Ердөө нэг хоногийн өмнө Логан (2017) үзээд орой нь хөгжмийн зохиолч Жон Уильямсийн хөгжмүүдийг сонсоод тун их баяртай явсан би өнөөдөр Франц хэлтэн орнуудын кино наадмын хүрээнд хамгийн эхний үзвэрээр Куржетт хүүгийн амьдрал (My Life as a Zucchini, 2016) зогсолтот хөдөлгөөнт бүтээлтэй учирсан даа тун их баяртай байна. Энэ 7 хоног миний хувьд их сайхан өнгөрч байна гэж хэлж болно. За одоо киноныхоо талаар бичих нь зүй байх.

Швейцарийн кино найруулагч, зохиолч 44 настай Клод Баррагийн хувьд найруулагчаар ажилласан анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь нийтдээ 24 шагналд нэр дэвшсэнээс 9-ийг нь авсан байна. 89 дэх удаагийн Кино Академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд Оскар ахыг авахаа шахсан. Өнөөдрийн үзвэр дээр тус бүтээлийн найруулагч өөрийн биеэр байлцаж үзэгчдийн сонирхсон асуултанд хариулж байсан бөгөөд нийгмийн асуудал, ялангуяа хүүхдийн асуудалд ихээхэн анхаардаг уран бүтээлч болох нь ажиглагдсан юм. Өмнө нь богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд дээр ажиллаж байсан найруулагч маань энэ удаагийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоо 2002 онд хэвлэгдэн нийтэд дэлгэгдсэн Жиль Парис гэх зохиолчийн Куржетт хүүгийн намтар (Autobiographie d'une courgette) номноос сэдэвлэн хийсэн байна.

Киноны ерөнхий агуулга нь есөн настай Куржетт хүү ээжийгээ алдсанаар асрамжийн газар очиж байгаагаар үйл явдал өрнөх болно. Тэнд шинэ найзуудтай болж хэрхэн хамтдаа үнэтэй цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөж хэзээ ч салшгүй найзууд болж байгааг та инээж бас догдолж үзэх боломжтой. Киноны зураг авалт эхлэхээс өмнө кино багийнхан хүүхдийн асрамжийн газар очиж ажилласан юм билээ. Дүрүүдийн дуу оруулах хүүхдүүдийг киноны гол баатруудтай нас чацуутнуудыг сонгож авсан байна. Stop motion төрлийн кино ихээхэн хөдөлмөр шаарддаг бөгөөд 3 секунд бүрт хүүхэлдэйнхээ байрлал, хөдөлгөөнийг өөрчилж амьлуулдаг. Өөр өөрийн гэсэн онцлогтой өхөөрдөм дүрүүдийг гаргахдаа янз бүрийн асуудлаас болж асармжийн газар ирсэн эмгэнэлтэй түүхүүдээр нэгийг бодогдуулж байсны дээр хөгжилтэй диалогууд ч байгаа. Ер нь их хүнд биш ч гэлээ бодит амьдрал дээрх хэцүү асуудлыг хөндөж чадсан сайн бүтээл гэж хэлмээр байна.

Найруулагчийн зүгээс дараагийн бүтээлийн санаа гарч зохиол бичиж эхэлсэн байгаа гэсэн бөгөөд өөрийн амьдралаас сэдэвлэсэн уламжлалт хуучин үе, шинэ үеийн хоорондын зөрчилдөөнийг илэрхийлсэн бүтээл болно гэдгийг хэлсэн юм. За тэгээд та нар минь үзэж сонирхоорой.