Зарим хүн одон орон, өөр нэг нь математик, гурав дахь нь уран зураг сонирхон судалдаг бол Киесловскийн сонирхлыг татдаг зүйл нь хүн. Тэр бол гарцаагүй 20-р зууны кино урлагийн хамгийн мундаг хүн судлаач. Энгийн атлаа танил биш санаашрал, бидний амьдралд хэдэн сая таарсан хэрнээ хэзээ ч анзаарч байгаагүй хачин эмзэг нарийн мэдрэмжүүд, хүний дотоод ертөнц рүү аялсан аяллуудыг ямар нэгэн сэтгэл донсолгом үйл явдал, хүчирхэг зураг авалтгүй яг л амьдралд байдаг тэр чигээр нь бидэнд зураглан үзүүлснийх нь төлөө түүнд мэхийн ёслох ёстой мэт.

Түүний кинонууд бидэнд өөрийнхөө мэддэггүй хэсгүүдийг нээж өгөхөд тусалдаг болохоор ямар нэгэн хэлний мэдлэг, орчуулгын аль нь ч шаардлагагүйгээр мэдрэх боломжтой. Хөгжмийн хэлийг хүн бүр мэдэрч чаддаг шиг тэр өөрийн гэсэн хэлийг хальснаа буй болгосон юм. Шалан дээр асгарсан сүүг хуруугаараа оролдох ганцаардсан эмэгтэй, кофе нэвчих ётонгийн зураглалыг харахаар Л. Өлзийтөгсийн “Яруу найраг бол үгний хэлж чадаагүй “үг”” гэсэн үгс өөрийн эрхгүй санаанд бууна.

Киесловскийн уран бүтээлийн замнал социалист реализмын он жилүүдээс эхэлж хөөсөрсөн давалгаагаар дүүрэн ардчиллын он жилүүдэд ч үргэлжилсэн. Түүний бүтээлүүдийн голд өдөр тутмын амьдралын эргэлтэндээ залхаж, гутарсан гол дүрүүдийн амьдралтай хийх тэмцэл, гутранги үзэлдээ хийсэн задлан шинжилгээнүүд, коммунист үзэл суртал, библийн сургааль, Францын хувьсгалийн романтик урианууд эргэлдэнэ.

Киесловски бүтээгдсэн нь

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Киесловскийн эцэг сүрьеэгээр өвчилж, гэр бүл нь сувиллын газрууд бараадан Польшийн жижиг хотуудыг ээлжлэн нүүдэллэх болсон бөгөөд албан хаагч ээж нь мөнгөний гачаал дунд хоёр хүүхдээ өсгөж байлаа. Киесловски багаасаа л аавынхаа адилаар эмзэг уушгитай байснаас хүүхдүүдтэй цуг гадаа тоглохын оронд ихэнх цагаа орондоо ном уншин төсөөллийн ертөнцдөө өнгөрөөдөг байв. Өсвөр насанд нь түүнийг эцэг нь орон нутгийн гал сөнөөгчдийн сургуульд шахан байж оруулсан ч боловсрол эзэмших хүслээр дүүрэн жаалхүү гал сөнөөгч хэтэрхий эрсдэлтэй, хэцүү мэргэжил хэмээн эцгээ сэнхрүүлж дөнгөсөн гэдэг.

Урт удаан хугацааны турш өвчиндөө шаналсны эцэст эцэг нь 47 насандаа нас баржээ. Үүний дараа Киесловски авга ахынхаа тусламжтайгаар Варшав дахь “Театрын техникчийн сургууль”-д элсэн орсноор театрт дурлан тайзны найруулагч болохоор шийджээ. Кино найруулагчийн мэргэжлийг тайзны найруулагчтай ихэнх талаараа төстэй гэж тэр үзэн Лодцийн кино урлагийн сургуульд орохоор хоёр жил дараалан шалгалт өгсөн ч тэнцээгүй бөгөөд үүнээсээ болон сэтгэлзүйн хямралд орж байв. Гал сөнөөгчдийн сургуульд сурч байсан үеийг нь сануулах тул цэргийн алба хаахаас татгалзаж, гэр бүлдээ тус нэмэр болохын төлөө театрт оёдолчноор ажиллах болжээ (Энд тэрээр хожмын кинонууддаа хамтран ажилласан олон жүжигчидтэй танилцсан гэдэг). Тэрээр үүнээс гадна шүлэг, уран зураг оролдож байлаа. Эцсийн дүнд гурав дахь оролдлогоороо Киесловски сая л нэг босго өндөртэй Лодцийн кино урлагийн сургуульд элсэн оржээ. Лодц дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдөлтөд бага хохирол амссан Польшийн цөөхөн хотуудын нэг байсан бөгөөд 1948 онд Сталинист үзэл суртлыг дэмжих зорилгоор кино урлагийн сургууль байгуулагдсан ч яваандаа илүү чөлөөт сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын кино урлагийн түвшинд сургалтаа явуулж эхэлснээр Польшийн төдийгүй дэлхийн кино урлагийн сорууд болсон Анджей Вайда, Роман Полански, Анджей Мунк, Кшиштоф Занусси, Ежи Сколимовски нарыг өлгийдөн авсан кино урлагийн түүхэн дэх чухал цэг болсон юм.

