Алтан хальс олон улсын кино наадам сүүлчийн удаа андерграунд тодотголтой Тэнгис кино театрт зохион байгуулагдаж дууслаа.

53 орны 483 бүтээлээс шигшигдэж 28 бүтээл уралдаант хэсэгт шалгарч толилуулагдсан билээ. Мөн Хятадын кино продюсер Жан Шянминь, кино продюсер Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар, кино шүүмжлэгч Ж.Тэгшзаяа, зураач М.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг эдгээр уралдаант хэсгийн бүтээлүүдээс шилдгүүдийг тодруулсан юм.

Наадмын эхний өдөр нээлтийн киногоор Гаи Мэддин, Эван Жонсон нарын "Хориотой өрөө" киног албан ёсны эрхтэйгээр толилуулж, мөн уралдаант хэсгийн бүтээлүүдтэй үзэгчид танилцсан билээ. Гэхдээ энэ өдрийн онцлох хэсэг бол Хятадын индепендент киноны нэгэн томоохон багана хэмээгддэг продюсер, кино судлаач, кино шүүмжлэгч мөн жүжигчин Жан Шянминий хөтөлсөн master class байв.

Наадмын 2 дахь өдөр уралдаант бус хэсэг, уралдаант хэсгийн кинонууд толилуулснаас гадна хамгийн сонирхолтой нь Жан Шянминий сонгосон Хятадын индепендент кинонууд үзэгчдэд хамгийн ихээр таалагдсан байна. Жан Шянминий найруулагч бүрээс нь зөвшөөрлийг авч гаргасан богино кинонууд тус бүртээ өөр өөр хэв маягийн кинонууд байсан ч Хятадын индепендент кино урлагийн хөгжил ямар өндөр түвшинд буйг мэдрүүлж чадсан юм.

Ийнхүү наадмын төгсгөлд шалгарсан бүтээлүүддээ шагналыг гардуулав. Харин шүүгч нарын зүгээс шилдэг хүүрнэлт кинонд шагнал олгоогүй юм.

Шилдэг баримтат кино (500.000 төгрөг)

Шинэ гэр бүл (Итали, Камбож) - Симоне Маццоне

Шилдэг хүүрнэлт бус кино (500.000 төгрөг)

Бараан Германи (Германи) - Юлиане Яшнов, Стефани Шрөдер

Хүүрнэлт бус кино төрлийн тусгай шагнал (250.000 төгрөг)

Зовнил (Монгол) - Ганбаатарын Саруулбилэг

Алтан хальс кино наадмын захирал, Алтан хальс холбооны удирдах зөвлөлийн дарга Ш.Ихбаяр шагналыг гардуулж өгөв.

Шилдэг хүүхэлдэйн кино (500.000 төгрөг)

100 удаагийн үхэл (Литви) - Руа Эдельштайн

Хүүхэлдэйн кино төрлийн тусгай шагнал (250.000 төгрөг)

Дарь эх (Монгол) - Энхтөмөрийн Гантөмөр

Э.Гантөмөрт шагналыг Хятадын продюсер Жан Шянминь гардуулан өгөв.

Алтан хальс шагнал (1.000.000 төгрөг болон цом)

Манан дундах талбай (Их Британи) - Жон Вүдман

Энэ жил Их Британиас нийт 45 бүтээл ирсний дундаас 3 бүтээл уралдаант хэсэгт шалгараад байжээ. Харин шүүгч нарын шийдвэрээр Манан дундах талбай кино ийн манай кино наадмын 4 дэх жилийн Алтан хальс дээд шагналыг хүртэж голчлон андерграунд чиглэлээр Монголд магадгүй сүүлчийн ч удаа зохиогдсон байж мэдэх кино наадмыг төгсгөв.

Ийнхүү сүүлчийн андерграунд кино наадмыг хааж Алтан хальс холбооны тэргүүн, найруулагч С.Бямба үг хэлэв.

2017 онд Алтан хальс кино наадам маань зөвхөн авангард кинонууд хүлээж авах биш уламжлалт хийцтэй ч бүтээлүүд хүлээж авах боломжтой болох Алтан хальс олон улсын индепендент кино наадам болон зарлагдах болно гэдгийг тэрээр онцолсон юм.