  Хамгийн энгийн, нандин бүхэн бидэнд үгээр биш мэдрэмжээр дамжин ирдэг. Кинонд гарах дүр бүр хоорондоо хэл яриагаар ойлголцохыг  оролдох ч гол дүрийн хоёр шиг ойлголцож чаддаггүй. Хүмүүсийн харилцаа, бие биендээ хандаж байгаа хандлага нь бохир хийгээд худал хуурмагаар дүүрэн мэт. Хэн нэгэнд ойлгогдохыг хүсэх нь хэврэгхэн сэтгэлээ гаргаж аваад барьж авна гэдэгт найдаад хэн нэгэн рүү шидэж орхихоос ялгаагүй мэт. Харин Тэсук, Сунва хоёрын хувьд эхнээсээ батлах, тайлбарлах зүйл байсангүй. Магадгүй тэр хоёрын хоорондох чимээгүй дурлал, ойлголцол үгний мэсэнд үгүй болох байсан байх. 

       Эхнэрээ зодож зандрах, хардаж харамласандаа гэртээ хорих Минг Юуг буруутгахыг хичээсэн ч чадаагүй. Авч чадаагүй хайр, согтуурах донгоосоо л болж тэр ийм байдалд хүрсэн. Энэ байдлаасаа л гарахаар тэр өөрийнхөөрөө хичээж яваа. Хэдийгээр Минг Юугийн эхнэртээ хандах хандлага нь хүчирхийлэл, дарамтаас өөр юу ч биш түүнийг хайр энэрэлгүй араатан гэж хэлэх эрх бидэнд бий гэж үү.

              Уясан уяанаасаа тасарсан бөмбөгөнд цохиулж нас барсан эмэгтэй рүү Тэсук, Сунва хоёр алгуурхнаар дөхөж очиж байгаа хэсэг, дараа нь уйлж суугаа Тэсукийг аргадах Сунвагийн хэсэг тэр хоёр хэрхэн бие биенийхээ аврагч болж байгааг харуулсан мэт. Энэ үед тэрхүү үхэл бус харин гол дүрийн хоёрын хооронд буй болох дотносол л үзэгчийн анхаарлыг татна. Гэртээ нас барсан өвгөнийг оршуулж, гэрийг нь цэвэрлэснийхээ төлөө хүн амины хэрэгт гүтгэгдэж, хэрцгийгээр дээрэлхүүлж доромжлуулсан ч чимээгүй суух Тэсукийг хүний тэсвэр тэвчээрийн эцэс гэмээр. Шоронд байх хугацаандаа тэрээр бусдад анзаарагдахгүй өд мэт чимээгүй хөдөлж явах эрдэмд суралцдаг. Эцэстээ өөрийг нь барьж өгсөн сүүдрээсээ ч ангижирдаг. Энэ нь бодит байдал дээр байх боломжгүй, хүний хүчин чадлаас хальсан үзэгдэл хэдий ч өөрийг нь дарж байсан шунал хүсэл, уур уцаараас бүрэн ангижирч чадсан болохоор Тэсук оршихуйн хамгийн хөнгөн хийгээд тэнгэрлэг хэлбэрийг олсон байх. 

        Гол дүрийн гурвын хүсэл мөрөөдөл яг нэг цэг дээр биеллээ олж байгааг Сунва нөхрөө тэврээд Тэсукийг үнсэх тэр үзэгдлээс олж харж болно. Тэр гурав эцэстээ хэн хүний хүрч чадахааргүй тийм ойлголцолд хүрчихсэн учраас л хамт нэг дээвэр дор амьдарч чадаж байгаа байх. Анхнаасаа л Тэсук гэдэг хүн Сунвагийн дотор үүссэн нууцхан хүсэл, эрх чөлөөнийх нь илэрхийлэл байсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Цаашлаад Тэсук Сунва хоёрын дунд орших хайр нөхрийнх нь хүсэл мөрөөдлийн тусгал байсан ч байж магад. 

              Хүнд бусдын гэхээс илүүтэйгээр өөрийнхөө мэдэрч буй зүйлийг хойш нь тавиад холоос харах чадвар  байдаг уу? Xайр хүсэл, үзэн ядалт, мөрөөдөл оршин тогтнох тэр тэнхлэгээс гажих хүч чадал байдаг уу? Хэрэв тийм бол тэндээс л бүх зүйл хүний мэдрэмж, дурсамж, төсөөлөлд бохирдоогүй мөн чанараараа харагддаг уу? гэх асуултыг найруулагч гаргаж ирэхийг хүссэн байх. Угаас л Ким Ки Дукийн хүүрнэх түүх зохиол дэлгэн харуулдаг үйл явдал нь угтаа ямар нэгэн үзэл санааны тулгалт биш тухайн зүйлийн мөн чанарын талаарх асуултыг асууж байдаг хойно. Аль талаас нь яаж хараад  ямар дүгнэлт хийхийг үзэгчдэд нээлттэй орхидог болохоор Ки Дукийн кинонууд бусдаас илүү ой санаанд тод үлддэг байх. 

                                                  Бидний амьдарч буй ертөнц зүүд үү, бодит байдал уу гэдгийг хэлэхэд хэцүү.

                                                                                                                                                             - Ким Ки Дук