Мексик найруулагч Диего Кемада-Диесийн “Бид хүмүүсийг харанхуй өрөөнд оруулаад зөвхөн өөрсдийн сонгосон зүйлсээ л үзүүлж болдог. Ийм харгис урлаг учраас киног зөвтгөх ганц зүйл бол найраглаг шинж чанар буюу хүн хүнээ гэх сэтгэлийг өрдөх явдал юм…”[1] хэмээх үг толгойд харван орж ирэв. Өнөөдрийн кино чухам ийм кино байлаа.

Солонгосын найруулагч Жан Чул-сугийн "Зүдгүүр" киног үзнэ гэдэг сайн дураараа өөрийгөө тамлаж, тухтай үүрнээсээ үсэрч гараад хэцүү үнэнтэй тулгарах шиг юм. Трэйлэрийг нь хараад үзмээргүй санагдсан ч орчуулагчийн сонголтод итгэж байсан тул үзсэн билээ. Тэгээд ч би алдсангүй. Өөрийн бодлыг түр хойш тавиад хэлэлцүүлэг чухам хэрхэн өрнөснийг өгүүлсү.

Киног орчуулсан Ж.Тэгшзаяа ази тэр дундаа солонгос триллерийн өрнийхөөс ялгаатай зүйл нь дан ганц учир утгагүй яргалал бус хүнлэг сэтгэлийг, тухайн хүн яагаад харгислал үйлдэж буй учир шалтгааныг харуулдгаараа онцлог, тиймээс ч үзэгч гол дүрийг буруутгах бус өрөвддөг хэмээн онцолсон юм. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр хэчнээн бөх ч үр хүүхдээ хамгаалах дээр тулбал хязгаартаа тулж араатан мэт болдог гэсэн нь ч үнэний ортой санагдаж нарсанд буй эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь ийм тавилантай нүүр тулсан бол гэж санагдана.

Манай “Алтан хальс” холбоо “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг энэхүү үзвэрийг толилуулсан билээ. Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Золзаяа үзэгч бидэнд тоо баримттай, маш чухал мэдээлэл хүргэв. Тэрбээр хүчирхийллийг үйлдэгч этгээд эрэгтэй эмэгтэй аль нь ч байж болох авч судалгаанаас харахад Монголд гарч буй хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн 97%-ийг эрэгтэй хүн үйлддэг, цагдаагийн дуудлагын 70% нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг байдаг, хүчингийн гэмт хэргийн 62% нь таньдаг хүмүүсийн хооронд болдог хэмээсэн нь сэтгэл сэрдхийлгэм байлаа. Тэрбээр гэрчийг хамгаалах, гэр бүлийн бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг олон чухал заалт бүхий “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” шинээр саяхан батлагдаж 2 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болсон баяртай мэдээг дуулгав. Түүнчлэн тараах материал бариад тоо яриад явахаас илүүтэй урлагаар дамжуулан олон нийтийн ухамсар, үзэл санаанд нөлөөлөх нь хавьгүй хялбар гэсэнтэй олон хүн санал нийлнэ биз ээ. Нэмээд хэлэхэд эрчүүд, хөвгүүд маань яагаад гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнх хувийг эзлэв гэдгийг хүмүүжил, манай улсын хүүхэд өсгөдөг арга барил, тогтсон заншил, эр хүн уйлдаггүй гэх улиг болсон үгнээс ч үүдэлтэй байж болохыг дурдаж байлаа.

“Зүдгүүр” киноны хөндсөн өөр нэг гол сэдэв бол манай нэгэн үзэгчийн дурдсанаар Дантегийн “Тэнгэрлэг туульс”-д нүглийн хажуугаар зүгээр өнгөрөгсөд тамын хамгийн доод тойрогт унадаг тухай, өөрөөр хэлбэл муу муухайг гардан үйлдээгүй ч нүдээ аньж, чихээ бөглөөд өнгөрсөн нэгэн илүү харгис гэдгийг харуулсанд оршино. Өөр нэгэн үзэгч би бол гол дүрийн бүсгүй Хэ Вон юм байна… урдахаа хийгээд, хүний хэрэгт хошуу дүрэлгүй довоо борлуулж явдаг над шиг хүмүүст энэ кино нэг удаа амь өршөөж алдаагаа засах хоёр дахь боломж олгоё гэжээ хэмээв. Үнэхээр киног үзсэн үзэгч олонд ийм сэтгэл төрж гарсан бол кино урлаг дэлхийг өөрчлөх боломжтой гэдэгт эргэлзэх хэрэг юун. Хүн хүнээрээ үлдье гэвэл хаалганы цаана болж буй зүйл хаалганы цаана үлдэх ёсгүй, “эр эмийн дунд илжиг жороолох хэрэггүй” гэдэг бодлоо ч таягдан хаях хэрэгтэй болж байна.