Кино гарсны дараах хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн санал сэтгэгдлийг дотроо бодож л суулаа. Артхаус чиглэлийн уран бүтээлүүдэд шүүлт хийгддэггүй нь баярлууштай хэрэг.

Чухам кино ямар мэдрэмжийг тухайн хувь хүн бүрт өгч байна гэдэг хувь хүнээсээ л хамаарч буй. Мэдээж киноны тухайд гэвэл маш хөгжөөнтэй шог ч гэсэн хүнд романс гэдэг нь тодорхой төдийгүй найруулагчийн зүгээс зарим сценээ үзэгчдэд анхааруулах гэсэн маш их оролдлого илэрч байлаа. Ингэхэд кино хаана эхлээд хаана төгсчхөв өө? Асуултын хариулт бол гол дүрийн залуу харшид бүртгүүлснээр эхэлж ойн гүнд ахлах эмэгтэйг нойрсуулснаар дууссан болов уу?

Уг кино маш ээдрээтэй хүүрнэл болоод дүрүүдийн тун тодоор илрэх өөрсдийн үнэ цэнээр бахдан шагширч үзэгчдийнхээ сэрэл мэдрэмжээр наадаж орхив.

Ла ла ландаас илүү романтик байлаа хэмээн дотроос хэн нэгэн хашгирч байв. Яагаад Ла ла ландаас илүү романтик вэ гэхээр Ла ла ландыг үзэж байхад пөөх, давгүй шүү гэсэн хэсэг гарч ирэх нь үү хэмээн хүлээсэн ч тийм хэсэг гарч ирээгүй. Нэг хэвийн байдалтай урссаар нэг л мэдэхэд киноны арын албаныхны нэрс доош урсаж байсан. Харин "Хавч" эсрэгээрээ яах гээд байгаа нь эргэлзээтэй одоо яах бол гэсэн битүү айдсыг үргэлж хөндөж байлаа.

Кино урлаг гэдэг үзэгч бүр өөр өөрсдийнхөөрөө харж тал бүрээс нь дүгнэх боломжийг үргэлж олгодог нь ямар их эрх, эрх чөлөө, дотоод ертөнцийн илрэл вэ?