Энэ жилийн наадам маань хөтөлбөрийн хувьд дэлхийн хэмжээний өргөн цар хүрээтэй болж чадсан гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Нийт 43 орны 218 бүтээл ирүүлснээс уралдаант хэсэгт 20 орны 44 бүтээл шалгарсан билээ.

Монгол - 11, АНУ – 8, Канад – 4, Бразил – 3, Франц – 2, Итали – 2, ОХУ, Их Британи, Шри-ланка, Турк, Герман, Унгар, Хорват, Япон, Сингапур, Ирланд, Бельги, Иран, Чех, Боливи тус тус 1 бүтээл шалгарсан байна.

Эндээс давхардсан ангиллаар:

Хүүрнэлт бус кино – 20, Хүүрнэлт кино -12, Хүүхэлдэйн кино – 19 байв.

6-р сарын 6

Нээлтийн үйл ажиллагаа уран бүтээлч Ж.Анунарангийн перформанс артаар эхэлсэн юм.

Ингээд гадаадаас уригдан ирсэн зочид болох Петер Черкасски, Ив Хеллер нар үзэгчидтэй танилцаж нээлтийн кино хөтөлбөр болох тэдний 4 богино үзэгчдэд хүрсэн билээ.

Энэ дундаас “Чамин цогц” кино нь манай кино наадамд нээлтээ хийхээс дөнгөж 10 хоногийн өмнө Каннын кино наадамд нээлтээ хийж улмаар тусгай шагнал аваад байсан билээ.

 

Ийнхүү “Чамин цогц” киноны Ази дахь нээлт амжилттай явагдаж үзэгчид Петер, Ив нарыг асуултаар булав.

Уралдаант хэсгийн кинонуудын эхний 17 киног толилуулсны дараа Ив Хеллер Master class-ыг хөтлөн явуулахдаа өөрийн бусад кинонуудаас үзүүлсэн юм.

Энэ жил кино наадам маань Австри улсыг онцолсон. Австрийн томоохон дистрибьютор sixpack film-ийн зүгээс дэмжлэг үзүүлснээр Австрийн авангард киноны хөтөлбөрт 7 богино киног толилуулах боломжтой болсон билээ.

Эдгээр 7 киноны эцэст Петер Черкасски Австричууд авангард кино бүтээгчдийнхээ 3-р үе дээрээ явж буйг хэлсэн билээ. Гэхдээ хэдий тийм ч зарим уралдаант хэсэгт өрсөлдсөн Монгол бүтээл олон жилийн уламжлалтай гадаад орны бүтээлүүдийн энтэй тэнцэхүйц байсныг Петер дурдсан болохыг энд дуулгах нь зүйтэй.

6-р сарын 7

Уралдаант хэсгийн кинонуудын хоёр дахь хэсэг болох 10 бүтээлийг үзүүлсний дараа Монгол улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Кино урлаг ба үндэсний хэв шинж” нэртэй хэлэлцүүлгийг явуулсан билээ.

 

Петер Черкасски гараар урласан кино master class-аараа хэрхэн ортохроматик хальсийг ашиглан бэлэн олдмол материалыг дахин гэрлээр цохиулах аргаар гоо зүйн хувьд дээд түвшний авангард бүтээл урладаг нууцаасаа хуваалцав. Хэдий хальс ашиглан кино бүтээх боломж ховор ч Черкасскийн сургалтаас мэдэж авах ур ухаан нь дижитал байдлаар кино хийхэд ч гоо зүйн хувьд, эвлүүлгийн хувьд томоохон ухаарал болсон гэдэгт итгэлтэй байна.

Уралдаант бус хэсэгт Алтан хальс холбооны залуу гишүүдийн 2 бүтээлийг үзүүлсний дараа уралдаант хэсгийн үлдсэн 17 киног толилуулсан юм.

Алтан хальс холбооны тэргүүн, найруулагч С.Бямба 2002 онд Мааньтийн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн асрах газраас сурвалжилсан нь богино баримтат кино болон үлдсэн юм. Гэхдээ тэр цагаас хойш С.Бямба найруулагч энэ киног хэнд ч үзүүлэхийг хүсээгүй юм. Энэхүү киног С.Бямба найруулагч “Баримтат кино ба ёс суртахууны асуудал” хэлэлцүүлгийнхээ өмнө үзүүлсэн нь тэнд байсан хүмүүст бол дахиж олдохгүй хувь гэлтэй.

Дараагийн хөтөлбөр маань “Кино бол хөгжим“ байсан бөгөөд Ив Хеллерийн “Зөөлөн хиртэлтийн цаана” бүтээлд Crepusculo (У.Золбоо) хэмээх уран бүтээлч тусгайлан зориулж электроник хөгжим зохиосныг киноны хамт толилуулсан нь Монголын электроник хөгжмийн хөгжлийг тодорхойлохуйц бүтээл гэхэд хилсдэхгүй биз ээ.

Наадмын хамгийн онцлох хэсэг байж мэдэх Петер Черкасскийн “Кино сурталчилгаа” бүтээл дээр Моханик хамтлаг шууд импровизаци буюу газар дээр нь хөгжим зохион тоглосон нь үзэгчдийг огшоосон гэдэгт итгэлтэй байна.

Үүний эцэст шүүгчдийн шийдвэрийг зарлаж шагнал гардуулах ёслол болов.

Шилдэг хүүхэлдэйн кино

Хүүхэлдэйн кино - Крис Дэйкин (Шри-Ланка)

Шилдэг хүүхэлдэйн кино төрлийн тусгай шагнал

Нойр – Сарантуяагийн Шүрээ (Монгол)

Шилдэг хүүрнэлт кино

Энэ эзэнгүй айл биш - Кэрол Нгюэн (Канад)

Шилдэг хүүрнэлт кино төрлийн тусгай шагнал

БЕН – Күсти Фраун (Герман)

Шилдэг хүүрнэлт бус кино

#0 – Даваагийн Доржханд (Монгол)

Шилдэг хүүрнэлт бус кино төрлийн тусгай шагнал

Маргааш нар өөр байсан – Анна Крывенко (Чех)

Шүүгчдийн нэрэмжит шагнал

Компьютер (бидний амьдралд) - Трейси Херчер (АНУ)

Кино наадмын хамгийн дээд шагнал болох Алтан хальс шагнал

Гарчиггүй №1: Зүйлт үлдэцийн бүжиг - Карлос Адриано (Бразил)

Эдгээр кинонуудыг Австрийн хамгийн том кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулах бөгөөд Монголоос шагнал хүртсэн 2 бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яамнаас дэмжин Мельбурний андерграунд кино наадмын сонголтын хороо руу илгээж буй юм.

6-р сарын 13

Кино наадамд шагнал хүртсэн бүтээлүүдийг, уралдаант хэсэгт шалгарсан Монгол бүтээлүүдийн хамт дахин толилуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. Ийнхүү кино наадам маань албан ёсоор өндөрлөв.