Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.

“Мөрөөдөгчдийн өдөр”-өөр Алтан хальсын хамт олон аль болох олон орны бүтээлийг гаргахыг зорьж буй. Энэ удаагийн үзвэр Мавритан улсын кино байсан нь содон байлаа.

Киног орчуулсан Доржпалам уг кино болон найруулагчийн талаар сонирхолтой мэдээлэл хуваалцсаныг хүргэе. Тимбукту киноны найруулагч Абдеррахман Сиссако бол Мавританд төрсөн Малид өссөн хүн. 1980-аад онд ЗХУ-ын С.Герасимовын нэрэмжит Бүх Оросын Кино Урлагийн институтэд суралцаж төгсөөд 1990-ээд оноос хойш арав гаруй кино хийснээс хүмүүст хамгийн их хүрч, олон улсад танигдсан нь “Тимбукту”. Дашрамд дурдахад эл сургуульд “Хүй”, “Монголын дуу”, “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” зэрэг бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон Сахьяагийн Бямба найруулагч бас сурчээ.

Эл киног 2012 онд Мали улсын Тимбукту хотыг мусульман босогчид эзэлж авсан үеийн үйл явдлаас санаа аван бүтээсэн боловч энэ бол уран сайхны кино гэдгийг санан бодит үйл явдал ийм байсан хэмээн хялбарчилж ойлговол өрөөсгөл болох мэт санагдав. Та бид хэвлэл мэдээллээс ислам шашны хэт үзэлтнүүдийн талаар элдвийг сонсдог, ташаа ойлголттой хоцордог. Жихад гэдгийг “ариун дайн” гэж ойлгох нь элбэг хэмээгээд Алтан хальсын гишүүн Мөнхнаран “Жихад гэдэг нь тэмцэх гэсэн үг. Уг тэмцлийг Исламын шашинтай мусульман хүн бүр хийх боломжтой. Тэмцэх гэдэг нь буруу номтны эсрэг дайн дажин хийх бус хувь хүн өөрийнхөө буруу үйлдэлтэй тэмцэх, мацаг барих ч байж болно. Тиймээс жихад гэдгийг зөвөөр ойлгоорой. Энэ бол ариун дайн биш шүү…” гэж онцлов.

Кинонд дуу хөгжим сонсох, хөл бөмбөг тоглох, тамхи татах, эмэгтэйчүүд хөл гар нүцгэн явахыг хориглож, зөрчсөнийг нь гашуунаар шийтгэх авч жихад хийж буй хүмүүс нь тогтоосон дүрмээ өөрсдөө зөрчиж буйг харуулах аж. Уг киноны гол дүр элсэн цөлд мал адгуулан амь зуух Туарег гэр бүл бол нүүдэлчин улс бөгөөд ахуй амьдрал нь зарим талаар монголчуудыг санагдуулж буйг манай хөтлөгч Батзориг дурдав.

Кинонд хэд хэдэн симбол байдгийн нэг нь ЖПС нэрт үхэр аж. ЖПС бол зүг чиг заах үүрэгтэй багаж. Харин өнөөх үхэр үхсэн нь эл хотын ард иргэд бас зүг чигээ алдаж, хэнд итгэх, юу хийхээ мэдэхээ больж буйг илтгэсэн хэмээн орчуулагч маань өгүүлэв.

“Мөрөөдөгчдийн өдөр”-т шинээр ирсэн үзэгч цөөнгүй байсан бөгөөд зарим нэг нь сэтгэгдлээ ийн хуваалцлаа. 

Малчин хүү 7 үхрээ 40 болгон төсөөлж байсан хэсэг (40 бол хүний амь ч аварч мэдэх тоо), галзуу эмэгтэй ганцаараа эрүүлээр сэтгэж байх мэт санагдсан хэсэг, жихад хийж буй нэгэн эр чин сэтгэлээсээ бүжиглэж буй нь мань хүн ч бас хүнлэг гэдгийг харуулсан хэмээн үзэгчид янз бүрээр сэтгэгдлээ хэлэв. Алаг өнгөт хувцсаар гоёсон зоримог бүсгүйг галзуу гэж болохгүй гэх хүн ч байв. Алтан хальсын гишүүн Саран "Африкийн олон газарт манай бөөтэй төстэй уламжлал байдаг. Тухайн тосгоны бөө/шулам нь эмч, зөнч гэх мэт үүрэг гүйцэтгэдэг чухал хүн байдаг. Тиймдээ ч жихадистууд хамаагүй дайрч чадахгүй байна гэж таамагласан. Хэдий исламын хувьд буруу номтон боловч уламжлал дагуу бүх хүмүүсийн ой санаанд халдашгүй хүчтэй хүн гэсэн эмээх зүйл байдаг гэж ойлголоо. Нөгөө талаар киноны, нүүдэлчин амьдралын, хөгжим бүжгээр амьсгалсан хүмүүсийн эрх дураараа, омголон, цаанаа л күүл тэр мэдрэмжийн бас нэг илэрхийлэл нь санагдсан..." хэмээн сэтгэгдлээ онлайнаар хуваалцлаа.

Үзвэрийн дараа бас нэгэн үзэгч киноны хөгжим, зураглал сэтгэлд хүрснийг онцолж, дуулж буй хэлийг нь ойлгодог болоосой хэмээв. Дуу дуулсныхаа төлөө шийтгэл хүлээж буй бүсгүй бол мали дуучин Фатумата Диавара бөгөөд өөрийн зохиосон дуугаа дуулж буй нь тэр. Ингээд үзэгчийн хүсэлтээр “Timbuktu Fasso” дууны үгийг чадан ядан орчуулсныг болгооно уу.

ЭНЭ БОЛ МИНИЙ НУТАГ

Энэ бол Тимбукту, миний төрсөн нутаг

Хөөрхий үрсийн минь гаслант дуу

Хар муугаас болж хадах юм, яалтай…

Энэ бол миний төрсөн нутаг, Малигийн Тимбукту

 

Хайр энэрлийн орон

Халуун сэтгэлийн өлгий

Сайн бүхний эхлэл

Саар бүхнээс ангид байгаагүйсэн бил үү…

 

Яагаад бид уйлна вэ?

Яагаад хүүхэд цурхирна вэ?

Залуус юунд гуньхарна вэ?

 

Шударга үнэн үгүй болж

Шаналал зүдгүүр ул болж

Ирээдүйд сүүдрээ тусгажээ…

Энэ миний төрсөн нутаг юмсан

 

Юу ч болсон шүд зууна, бид уйлахгүй

Ямар ч шуурганд Тимбукту хийсэхгүй, бат зогсоно