Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогчийн (найруулагч) хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм.

Америк болон ихэнх оронд санхүүжилт болон түгээлтийн (distribution) хэлбэрийн тал дээр давамгайлах системээсээ тусгаар, бие даасан гэдгээр нь индепендент киног голчлон тодорхойлдог. Бүх индепендент кинонууд нь хийц маяг, утга агуулгын хувьд нийтлэг зүйл байдаггүй.

1908 онд Томас Эдисон өөрийн зохион бүтээсэн камер, хальсний патент дээрээ дөрөөлөн Кино урлагийн патентийн нэгдэл (Motion Picture Patents Company) буюу Эдисон Трастыг үүсгэж тухайн үеийн бүх томоохон студиудыг багтаажээ. Гэвч ихэнх жижиг кино компаниуд энэ Трастад нэгдэхээс татгалзаж үйл ажиллагаагаа Америкийн зүүн эрэгт явуулахаа зогсоож Калифорни мужийн Холливүд хэмээх тосгон руу нүүцгээжээ. Тэднийг тухайн үед нь "индепендент" кино студи хэмээж байжээ. Гэвч Холливүдэд үүнээс ердөө 20 жилийн дотор л кино студийн систем, дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэлийн төв бий болсныг бид мэднэ. 1919 он гэхэд Холливүдийн студийн систем хүчирхэгжиж тусгаар кино хийгчид дээш гарах асар их бэрхшээлтэй болсон юм.

Энэ нь тодорхой үед ямар ч орны кино зах зээлд зонхилох компаниуд нь хэдий нэгдмэл бус байдаг ч цөөн янзаар багцлан ангилж болохуйц хийц маяг, агуулгатай кинонуудаар дагнадаг болон тогтдогийг харуулж буй юм. Индепендент кинонуудыг харин хэв маяг, хөндөх сэдвээр нь ангилах боломжгүй юм.

 

Хэлхмэл үд (1943) - Маяа Дерен, Александр Хэммид

Дөнгөж 1940-өөд онд л кино камерийн хөгжил нь хямд төсөр камер, кино хальсны нийлүүлэлтийг бий болгосноор хэн ч болов том студиэс хамааралгүйгээр бага төсвөөр кино хийх боломжтой болжээ. Энэ үед л жинхэнэ индепендент кино уран бүтээлчид шилдэг кинонуудаа бүтээж эхэлсэн юм. Жишээ нь 1943 онд Маяа Дерен Хэлхмэл үд, 1947 онд Кэннет Энгер Галт буудлага хэмээх эксперименталь кинонуудаа туурвижээ. 1950-иад онд Жонас Мекас, Стэн Брэкиж нарын тэргүүтэй авангард уран бүтээлчид Холливүдийн системийн кинонуудын ихэнх нь гоо зүйн хувьд дорд түвшний, агуулгын хувьд өнгөц, шинж төрхийн хувьд уйтгартай болон хавтгайрсныг онцолж байв. Мөн энэ үед дэлхий дахинаа бага төсвөөр бие даан бүтээсэн кинонуудаас шилэгдэн Бяцхан харгуйн дуун, Хар бурхан, цагаан чөтгөр зэрэг кинонууд олон улсад ихээхэн хүндлэлийг хүлээж чадаж байв.

 

Жигтэй зүйлсийн мухлаг (1960) - Рожер Корман

Америкт андерграунд уран бүтээлчдээс гадна индепендент продюсерууд (Рожер Корман, Хершелл Гордон Уильямс гэх мэт) ихэвчлэн зөгнөлт, аймшгийн жанрын кинонууд олноор хийж эхэлсэн нь 1960-аад оны индепендент Б-киноны тэсрэлтэд хүргэжээ. Эдгээр индепендент кинонуудад Холливүдийн үйлдвэрлэлийн дүрэм (Production code) үйлчилдэггүй буюу ямар нэгэн агуулга, элементийн хязгаарлалтад захирагддаггүй байсан нь хожмоо индепендент киног тодорхойлох чухал шалгуур болон тогтсон юм. Мартин Скорсезе, Питер Богданович, Фрэнсис Форд Коппола зэрэг Корманы "шавь нар" удалгүй Холливүдийн студийн дор кино хийх болсноор Шинэ Холливүд хэмээх нэршил төрөхөд хүргэсэн билээ.

