(Анхаар: Энэ нийтлэлд киноны үйл явдлыг илчлэх болно.)

Энэ удаагийн Берлиний кино наадам Франц найруулагч Этиенне Комарын найруулсан жазз хөгжмийн томоохон төлөөлөгч, домогт цыган гитарчин Жанго Рейнхардтын тухай “Жанго” киногоор эхэллээ.  Этиенне Комар нь манай үзэгчдийн сайн мэдэх “Хүн ба бурхад”, “Тимбукту” киноны продюсер гэдгийг энд дурдъя.

Жанго багадаа унтаж байхдаа галд өртсөнөөс болж зүүн гарынх нь доод хоёр хуруу нь тэнийхээ больж, ажиллагаагүй болдог. Энэ нь магадгүй “азтай явдал” болж, түүндээ ч гитар хөгжмийг гаргууд сайн эзэмшиж, Жангогийнх хэмээх техник хүртэл төрж, дэлхийн хэмжээний “рок од” болгодог.

 

Тоглолтыг нь үзэхээр Парисын театрт битүү цугласан францчуудыг хүлээлгэн согтуу толгой хээв нэг загасчилж буйгаар кино эхэлнэ. Ардаасаа хүнээр гүйлгүүлж, гуйлгуулан барин концертоо тоглоно. II дайны үе болохоор алдар хүндтэй гитарчинг Германд авч ирэхээр ч яриа хөөрөө явагдана. Мэдээж эхэндээ Жанго үл зөвшөөрөх бөгөөд аргагүйн эрхэнд германчуудаас зугтаж, зүсээ хувирган Австрийн нэгэн жижиг тосгонд амь зогооно. Удалгүй нацистууд ирж ганц хоёр жижиг тоглолт тэдэнд зориулж хийхийн сацуу, холбоотнуудтай хамтран хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулна. Үр дүнд нь ойр хамт нүүдэллэх цыганчуудыг хомроглон хядсан ба тэднийхээ дурсгалд зориулан “Жипси Рекүйм”-аа зохиож, дуулуулж кино төгсдөг.


Миний бодлоор энэ киноны гол дүр нь аль аль талд нөлөө талтай, алдартай сайхан бүсгүй Лүйс де Клерк . Нэг тийм хүчтэй, ухаалаг, бүхнийг зохицуулдаг, “нэн ховор амьтан” гэж улаан номонд бичигдсэн нэг тийм хүн байдаг даа, айн!? Лүйс л бүхнийг зохицуулж, герман ч тэр холбоотныхныг ч тэр эвтэй байлгаж, жижиг сажиг юм амжуулж Жангогийн амийг аварч байгаа болохоос биш Жанго бол зүгээр л гитарыг уйлуулдаг, их зантай, зөрүүд, сайхан гэр бүлтэй, азтай, цагаан гарт цыган. Гэхдээ л дүрүүд дээрээ их сул ажилласан юм шиг ээ.

Юутай ч энэ кино нь маш сайн эвлүүлэг, өнгө дуу засвартай, энгийн таамаглаж болохуйц үйл явдалтай, 20 минутыг нь бараг хасаад хаячихаж ч болохоор, төгсгөл хэсэгт явах рекуйм нь тун өчүүхэн сентиментал болгох байдаг л нэг биопик байлаа. Жанго өөрөө секси сэдэв болохоор хүмүүс ч их үзнэ гэж тооцсон байж болох юм. Яг л өнгөрсөн жилийн Каннаар “Грэйс” нээлтээ хийсэн шиг тийм л явдал боллоо.

Синефил гэхээсээ илүү энгийн үзэгчдийг татахын тулд иймэрхүү маркетингийн ач холбогдолтой зүйлс магадгүй хийдэг ч байж болох юм.

Наадмыг германдаа Жимми Киммел гэж хэлж болох Анке Энгелке хөтөлж, дунд нь янз бүрийн хошигнол хийхийн сацуу үе үе бяцхан бяцхан англиар ярьж ямархуу юм болж байгааг мань мэт шиг “хүн аахтан, дээл заахтан”-тай нөхдөд ерөнхийд нь ойлгуулах жишээний. Мэдээж хэрэг супер дупер VIP зочдод бол синхрон орчуулга явж л байсан л даа. Их гүрний эх хэлний бодлого нэг иймэрхүү. Манайхан шиг ганц хоёр л гадаад хүн харав уу үгүй юу заал дүүрэн монголчууд англиар ярьдгаа бас бодолцож үзмээр… За юутай ч нээлт нэг иймэрхүү боллоо.