“Загалмайлсан эцэг II”, "Өнөө цагийн там" зэрэг киноны эвлүүлэгчээр ажилласан дэлхийд хамгийн нэр хүндтэй эвлүүлэгчдийн нэг Уолтер Мёрч “Яриа” кинон дээр ажиллах үедээ нэгэн зүйлийг анзаарчээ. Кино эвлүүлгийн явцад нэлээн олон тохиолдолд жүжигчин Жин Хэкменийг яг нүдээ цавчих үед Мёрч хальсийг тасалж таараад байжээ.

“Миний хувьд төгс кино гэдэг таны нүдний ард бүрэлдэж нүд чинь киног дэлгэцнээ проекцоор гаргаж байгаа мэт байх ёстой. Энэ бол бодлын процесс. Кино урлаг бол бодлын процесст хамгийн дөхүү урлаг.

Та одоо тэр ширээн дээрх чийдэн рүү нэг хар даа. Одоо над руу эргээд хар. Одоо дахиад чийдэн рүү хар. Одоо над руу эргээд хар. Та сая яаснаа мэдэж байна уу? Та нүдээ цавчилсан. Та ширээний чийдэн рүү харах толгойгоо эргүүлэхдээ нүдээ анивчсан. Та тэр хооронд ямар орон зай байгааг мэдсэн учраас нүд чинь цавчилсан юм. Энэ бол таслалт – кино эвлүүлэг.”

Жон Хюстон

Үүний цаад учир тархины үйл ажиллагаатай холбогдоно. Та ажиглаж байсан бол олонх тохиолдолд (дандаа биш) ямар нэг юм цэгцлэн бодохдоо бид нүдээ цавчилдаг. Илүү олон ярвигтай бодлыг цэгцлэх ёстой бол нүдээ илүү л олон анивчина. Мөн сэтгэл хөдлөл ч үүнд том үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь бид галзууртлаа уурлах үедээ ихэвчлэн нүдээ байнга цавчилсаар байдаг. Энэ нь хоорондоо эсрэгцэх олон бодол, түүнээс үүдэх сэтгэл хөдлөлийн үр дүн юм.

Та хүмүүстэй ярилцахдаа тун сайн ажиглаарай: Хүмүүс таны тайлбарлаж буй зүйлийг ойлгох тэр мөчдөө нүдээ заавал ч үгүй цавчилдаг. Тиймээс бид бодит байдлыг кино хэлнээ хөрвүүлэхдээ таслалтыг ашиглах нь амин чухал. Үгүйсэн бол үзэгчдэд ямар ч цэг, таслалгүй роман дэлгэн тавих болно.

Хичкокийн “Олс” зэрэг нэг зураг авалтаар хийгдсэн мэт бүтээлүүдэд харин камерийн хөдөлгөөн нь цэг, таслалын үүрэг гүйцэтгэнэ.

Үүнээс үзэхэд бидний тархи бодит байдлыг нэгэн үргэлжилсэн байдлаар биш цавчлалтаар таслагдсан олон мянган хэсгүүдээр бүрдүүлдэг байх нь. Тэгээд ч өнөөх туульсын урт кинон дундуурх том завсарлагыг сана л даа (нойрсолт).

Тэгэхээр киноны эвлүүлэг нь хүүрнэлийн практик шийдлээс гадна, хүний тархи яаж ертөнцийг таньж мэддэгтэй шууд холбоотой аж.

 “Яриа” кинондоо эргэх очиход Жин Хэкмен кинонд Харри Колийн дүрийг бүтээдэг. Тэрээр дүрдээ тун сайн орсон учраас тухайн нөхцөл байдалд Харри Кол мэт л бодно. Иймдээ ч жүжигчний сэтгэл хөдлөл, бодлын хэмнэл нь (цавчилтын хэмнэл нь) киноны эвлүүлгийн хэмнэлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.

Мөн хүн ханиалгах болбол киноны тодорхой нэгэн хэсгүүдэд ерөөсөө ханиадаггүй болохыг та мөн анзаарсан уу? Ханиалгах зүгээр л хариг урвал байсан бол киноны ямар ч хэсэг дээр хэзээ ч хамаагүй ханиалгаж л таарна. Гэвч хүмүүс тэгдэггүй. Энэ нь мөн нүд цавчихтай адил далд ухамсрын удирдлага дор байдгийнх юм.

Алдарт төгөлдөр хуурч Святослав Рихтер Болгарт томууны онц ноцтой дэгдэлтийн үеэр буюу 1958 онд Муссоргскийн “Үзэсгэлэн дэх зургууд” бүтээлийг тогложээ. Танхим дүүрэн ханиалга, бүгшилт байгаа нь ойлгомжтой. Гэвч тэрхүү тоглолтын бичлэгийг сонсохул ихэнх хүчтэй хэсгүүд дээр үзэгчдийн хэн нь ч ханиалгахгүй байгааг анзаарч болно. Тэрхүү мөчүүдэд Рихтер өөрийн ур чадвараар 1500 үзэгчдийн ханиах импульсийг урлагаар дарж чадсан байна.

Хэдий хүн бүр адилгүй ч нүд цавчилтын тал дээр бид бүгдээрээ нийтлэг. Тиймээс хүүрнэлт кино үзэж суугаа бүх үзэгчдийн анивчаа нэгэн зэрэг биш байвал тухайн бүтээл үзэгчдийг “кинондоо оруулаагүйгийнх”. Олон шалтгаанууд бийгээс хамгийн гол нь үйл явдлын өрнөл ба хэмнэл буруу байж болно. Гэвч бид тэр киноны эвлүүлэгч мэдрэмжгүй байж болох, магадгүй гол дүрийн жүжигчний нүдний цавчилт буруу байж болохыг үгүйсгэж болохгүй шиг. Хэдий бид ухамсарлахгүй ч олон зүйл юу зөв, бурууг илтгэн тэрийг нь бидний сэтгэл хөдлөл дагадаг.

Хэрвээ харанхуй театрт суугаа үзэгчийг хэт улаан туяаны камераар авлаа гэхэд хүний нүд хэт улаан туяаг эргүүлж ойлгон 2 гялалзах цэг харагдаж таарна. Харин олон зуун үзэгчдийг хэт улаан туяаны камераар аваад кино үзүүлбэл эдгээр анивалзах оддын орд нэгэн зэрэг анивчиж байвал үзэгчид тухайн кинотой хамт мэдэрч, бодож байгаагийнх байж таарна.

Уолтер Мёрчийн “Нүд цавчихын хооронд: Кино эвлүүлгийн үнэлэмж” номон дээрх санаан дээр суурилан бичив.