Одоогоос яг нэг жил орчмын өмнө Тегеранд байхдаа Аббас Киаростамитай уулзах хүсэлтэйгээ багийнх нь найзаар нь дамжуулж хүргүүлсэн боловч эелдэгээр татгалзсан хариу хүлээн авлаа. Учир нь юу гэвэл ойрмогхон бие нь чилээрхэж Лавасун (хотоос зайдуу орших Тегераны бийлэгжүү нэгэн дүүрэг) дахь зуны байшиндаа илааршиж буй аж. Нутгийн заншлын дагуу татгалзсан хариултыг нэхэл дагалгүй хүлээн аваад “Ямар сүүлийн удаа Иранд ирж байгаа биш, хожмоо уулзах боломж олдох бизээ” хэмээн бодсон минь буруу байжээ. Өнөөдөр (өчигдөр) Ираны нэрт найруулагч, соёл нийгмийн зүтгэлтэн Аббас Киаростами хорт хавдрын улмаас таалал төгсч амьд домог болсон түүнтэй уулзах анхны болоод сүүлчийн боломж ийнхүү үгүй болов. Амьд сэрүүнд нь уулзаж амьжаагүйдээ харамсаж буй эсэхэд хариулахад хэтэрхий эрт байж магад харин “Алтан хальс” холбооны зүгээс хүргэж буй дурдатгал ийн оршвой. 

 

Эх орныхоо кино урлагийн түүхтэй салшгүй холбоотой энэ эрхмийг магтахгүй, оруулсан хувь нэмрийг нь үнэлэхгүй байхын аргагүй. Эдгээрээс хүндэт нэгэн үйлийг онцолбол Ираны киноны урлагийг өрнийн соёлын өмнөх дутуу дулимагийн хам шинжээс нь ангижруулдсан явдал юм. 1979 онд Иранд Исламын хувсгал ялж дараагаар нь 1988 он хүртэл үргэлжилсэн Иран-Иракийн дайны уршгаар тус орны гадаад ертөнц дахь төсөөлөл тун ихээр өөрчлөгдсөн байдаг. Хувьсгалаас өмнөх Пахлавигийн дэглэмийн үед барууны ертөнцийг хэт даган шүтэх үзэгдэл гаарч Ираны кино урлаг мөн түүнтэй хөл нийлүүлэн алхсан гэхэд хилсдэхгүй. Харин хувьсгалт өөрчлөн байгуулалт, шинэ нийгмийн үзэл суртлыг түгээхэд чиглэсэн кино үйлдвэрлэлийг аажмаар дэлхийн кино урлагийн ноён оргилыг байлдан дагуулах бүтээл туурвина хэмээн хэн ч санаагүй бизээ. Чухамхүү Аббас Киаростами энэхүү үйлсийг түүчээлж, түүний бүтээлүүд эх орноо гадаад ертөнцөд өөрөөр таниулж, Иран улс кино урлаг хэмээх зүйлийг “өөриймшүүлж” чадсан байдаг. Ойрхи дорнод, тэр дундаа Исламын ертөнц, Ираны өөрийн унаган соёл иргэншил, үндэсний онцлогдоо суурилсан бүтээлүүд нь 1980 оны сүүлээс гадаад ертөнцийг анхаарлыг ихэд татах болж улмаар 1997 онд “Интоорын амт” кино нь Каннын кино наадмын дээд шагналыг хүртэснээр Ираны кино урлагт шинэ үе ирснийг дэлхий нийтэд тунхаглажээ. Зарим шүүмжлэгчид нь түүнийг эх орноо хоцрогдмол, буурангуй талаар нь үзүүлэгч, “соёлоо зарагч” хэмээн буруутгаж байсан ч чухам түүний жишгээр кино урлаг олон нийтийн урлаг болж, кино найруулагчид нь нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэнүүд хэмээн цоллогдож, эх орноо гадаад ертөнцтэй холбох чухал гүүр нь болсон байдаг.

 

Зураг  1.  Жүжигчин Жюльет Бинош-ийн хамтаар  "Баталгаат хуулбар" киноны зураг авалтын үеэр. Эх сулвалж:Mongrel Media

 