Тайзны урлагийг илүүтэй сонирхож байсан Киесловски энд л анх кино урлагт хүчтэй татагдсан бөгөөд энэ тухайгаа “Энд байхад маш олон кинонууд миний ой санамжинд үлдэж хоцорсон.” хэмээн дурсаж байв.

Баримтат бүтээлүүд

Киесловски оюутан цагаасаа эхлэн баримтат кино бүтээлийг хүчтэй сонирхож эхэлсэн бөгөөд дипломын ажлаа “Бодит байдал ба баримтат кино” сэдвээр бичиж үүндээ: “Бодит байдал зохиомол санаанаас илүү хүчтэй сэтгэл хөдөлгөм, үл танигдам байдаг.” хэмээн бичсэн нь түүний кино урлагийн тухай төсөөллийг тод илтгэх бөгөөд эхэн үеийн уран бүтээлүүдэд энэ санаа нь хүчтэй ажиглагдана.

1968 онд түүнийг сургуулиа төгсөж байх үед нь Польшид улс төрийн нөхцөл байдал хурцдаж, коммунист намыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд үүсэж, соёл урлагийн арга хэмжээнүүдийг хориглож байлаа. Оюутны эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн олноороо өрнөж байсныг коммунист намын эрх баригчид хүч хэрэглэн дарж байлаа. Энэ бүх зөрчилдөөнд намын зүгээс Еврейн өдөөн хатгагч нарыг буруутган олон зуун сэхээтэн еврейг Польшоос хөөн гаргаж байсны багагүй нь Лодцийн кино урлагийн сургуулийн оюутнууд байсан гэдэг. Энэ үеийнхээ тухай Киесловски “Би амьдралдаа хоёр удаа л улс төрд гараа дүрж байсан. Аль аль нь тун таагүй төгссөн бөгөөд эхний удаад нь 1968 онд Лодцийн оюутнуутай хамт эсэргүүцлийн жагсаалд оролцон цэргийнхний зүг чулуу шидээд дараа нь зугтаж билээ.” хэмээн дурсжээ.

Киесловски төгсөх курстээ “Лодц хотоос” хэмээх нэртэй 17 минутын уг хотын дайнаас өмнөх үеийн хөрөг зураг болсон хар цагаан баримтат бүтээлээ туурвисан нь анхны бүтээл нь болов. 1960-70 аад оны хооронд нийгмийн бодит байдал, ард түмний коммунист дэглэмийг эсэргүүцсэн эсэргүүцлийг тусган харуулсан баримтат кинонууд олноор бүтээгдэж, Польшийн баримтат киноны түвшинд цоо шинэ хувьсал гарсан юм. Бусад социалист орнуудын нэгэн адил Польшид намын зүгээс урлагийн бүхий л салбарыг хүчтэй хянаж байсан нь урлагт зовиур болж уран бүтээлчид ба үзэгчдийн хоорондын харилцаа холбоо далдаар хөгжиж байв. Энэ нь баримтат уран бүтээлүүд түлхүү хөгжихөд түлхэц болжээ.

Энэ цаг үед Киесловски “Бид цэрэг байсан” нэртэй дайны жилүүдэд сохорсон цэргүүдтэй мөрөөдлийнх нь талаар ярилцсан баримтат киногоо бүтээгээд дараа нь үнийн өсөлт, хангалтгүй цалиндаа ундууцсан ажилчдын ажил хаялт, нийгмийн бухимдлыг дүрслэн үзүүлсэн “Ажилчид 71” бүтээлээ бүтээсэн нь түүний замналын хамгийн их улс төржсөн бүтээлүүдийн нэг болсон юм. Энэ бүтээлдээ тэрээр улс орны өнцөг булан бүрийн ажилчидтай хүсэл найдвар ба улс төрийн шийдвэрүүдэд хандаж буй хандлагынх нь талаар ярилцжээ.

