Sight & Sound 2012 онд бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтаа гаргахад Мизогүчигийн бүтээлүүдээс аль нь ч магнай хэсэгт бичигдээгүй нь олныг гайхшруулсан юм. Гэтэл түүний нутаг нэгтнүүд болох Озүгийн “Токиогийн тууж” 3-т, “Хаврын сүүл сар” нь 15-д, Күросавагийн “7 Самурай” 17-д, “Рашомон” 26-д тус тус бичигджээ. Харин Мизогүчигийн “Үгэцү” харьцангуй хойгуур буюу 50-д жагссан юм. Кэнжигийн уран бүтээлүүд шүүмжлэгчдийн хувьд сүр жавхлангаа алдсан нь харамсмаар ч, миний хувьд Мизогүчи бол зөвхөн Японы нэг чадварлаг найруулагч төдийхөн бус дэлхийд данстай нэгэн билээ. Түүний хийсэн бүтээсэн бүтээлүүдийн чанар чансаа үүнийг батална.

Амгалан тайван мэт харагдах ч дотроо уур хилэн харууслаар булгилж байдаг Озүгийн дотоод ертөнцийг үгүйсгэх гэсэнгүй. Тэр Японы өр өвтгөм хатуу чанга, ёс заншлын шүүмжлэгч байсан бөгөөд уран бүтээл нь глобал гэхээсээ илүү орон нутгийн шинжтэй байв. Озүгийн зураг авалтууд Николас Рэйгийнхтэй нэгэн адил гэнэтийн илэрхийлэмж бүхий өнцгүүдэд зориудаар хайрцаглагдсан байдаг.

Озүгийн өөртөө тавьдаг эдгээр хязгаарлалтууд нь хэлбэрийг шүтдэг байсан тухайн үед хэтэрхий баригдмал хэмээн тодорхойлогддог байсан бол Күросава харин эсрэгээрээ тэсрэлтийг дэлгэцэд үзүүлж чаддаг байв. Зөвхөн түүний сонгосон жүжигчид л тухайн үеийнхээ хамгийн эрч хүчтэй, галзуу жүжиглэлтүүдийг үзүүлдэг байлаа. Тэр Японы Жон Хюстон биш юм аа гэхэд Элиа Казан нь байсан. Аль ч талаараа Күросава, Мизогүчи эсвэл Озүтай төстэй байсангүй.

Үгэцүгийн домог (1953)

Мизогүчи бол өөрийн гэсэн өвөрмөц хэмжээ хязгаар, эсрэг тэсрэг туйлтай уран бүтээлч, хамгийн эрс бөгөөд эрмэг байдлаар улс төрийг шүүмжилж чаддаг найруулагчдын нэг билээ. Тэрээр үл засрах тэгш бус байдлыг тодотгохын тулд Японы соёл, улс төрийн түүхийг гүнзгий судалдаг, орчин үеийн Японы нийгмийг ч няхуур ажиглаж, энгийн хүмүүсийн амьдралыг эмгэнэл рүү түлхдэг ёс зүйн дарамтыг нь мэддэг нэгэн байв. Тэр эдгээр ёс заншлыг юу юунаас илүүтэй сонирхдог, нягт нямбай судалдаг бас тэдгээртэй үл эвлэрдэг байв. Японы нийгэм дэх хамгийн сэтгэл өвтгөсөн зүйл бол эмэгтэйчүүдийн эсрэг өршөөлгүй дарлал билээ.

Тэгвэл Мизүгочигийн бараг бүх л киноны төвд нь эмэгтэй хүн байдаг байв. Ингэхдээ зүгээр нэг орших бус мөн чанар нь болж байдаг. Мизүгочи улс төрийн доройтол нь хувь хүний ёс суртахууны доройтлоос тусдаа ойлголт биш, бие биетэйгээ салшгүй холбоотой гэж үздэг байсан бөгөөд үүндээ ч яв цав таарсан хэв маягийг бий болгосон юм. Тэр ард олны амьдралыг харуулж болох бүх л өнцгөөс томруулдаг шилээр харж буй мэтээр дэлгэн тавьдаг, эргэн тойрон дахь чимээгүй тарчлаан, орь дуу, нандин харилцаа холбоо ба тэдгээрийн улс төр, нийгэмтэй холбогдох нарийн утсыг олж хөндөж чаддаг авьяастай байлаа.

Хүний хайр сэтгэл хийгээд гэр бүлийн ёс жудаг хэрхэн бие биедээ нөлөөлдөг, энэ нөлөөллийн дундах өчүүхэн завсар зайнд гэрэлтэх аз жаргалыг түүний аль ч киноноос харж болно. Мизогүчигийн дуранд хахир хатуу дарангуйллын дороос гудамж руу, үхэл амлах эрх чөлөө рүү гүйж буй эмэгтэйчүүд мөн баян чинээлэг эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсох доод давхаргын гэр бүлийн тэмцэл ямар нэгэн хэтрүүлэггүйгээр буудаг.   