Нийгмийн асуудал хөндсөн кино нь Иран-д хөгжсөн шигээ ахиж өөр газар хэзээ ч хөгжихгүй биз. Энэ утгаараа Италийн неореализм, Францийн шинэ давалгааны залгамж халааг нэр төртэй авч яваа Ираны нийгмийн сэдвээр хийгдсэн кинонууд нь мөн олон нийтийг хамарсан, түгээмэл кино байдагт бас нэг онцлог нь оршино. Уншигч та манай “Dreamers’ Day” өдөрлөгөөр Киаростамигийн “Ойроос” (1990) киног үзсэн байж магадгүй. Баримтат, хүүрнэлт киноны заагийг арилгаж хүнлэг нигүүлсэнгүй чанарыг дээдэлсэн энэ кинонд зохиомол дүр бүтээсэн хүн байхгүй ч яг кинонд тоглож буйгаа ухамсарласан хүн мөн үгүй л болов уу. Урлаг, кино нь ард түмэнд ойр, ойлгомжтой, зөвхөн нийгмийн элит хэсэгт зориулагдаагүй гэдгийн нотолгоо нь энгийн нэгэн дүр эсгэгч Хүсэйн Сабзиян болж өгдөг. Мохсэн Махмалбафийн афган дүрвэгчийн тухай хийсэн кино Хусейний сэтгэлд хүрч улмаар үйлдсэн гэм буруу нь Киаростамигийн сод бүтээл болсон нь энэ. Үзэгчдийн нийгмийн гарал, анги давхаргаасаа үл хамааран Киаростамигийн кинонууд хүн бүрийн сэтгэлд хүрч, баруунд фестивалийн хүрээнд хязгаарлагдах жанр нь Иранд олон нийтийн хайртай, үзэх дуртай төрөл болон хөгжихөд оруулсан түүний хувь нэмэр хэмжээлшгүй. Түүний мөрийг гишгэн гарч ирсэн найруулагчид өдгөө бидний нүдийг баясгаж Канн, Берлинале наадмуудаас шагнал хүртэх нь тогтмол үзэгдэл болжээ.

Зураг  2. Мохсен Махмалбаф, Хүсэйн Савзиян нар "Ойроос" киноны хэсгээс. Эх сурвалж: moviemezzanine.com/

 

Олон арван жил үргэлжилсэн карьерынхаа сүүлийн жилүүдэд голцуу олон улсын чанартай бүтээлүүд дээр ажиллаж, эх орондоо болж буй улс төрийн ороо бусгаа үйл явдлуудаас илт ангид явдаг байсан хэдий ч Аббас Киаростами нь асуудлаас зугтдаг нэгэн байсангүй. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл, мэргэжил нэгт журмын нөхөд, олон мянган шүтэн бишрэгчдийнхээ хувьд чиглүүлэгч жанжин шугам нь байсаар ирж шаардлагатай тохиолдолд өөрийн гарын шавь, эсвэл консерватив улс төрч нарыг үл хамааран шүүмжилдэг байв. 2005-2013 оны хооронд Ираны кино урлагийн сор болсон олон уран бүтээлчид тодорхой шлатгааны улмаас эх орноосоо дүрвэсэн боловч Аббас “Иранаас явснаар асуудлыг шийдэж чадна гэдэгт би итгэдэггүй” хэмээн хэлсэн байдаг. Өнөөдөр Тегераны хойд хэсэгт орших “Кино урлагийн музей”-н өмнө түүний дурсгалыг хүндэтгэхээр цугласан олны хувьд тэрээр нэгэн зэрэг багш, үлгэрлэл, урам зориг нь байсан биз ээ. Хожим нь өөрөө хийсэн кино бүрт “Ойроос”-ын хэсэг явж байдаг хэмээн хэлсэн шиг Жафар Панахи, Асгар Фархади, Реза Миркаримигийн бүтээлүүдээс Киаростамигийн сэдэв, аргачлал үнэртдэг.

Зураг  3. Аббас Киаростами 1997 он. Эх сурвалж: Magnum Photos агентлаг

Жич: Дурдатгалд шууд хамааралгүй боловч хөндөлгүй өнгөрч боломгүй нэгэн зүйл бол “Монгол үзэгч миний хувьд Ираны кино найруулагч ямар хамаатай юм бэ?” гэсэн асуулт. Юун түрүүн мэдлэг, мэдээлэл  чөлөөтэй тархах болсон өнөө үед үзэгч та орон орны урлагийн бүтээлийг шимтэн үзэж, таашаал авах нь дамжиггүй. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч, кино зохиолч Аббас Киаростамигийн хажуугаар өнгөрөх нь алдас болох биз ээ.  Нөгөө талаас “Алтан хальс” холбооны бидний хэдэн нөхөд кино урлаг нь тухайн улс үндэстний оюун санааны хөгжлийн чухал хэмжүүр гэдэгт гүнээ итгэдэг. Түүхээ өөртөө дахин нээн олж, унаган соёлоо хадгалан үлдэн хөгжүүлж буй Монголчууд бидний хувьд нэг хүний хүчин чармайлт, хувь нэмэр хэр их чухал байж болохын тод томруун жишээ бол Аббас Киаростами мөн юм.