67 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадам энэ сарын 9-19-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн кино наадамд нийтдээ 388 кино, “Уралдаант хэсэг“, ”Панорама”, “Форум”, ”Хүүхэд залуус” зэрэг үндсэн хэсгүүдэд хуваагдан хоорондоо өрсөлдөн, үзэгч олны мэлмийг мялааж байна.

Анх 1951 онд зохион байгуулагдаж эхэлсэн Берлиналь буюу Берлиний олон улсын кино наадам нь олон улсын А зэрэглэлийн кино наадам бөгөөд Канн, Оскарын дараагаар Венецитэй урд хойноо орон жагсдаг нэр хүнд бүхий кино наадам юм.
 

Берлиналь нь:

  • Уралдаант хэсэг: Классик, уламжлалт маягийн кинонууд хоорондоо уралддаг хэсэг.
  • Панорама: Инди, арт хаус кинонууд. (Уралдаант, Форум хоёрын дундах гэж ойлгож болно.)
  • Форум: Илүү эксперименталь, авангард талдаа кинонууд.
  • Хүүхэд залуус: 18 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан кинонууд.
     

гэсэн үндсэн уралдааны хэсгүүдтэй бөгөөд ретроспектив, хоолны кино, шинэ герман кино гэх мэтчлэнгийн олон үзвэрийн хэсгүүдтэй.

Европын кино зах, Дэлхийн кино сан, Берлиналийн залуу авъяастнууд зэрэг зэрэгцээ хөтөлбөрүүд нь салбарын мэргэжилтнүүдийн дунд нэр хүнд бүхий арга хэмжээнүүд бөгөөд энэ бүгдийг удирдан зохион байгуулагч гол хүн болох Диертер Кослик сүүлийн 17 жил Берлиналийн захирлаар ажиллаж байна.

Гёте институт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын урилгаар “Алтан хальс“ холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат миний бие соёлын солилцооны “Зочдын хөтөлбөр”-т сонгогдон шалгарсан бөгөөд Берлиналийн тухай цуврал блог тэмдэглэлийг үүгээр эхлүүлж байна.