Тэр огцом эргэлт, дээш доош, эсвэл ийш тийш тэнэн хэсүүчлэх камерын хөдөлгөөнөөр бүтсэн удаан зураг авалтуудаараа л сэтгэл хөдөлгөсөн тэр мөчүүдийг ард нь өрнөх үймээн шуугиан дундаас тодотгон гаргаж ирдэг байв. Кино урлагийн зах зээлд Мизогүчигийн бүтээлүүд төдий л түгээгүйн нэг шалтгаан нь түүний ертөнцийг харах нягт нарийн, төвөгтэй хэрнээ уужим үзэл сурталтай холбоотой болов уу.

47 ронин (1941)

47 ронин (1941)

Түүний “Гандуу удвал цэцгийн тууж” киног би хувьдаа кино түүхэн дэх хамгийн гайхамшигт төсөөллөөр бүтсэн уран сэтгэмжийн дэлбэрэлт гэж үздэг. Түүний дараа 1941 онд Мизогүчиги 18-р зууны алдарт 47 ронин самурайн түүхийг дөрвөн цаг гаруй үргэлжлэх дэлгэцийн бүтээл болгосноороо өөрийнхөө бүтээсэн өндөрлөгийг дахин эвдэж чадсан билээ. “47 ронин” бол маргаангүй бүх цаг үеийн хамгийн шилдэг улс төрийн сэдэвт кинонуудын нэг бөгөөд Асано ноёнтон хахууль авахаас татгалзсаныхаа хариуд харакири хийхээс өөр аргагүйд хүрдэг ч түүний үнэнч самурай нар ронин болж эзнийхээ өшөөг авж байгааг харуулдаг. Cамурай нар xахуульд идэгдсэн эрх мэдэлтнүүд, шударга бус байдлаас өшөө авахын хажуугаар хэрхэн нэр хүнд, ёс заншлаа хадгалж буйг Мизогүчи л чадварлагаар хальсанд буулгаж чадсан. “47 ронин” тухайн үеийнхээ дайн тулаантай киноны жишигт хүрэхийн тулд Японы дайчдын ёс жудаг, өөрийгөө золиослох зан үйлийг тодотгосон ч үүнээс ч илүүтэйгээр өөрийнхөө үзэл бодлын төлөө тэмцэх тэр тэмцлийн гал цогийг харуулсан юм. Самурайн ертөнцийн цуст тулааны талаар өгүүлэх авч энэхүү өрнөлөө эмэгтэй эрэгтэй хүний огтлолцлоор чиглүүлэн удирдсан нь Мизогүчигийн онцлог юм. Нэг самурай, сүйт бүсгүй хоёрын хайр самурайн мөн чанарт харшлах, таарч тохирохгүй зүйл мэт харагдах авч тэдний хайр дайчин хүний ёс суртахуун, эр зоригоос дутахааргүй адил үнэлэмжтэй гэдгийг уг бүтээл батлан харуулдаг.

“Утамаро ба түүний таван эмэгтэй” дэлгэцийн түүхэн дэх уран бүтээлчийн хамгийн хурц хөрөг болсны сацуу найруулагчийн итгэл үнэмшлийн хамгийн тунгалаг тунхаглал болсон юм. Мизогүчи Японы түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчийн хүсэл шуналыг өөрийн ертөнцдөө амилуулсан билээ. Уг кинонд сонгодог урлагаас биш нийтийн урлагаас (Хүндлэн биширдэг шивээсчид нь ч багтана) арга барилаа олж авсан Утамаро урлахуйн уламжлалыг үл тоомсорлосноор асуудалд орж буй тухай өгүүлдэг. Уран бүтээлийн онгодоо эмэгтэй хүнээс олж авч буй Утамаро зөвхөн тэдний гоо үзэсгэлэнгийн биш хоригдол мэт шударга бус амьдралынх нь гэрч болдог. Цөхрөх үедээ өөрийгөө хөнөөгч уур хилэн дунд бусадтай тогтоосон харилцаа холбоогоо ч сүйтгэж буй эмэгтэйчүүдийн зовлон хийгээд энэхүү үйлийн цаана нуугдах тэр үзэсгэлэн гоо бол зөвхөн Утамарогийн онгод төдий бус Мизогүчигийн ч уран бүтээл юм. Түүний хувьд сүйрэл дундаас төрж буй тэр зүйл л урлаг, уран бүтээл юм.