Хөндсөн сэдвээсээ шалтгаалан кино нь нээлтээ хийж чадалгүй хаагдсаны дараа тэр 1974 онд улс төрийн бус сэдвийг барьж аван 17 настай жирэмсэн охин, түүний 20-той найз залуу хоёрын тухай “Анхны хайр” нэртэй баримтат бүтээл дээр ажиллаж эхэлжээ. Киесловски бүсгүйн жирэмсэн үеийн дөрөв, хүүхэд төрснөөс хойших хоёр сарын турш хосуудын амьдралын эгэл жирийн өдрүүдийг ямар нэгэн зохиолгүйгээр хальсанд буулгах замаар энэ киногоо бүтээжээ. Энэ бүтээл нь хүний амьдралын хоёр өөр нөхцөл байдлыг нэгтгэн харуулсан бөгөөд хосуудыг кинондоо тоглохыг зөвшөөрүүлэхийн тулд Киесловски Польшийн Телевизийн удирдлагаас дөрвөн өрөө байр хосуудад бэлэглэхээр тохиролцож хариуд нь киногоо өөдрөг байдлаар бүтээнэ гэсэн амлалт өгсөн гэдэг. Энэ бүтээлийнхээ үеэр анх Киесловски баримтат бүтээлийн хязгаарлагдмал чанарыг олж харж, цаашид уран сайхны бүтээлүүд дээр ажиллахаар сонирхож эхэлжээ.

1975 онд Киесловски “Амьдралын түүх” нэртэй намын хянан шалгах хороо нэг гишүүнээ намаас хөөхийн өмнө мэдүүлэг авч байгаа үйл явцийг зурагласан баримтат бүтээл туурвилаа. Хэдий баримтат кино байсан ч уран сайхны бүтээлд ихээхэн дөхүү буюу тодорхой зохиолын дагуу зураг авалтаа хийжээ. Намын хорооны гишүүд нь бодит хүмүүс байсан ч гол дүрд нь зохиомол амьдралын түүхтэй жүжигчнийг тоглуулжээ (Тохиолдлоор таарсан уу Киесловски сонгосон уу ямартай ч гол дүрийн жүжигчин нь намаас хөөгдөж байсан хүн байжээ.) Намын хорооны тухай бүтээл туурвисных нь төлөө Киесловскийг зарим уран бүтээлчид илтээр коммунист намтай хамтран ажилласан, бууны нохой мэтээр үзэж байсан ч тэр өөрөө амьдралынхаа туршид үүнийг эсэргүүцэж кино бүтээх санаа, зохиол нь цэвэр минийх байсан хэмээн нотолж байжээ.

1980 онд бүтээгдсэн “Гал тэрэгний буудал” баримтат богино кино болоод 10 жилийн дараа бүтээгдсэн “Хотын амьдрал” хэмээх богино киног нь эс тооцвол түүний сүүлчийн баримтат бүтээл болсон юм. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хүлээсэн хүмүүсийг дүрслэн үзүүлэх “Гал тэрэгний буудал” бүтээлийнхээ зураг авалтыг Варшавын төв буудалд хийж дуусгаад байх үеэр нь зургийн хальсийг цагдаа нар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан сэжигтнийг нотлох баримт болгон хурааж авсан гэдэг. Хэдийгээр түүний хальс нотлох баримт болон ашиглагдаагүй ч Киесловски энэ үйл явдалд хүчтэй эмзэглэж, уран бүтээлийг нь засаг захиргаа хэн нэгнийг буруутгах баримт болгон ашиглаж буйд гэмшин, цаашид баримтат төрлөөс гарахаар хатуу шийдсэн гэдэг.

Уран сайхны бүтээлүүд

1975 онд Киесловски анхны бүрэн хэмжээний уран сайхны бүтээл “Боловсон хүчин” дээрээ ажиллаж эхэллээ. Театрын техникчийн сургуульд өнгөрөөсөн он жилүүдийн дурсамж, урлагийн тухай гэгээхэн төсөөлөл ба бодит амьдралын зөрүүтэй байдлаас үүдсэн гутрал, тайзны арын бужигнаант амьдралыг хагас намтарчилсан байдлаар дэлгэн харуулахдаа зураг авалтаа баримтат киноны байдлаар гар дээрээс хийж, мэргэжлийн ба мэргэжлийн бус жүжигчдээс бүрдсэн багтай хамтран ажиллажээ.

