Мартин Скорсезе бол Роберт Де Нирогийн дотны найз, 8 гайхалтай киног хамт бүтээсэн, мөн Леонардо ДиКаприотой сүүлийн үед хамтран ажиллаж буй, кино түүхэнд өндөр нэр хүндтэй найруулагч, кино зохиолч, жүжигчин, продюсер юм. Өөрөө Итали-Америк гаралтай, багадаа Бяцхан Италид өссөн зэрэг шалтгааны улмаас олон кино нь мафийн бүлгэмийн тухай байдаг. Уг төрлийн Одогсод киногоороо Оскарын шагнал авч байж.

Тэрнээс гадна Яггүй эрс, Казино, Догшин бух, Хэрцгий гудамж кинонууд нь бүгд мафитай холбоотой сэдэвтэй, Яггүй эрс бол бүх цаг үед мафийн арга барилыг хамгийн сайн харуулж чадсан кино гэж үзэгддэг. Харин Казино кинон дээр нь нийтдээ 422 удаа f*** үгийг хэлдэг гээд бод доо!

1972 оны 5 сарын 15-нд Артур Бремер гэгч этгээд ерөнхий сайдад нэр дэвшигч Жорж Уоллосыг 5 удаа буудаж, алах оролдлого хийснээр Уоллосыг саажилттай болгож байж ээ. Тэр үйл явдлын дараагаар Артур Бремерийн өдрийн тэмдэглэлийг сонинд цуврал нийтлэл болгон гаргаж байсныг кино зохиолч Пол Шрэйдэр уншдаг байж. Тэр үедээ Пол Шрэйдэр 20 дөнгөж гарсан залуу, эхнэрээсээ салж ажлаасаа гараад машин дотроо амьдарч байсан юм. Тэгж байтал гэнэт л Таксины жолооч-ын зохиол “толгойноос нь амьтан мэт үсрээд гараад ирсэн” гэнэ.

Харин Таксины жолооч хийгдсэнээс 5 жилийн дараа буюу 1981 оны 3 сарын 30-нд тэр үеийн ерөнхийлөгч Рональд Реганыг 26 настай Жон Хинкли (бага) 2 удаа буудсан бөгөөд тухайн үйлдлээ уг кинон дээрх Жоди Фостерийн дүрд дурласан байсан учраас гэж тайлбарлажээ.

Бас нэг мэдээлэл өгөхөд уг киноны алдартай “You talking to me?” гэж Де Нирогийн толинд харж өөртэйгөө ярьдаг кадр нь зохиол дээрээ байдаггүй, зохиол дээр нь зөвхөн “гол дүр өөртэйгөө ярина” гэж бичсэн байдаг юм байна. Ингэснээрээ найруулагч тэр хэсгийг бүхэлд нь жүжигчинд даатгадаг, ингэхийн тулд жүжигчнийхээ ур чадварыг маш сайн таньж мэдсэн байх шаардлагатай байдаг, харин Де Ниро түүний урмыг огтхон ч хугалаагүй.

Тухайн үедээ Загалмайлсан эцэг 2, Таксины жолооч, Догшин бух кинонуудын дандаа хүнд хэцүү дүрд тоглосон байсан Де Нирод Скорсезе дараагийн кино болгож Христийн сүүлчийн шаналан-гийн Есүс Христийн дүрийг санал болгосон боловч жүжигчин маань эрс татгалзаж, дараагийн дүрээ заавал инээдмийн дүр авна гэснээр Инээдмийн хаан киноны Руперт Папкины дүрийг бүтээжээ.

Та өтгөн хар хөмсөг, цав цагаан толгойтой хөгшний киног үзээд харамсахгүй биз ээ.