Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.

Үзээд суухад инээд хүргээд зугаатай ч тавгүйтүүлнэ, дээр нь олон юм бодуулна. Бараан комеди л ингэж нэг дор хөгжилтэй бас нухацтай байж чаддаг.

Өнөөдөр танхим дүүрчээ.

- Кино үзээд зүрх дэлсэж, гар чинь салгалж үзсэн үү?

- Тийм. “Хавч”-ыг үзээд тэглээ.

Нэг мөрөөдөгчөөс ийн асуусан бол тэр лав ингэж хариулах байсан. Яагаад гэвэл тэр өнөөдөр “Миний зүрх савлаж, гар салгалж байна” гэж хэлсэн.

Гутлын хэмжээ 44 юм уу 45. 44.5 гэж байхгүй. Ижил хүйстэн эсвэл эсрэг хүйстэн. Бисекс гэж байхгүй. Кинон дээр гарах нийгэм ингэж хоёр туйлд хуваагдсаныг жижиг сажиг зүйл дээр ч давхар харуулж асныг Ub.life-ийн сэтгүүлч бүсгүй гярхай олж харсан байв. Хар, цагаан. Саарал өнгө үгүй. Алинд нь ч багтахгүй саарал хүмүүс яах болж байна. Хар, цагааны л дүрмээр тоглох харгис биш гэж үү.

Нэг бодлын үзэгч Батдаваагийн хэлснээр ердийн нэг романтик түүх бус “dark romance” боловч бас ч үгүй өөдрөг үзэл цухалзана. Хүний сэтгэл хөдлөлийг дарж, хэчнээн хатуу дүрэм журам тогтоолоо ч “хайр” оршсоор байна гэдгийг тунхаглах мэт. Гэвч тэр “хайр” гэгч хувь хүний өөрийгөө гэсэн аминч үзлээс давж чадах уу гэдэг асуулт хэвээр үлдэнэ. Киноны төгсгөл ч хариулт өгөх гэсэнгүй.

Манай байнгын үзэгч Жаргалт хайр дурлалыг хиймлээр хүчээр бий болгох боломжгүй, дүр эсгэсэн ч тэндээс жаргал олдохгүй гэдгийг харуулсан, нийгмийг шүүмжилсэн кино гэв. Кино яаж дуусах нь хамаагүй, гол дүрийн залуу нүдээ сохлох гэж оролдож буй нь л надад хангалттай хэмээв.

Хосууд ямар нэг юмаараа заавал адил байх ёстой. Ганц бие хүн 45 хоногийн дотор хосоо олохгүй бол амьтан болж хувирна. Хүүхэд бол гэр бүлийг бат бөх болгох хэрэгсэл. Энэ мэт дүрэм журам нь манай нийгмийн бас нэг тусгал - залуусыг хүүхэд гаргаж хүнтэй суухыг шаарддагтай адил санагдана. Гэтэл ойд буй ганцаар явахыг тунхаглаж буй улс бол хайр дурлалд итгэдэггүй орчин үеийг егөөдсөн мэт. Буудалд уянгын дуу цангинаж цэнгээнт бүжиг эргэх бол, ойд буй хэд чихэвч зүүгээд ганц ганцаараа электрон хөгжимд савна. Шинэ хуучны сөргөлдөөнийг ч харж болох мэт. Олон хүн хоёр туйлд хуваагдсан нийгэм, аливаа туйлшрал аюултай гэдгийг харлаа гэцгээв.

Киноны хийцийн тухайд манай бас нэг үзэгч киног байгалийн гэрэлд авсан нь, мөн хөгжим нь киноны өнгө аясыг бараан болгожээ хэмээв. “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр өмнө нь гаргаж байсан Шулам кино мөн байгалийн гэрэлд зургийг нь авснаар түгшүүрт мэдрэмж бий болгосон гэлээ. Дашрамд дурдахад найруулагч Лантимос өмнөх кинонууддаа хөгжим бараг ашиглаагүй, хөгжим оруулахыг төдийлөн таашаадаггүй хэмээн нэг ярилцлагандаа дурдсан байв. Харин “Хавч”-д хөгжим ашиглахаар шийдсэн аж. Чингэхдээ тухайн сценийн үйл явдлыг тодотгосон хөгжмийн оронд эсрэгээрээ үйл явдлаас тэс өөр хөгжим ашиглахыг зорьжээ.

“Бид бодож санаснаа зөөлрүүлэлгүй шууд хэлдэг бол яах вэ?” гэх бас нэг үзэгч Солонгын сонирхолтой өнцөг. “Хавч” киноны дүрүүд юу мэдэрч буйгаа шулуухан хэлчихдэг. Бид тийм ний нуугүй байж чаддаггүй. Тийм байх боломжтой юу?  

Дүрмийг сохроор дагагч, дүрмийг тогтоогч нар хэн бэ? Хүний амьдралд нийгмээс ирэх дарамт... Ганцаардлаас гарах, амь гарахын тулд хүмүүс юуг золиосолдог вэ? Асуулт хөвөрнө.

Ямар ч байсан уг сонирхолтой найруулагчийн өмнө нь хийж байсан, хожим хийх бүтээлүүдийг үзмээр санагдлаа. Тэрбээр одоо “Ариун бугыг хөнөөсөн нь” (The Killing of a Sacred Deer) гэх кинон дээр Колин Фаррелтай мөн хамтран ажиллаж байгаа юм байна.