Уран бүтээлүүдэд нь улс төрийн тухай асуудлууд олонтоо хөндөгдөж байснаар нь түүнийг улс төржсөн бүтээлүүд хийдэг хэмээн шууд дүгнэх нь хэтэрхий түргэдсэн алхам болох бөгөөд түүний бүтээлийн төвд ямагт хүн, түүний дотоод ертөнцийн донсолгоо оршиж байсан юм. Хүмүүсийн амьдралын нарийн төвөгтэй асуудлуудыг нээн харуулах явцдаа л тэр улс төртэй холбогдож байлаа.

Киесловскийн бүтээхүйн арга барил туйлын няхуур, уян хатан байсан учраас сүүлийн мөчид санаагаа гэнэтхэн өөрчлөх, шинээр зураг авалт хийх, эвлүүлгийн шатанд бүтээлдээ олон дахин засвар өөрчлөлтүүд оруулах байдал олон ажиглагддаг байв. 1973 онд телевизэд зориулан бүтээсэн уянгын бүтээл “Газар доорх гарц” нэртэй гучин минутын урттай бүтээлийнхээ зураг авалтыг есөн өдөр хийсэн ч Киесловски төсөөллөө сүүлчийн өдөр гэнэтхэн өөрчилж бүх зураг авалтаа шинээр хийж байв.

1970-аад оны дунд үеэс эхлэн Польшийн хөдөлмөрчид нэгдэн коммунист намыг ардчилсан шинэчлэл хийхийг шаардаж эхэлсэн нь 1978 онд Ромын пап Ион Павелийн эх нутагтаа хийсэн айлчлалын үеэр улам ч гаарчээ. Энэ үеэр Киесловски Польшийн кино бүтээлчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг улс төрөөс үүдсэн сэтгэлийн хоёр дахь томоохон хямралтайгаа нүүр тулахад хүргэсэн гэдэг.

Хөдөлмөрчдийн нэгдэл уран бүтээлийн эрх чөлөөт байдлыг шаардаж байсан бөгөөд энэ талаар Киесловски “Кино бүтээгчид ард түмэнтэй нэгдэх ёстой. Энэ үед бидний бодол санаа маш чухал. Хэрвээ бид ард түмний хүсэл эрмэлзлийг үл тоомсорлох аваас, би өөрийнхөө албан тушаалаас огцрохыг хүсэж байна. Би хувьсгалын үйл хэрэгт оролцохгүй өнгөрч чадахгүй.” гэж байлаа. Энэ үеэдээ Киесловски уран бүтээлийн чиглэлдээ өөрчлөлт оруулж, нийгмийн байдлыг шүүмжилсэн бүтээлүүд туурвиж байсан Януш Киевски, Анджей Вайда, Агнешка Холланд нарын үзэл баримтлалыг дэмжиж эхэлсэн бөгөөд “Ёс суртахууны зовиур” (Moral Anxiety) хэмээн нэрлэгдсэн Польшийн кино давалгаанд энэ үеийнх нь бүтээлүүдийг судлаачид хамруулан үздэг. Улс төр, нийгмийн байдалд шүүмжлэлтэй хандаж байсныхаа төлөөсөнд Киесловски Польшийн засгийн гарын байнгын хяналтын дор уран бүтээлээ туурвих болж кинонууддаа ахин засвар хийх, шинээр зураг авах эсвэл бүтээлээ бүхлээр нь хориглуулах гэх мэтийн саад бэрхшээлүүдтэй нэг бус тулгарч байв.

1979 онд Киесловски “Кино сонирхогч” бүтээлээрээ тухайн үеийн социалист лагерийн орнуудын хамгийн нэр хүндтэй кино наадам болох Москвагийн олон улсын кино наадмаас тэргүүн шагнал хүртсэнээр олон улсын түвшин нэр хүндийг олсон юм. Польшийн кино сонирхогчдийн амьдралын тусгал болсон бүтээлийг Ежи Штурын сэтгэл хөдөлгөсөн тоглолт улам ч чимэглэжээ.

1980 аад оноос Польшийн ард түмний коммунист дэглэмийг эсэргүүцсэн эсэргүүцэл оргил цэгтээ хүрч, коммунист намын зарим гишүүд хүртэл чөлөөт худалдаа, хүний эрх, мэдээллийн чөлөөт байдлыг дэмжиж эхлэв.