Худалдагчид (1994) - Кевин Смит 

Худалдагчид (1994) - Кевин Смит

1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхэн бол индепендент кинонууд Холливүдийн өндөр төсөвтэй кинонуудтай өрсөлдөхүйц ашиг орлого олж, олны анхаарлыг татах болсон үе. Энэ үед амжилттай гарч ирсэн индепендент киноны үзэгдлийг хожмоо Инди киноны хөдөлгөөн хэмээх болсон юм. Энэ хөдөлгөөнөөр танигдсан уран бүтээлчид гэвэл Квентин Тарантино, Жим Жармуш, Пол Томас Андерсон, Стивен Содерберг нарыг нэрлэж болох аж. Эдгээр найруулагчдын заримын хамтран ажиллаж байсан Мирамакс, Нью Лаин Синема зэрэг индепендент компаниудыг Холливүдийн том студиуд удалгүй худалдаж аван өөрт шингээжээ. Үүгээр зогсохгүй 1990-ээд оны дунд үеэс том студиуд Сони Пикчрс Классик, Фокс Сэрчлаит Пикчрс, Фокус Пикчрс зэрэг “инди” шошготой охин компаниуд үүсгэж тодорхой сонирхлын бүлэгт зориулсан (niche) бага төсөвт кинонууд бүтээн артхаус киноны эрэлтийн ихэнхийг хангах болсон гэдэг.

Энэ үеэс л индепендент хэмээх нэршил ихээхэн утгаа алдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Харин дижитал кино технологи эрчимтэй хөгжсөнөөр жинхэнэ индепендент кинонууд ихээр хийгдэх болсон юм.

Блэрийн шулам төсөл (1999) - Эдуардо Санчес, Дэниэл Мирик

Монголын нөхцөлд хэдий мега студи байхгүй ч ямарваа нэгэн студи нь арилжааны театруудад гаргахаар зориулан хийсэн кинонуудыг индепендент гэж тодорхойлох ямар ч боломжгүй юм. Харин хувь уран бүтээлч ашиг хонжоо хайлгүй урлагийн төлөөх урлаг бүтээх (art for art’s sake) зорилгоор бие даан санхүүжүүлэн бүтээсэн (ихэвчлэн богино) киног индепендент гэж тодорхойлох нь зүйтэй хэрэг гэж үзэж байна.

Энэ бүхний эцэст ярвигтай түүхтэй индепендент хэмээх нэршлийг бүрэн ойлгоогүй гэж үзэж байвал дараах кино уран бүтээлчдийн юу гэж хэлснийг нэг хараарай.

Зохиолч, найруулагч Жон Август:

Сонгодог байдлаараа бол индепендент кино гэдэг нь уламжлалт студийн систем болох Холливүд, Болливүд зэргээс гадуур хийгдсэн киног хэлдэг байлаа. Гэвч том студийн “индепендент” хэмээх шошготой студиудын хар гайгаар энэ нэршил утгаа алдсан. Бас 1999-2005 оны хооронд хийгдсэн Оддын дайны цувралыг Жорж Лукас бие даан санхүүжүүлсэн юм. Индепендент гэдэг нэршил энэ мэтийн оюуны болон арилжааны талаасаа түргэн хоолны системтэй зүйрлэгдэхүйц кинонд хамаарах ёсгүй гэж би боддог. Өдийд хэрхэн санхүүжсэнээс нь биш уг кино нь ямар вэ гэдэг дээр чухалчлан индепендент гэж нэрших эсэхийг шийдэх хэрэгтэй. Индепендент буюу тусгаар тогтносон хэмээх үг хувьсгал гэсэн ойлголттой ойр, дөхүү хэрэглэгдсээр ирсэн нь учиртай. Нийтлэг сэтгэл гонсойлтоос үүдэн тогтсон системийг нураах адил хүсэлтэй учраас тэр. Индепендент кинонууд студийн системээс гадуур хийгдээд зогсохгүй системийн эсрэг хийгддэг. Статус квогийн эсрэг зогссоноороо бугласан нөхцөл байдлыг өөрчлөхөд тусаа хүргэдэг юм.

Найруулагч, продюсер Тед Демме:

Уран бүтээлчийн хувьд ихээхэн хувийн шинж чанартай бол тэр индепендент кино.

Жүжигчин Тильда Свинтон:

Индепендент бол эрх чөлөөтэй байхын нэр. Сүүлийн хэдэн арван жилд индепендент кинонууд асар их өөрчлөлтийг авчирч чадсан... Индепендент бол хүссэнээ айж ичилгүй хэлэхийн нэр. Гэхдээ энэ нь амар байна гэсэн үг биш. Хэн нэгэн чамд кино хий гээд мөнгө өгнө гэсэн үг ч биш. Үнэхээр хэцүү хүнд давааг туулж ч мэднэ. Өдөр бүр замбараагүй бүтэмжгүй зүйлд умбаж ч мэднэ. Гэхдээ Инди гэдэг нь хэн нэгэн чамд юу хийхийг зааж, ямар нэг шаардлагад захирагдахын нэр огт биш. Инди гэдэг миний хувьд яг энэ.