Энэ үеэр Киесловски “Тавилан” нэртэй Витек хэмээх анагаахын их сургуулийн оюутан залуугийн амьдралын гурван өөр замыг зэрэгцээ байдлаар өгүүлсэн бүтээлээ туурвиж байлаа.

Эцгийнхээ үхлийн дараа Варшав орох галт тэргэнд амжиж суухаар яарах Витек эхний удаад гал тэргэнд амжиж сууснаар коммунист намын гишүүн хижээл эртэй танилцаж, намын гишүүн болж, үүнээсээ болон хайртай бүсгүйгээсээ хагацдаг. Харин хоёр дахь хувилбарт Витек галт тэрэгнээс хоцорч, буудлын хамгаалалтын ажилтантай муудалцан шүүхэд дуудагдаж, 30 өдрийн албадан хөдөлмөрийн ялаар шийтгэгдэж, улмаар ардчиллын төлөөх нууц хөдөлгөөнүүдэд нэгдэнэ. Эцсийн хувилбарт Витек галт тэрэгнээсээ хоцрон анагаахын сургуулийн оюутан Ольгатай танилцаж гэрэлдэг.

Уг бүтээлийнхээ зураг авалтад Киесловски нэлээдгүй анхаарч ажилласан бөгөөд өмнөх баримтат хэлбэрийн зураг авалттай уран сайхны бүтээлүүдтэйгээ харьцуулахад илүү үзэсгэлэнтэй болж, урссан зураг авалт, хүчтэй дүрслэл зэргээр баяжуулан чимэглэсэн байдаг. Гал тэргэнд амжиж суух эсэхээс шалтгаалан нэг залуугийн амьдралд гарч болох хувь заяаны гурван өөрчлөлтөөрөө коммунизмын мөрөөдөлд автах, эрх чөлөөний төлөө тэмцэх, улс төрийн ямар нэг үзэл бодлоос ангид нам жим амьдрах гэсэн тухайн үеийн Польшийн ард түмний өмнө тулгарч байсан амьдралын гурван сонголтыг харуулжээ.

1981 оны 12-р сард Польшийн засгийн газар орон даяар онцгой байдал зарлаж, цэргийн дэглэм тогтоон коммунист намын эсрэг үзэлтнүүдийг баривчилж, соёл урлагийн арга хэмжээнүүдийг бүрэн хаалаа. Энэ үеэр уран бүтээл туурвих боломжгүй болсон Киесловски мөнгө олохын төлөө таксины жолооч болхоор оролдож байсан гэдэг.

1985 онд Киесловскийн ээж машины ослоор нас барсан бөгөөд сэтгэлээр унасан Киесловски хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн ч төд удалгүй эргэн ирж “Төгсгөлгүй” нэртэй цэргийн дэглэмийн үеийн Польш орны тухай бүтээлээ туурвижээ. Энэ бүтээл дээрээ дүрүүдээ өмнөх бүтээлүүдээсээ илүү эмзэг мэдрэмтгий байдлаар харуулсан нь Киесловскийн хожмын уран бүтээлүүдэд нөлөө үзүүлсэн юм.

Уг бүтээлийнхээ зохиол дээр ажиллах үерээ Киесловски Польшийн хуульч Кшиштоф Песевичээс хуулийн талаар зөвлөгөө аван зохиолоо хамтран бичсэн бөгөөд цаашид ч хэд хэдэн бүтээл дээр хамтран ажилласан юм. Үүнээс гадна Киесловски өөрийн замналынхаа өөр нэгэн хүчирхэг хамтрагч хөгжмийн зохиолч Збигнев Прайснертэй мөн л эл бүтээлд анх хамтран ажилласнаар кино урлагийн түүхэн дэх найруулагч ба хөгжмийн зохиолчийн аугаа нэгдэлийн нэгийг бий болгосон юм. Киесловскийн кинонд зориулж Прайснер хөгжим бичиж байсан гэх нь энэхүү хамтын ажиллагааны төгөлдөр шинжийг бүрэн дүүрэн илтгэж чадахгүй бөгөөд ерөөсөө тэд хамтран урнаар бүтээж байсан гэх нь илүү оновчтой. Тэдний хэн нэгнийг нөгөөгүйгээр нь төсөөлөхийн аргагүй юм.

Цаг хугацааны эрхэнд Польшид тогтнож байсан цэргийн дэглэм унаснаар Киесловскийн кинонууд ч улс төрийн сэдвээс аажмаар холдож эхэлсэн бөгөөд тэрээр “Чиний коммунист эсвэл капиталист нийгэмд амьдарч байгаа чинь хамаагүй. Хамгийн гол асуудал бол амьдралын утга учир юу вэ эсвэл яагаад бид өглөө босдог вэ?” хэмээсэн нь түүний уран бүтээлд хандах хандлагыг шууд тодорхойлно.

1988 оны туршид Песевич, Киесловски нар библийн арван сургаальт үгст зориулан “Декалог” буюу “Арван хууль” нэртэй тус бүр нэг цагийн урттай арван анги бүтээлийг Польшийн телевизэд зориулан бүтээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд 10 кинондоо Киесловски есөн өөр зураглаачтай ажиллажээ.

Декалог цувралын 5-р ангийг хожим “Аллагын тухай богино кино”, 6-р ангийг “Хайрын тухай богино кино” нэрээр бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хөгжүүлсэн бол 9-р ангийг “Атаархлын тухай богино кино” нэрээр хөгжүүлэхээр зэхэж байсан ч хэтэрхий ачаалал дунд ажилласнаас ядаргаанд орох шахсан Киесловски дуусгасангүй.

1989 оноос эхлэн Горбачевийн перестройка эхэлснээр Польшийн нийгмийн амьдралд ч томоохон өөрчлөлтүүд гарч, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Польш анх удаагаа эрх чөлөөт орон боллоо.

Энэ байдал нь Киесловскид олон улсын тавцанд ажиллах боломжийг олгосноор Киесловски, Песевич, Прайснер нарын “их гурвал” ахин нэгдэж “Вероникийн хоёрдмол амьдрал” нэртэй, Польш, Францад амьдарч буй биесээ үл мэдэх хоёр бүсгүйн нууцлаг холбоо харилцааны тухай бүтээлээ бүтээснийг нь европ дахин нэгдэж буйн тусгал болсон кино хэмээн барууны хэвлэлээр шуугиж байлаа. Прайснерийн Киесловскийн эх санаанд гайхамшигтай нийцсэн хөгжим, диваажингийн мэт зураглал, дээд зэргийн яруу найраглаг байдал дээр нэмээд Ирен Жакоб хоёр өөр бүсгүйн дүрийг төгс бүтээсэн тоглолт зэрэг нь эл бүтээлийг Киесловскийн замналын хамгийн аугаа бүтээлүүдийн нэг болгосон юм.

1993 оноос эхлэн Киесловски Францын далбааны гурван өнгөөр (Цэнхэр: эрх чөлөө, Цагаан: тэгш байдал, Улаан: нэгдмэл байдал) хүний дотоод ертөнцийг дэлгэн харуулсан Гурван өнгө нэртэй трилогийг бүтээж эхэлсэн нь сүүлчийн бүтээл нь болохыг тэр мэдээгүй байлаа.

Нөхөр, хүүхдээ автомашины ослоор алдсан Жулие амьдралд эргэн ирэхийг оролдож буй тухай Хөх, сайхан франц эхнэртээ хаягдан сэтгэлээр унасан Польш эрийн өшөө авах хүслийн тухай Декалог цувралын 10-р ангийг зарим талаараа санагдуулам хар хошигнол “Цагаан”, Модель бүсгүй ба тэтгэвэрт гарсан өвгөн шүүгч хоёрын харилцааны тухай “Улаан”-аас “Гурван өнгө” трилоги бүрдэнэ. 1994 онд “Гурван өнгө” цувралын сүүлийн анги болох “Улаан” нээлтээ хийсэн нь шүүмжлэгчдийн зүгээс магтаалаар булуулж, Алтан бөмбөрцөг, Оскар, Цезар гээд нэр хүндтэй бүхий л кино наадмуудад шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшсэн ч тэр жилдээ эцэж ядарсан 53 настай найруулагч өөрийгөө кино урлагаас бүрэн холдож буйгаа мэдэгдлээ.

Гурван өнгө трилогийг бүтээхийн тулд Киесловски цаг хугацаатай уралдан нойр хоолгүй ажиллаж, Цэнхэрийн эвлүүлэг, Цагааны зураг авалт, Улааны кино зохиол дээр нэгэн зэрэг ажиллаж байсан нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр дараагийн жилүүдэд кино урлагт эргэн ирэх талаар эргэцүүлж Там, Диваажин, Газрын тухай өөр нэг трилоги бүтээхээр сонирхож байсан ч 1996 онд зүрхний хагалгаанд орох үеэрээ 53 насандаа таалал төгсөж хөрстийн амьдралаас үүрд хагацан одсон юм.