68 дахь удаагийн Каннын кино наадам 5 сарын 13-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахыг үзэгчид хэдийн мэдсэн биз ээ. Каннын кино наадам албан ёсоор эхлэхээс өмнө шүүгчдийн бүрэлдэхүүн, уралдаант хэсэгт өрсөлдөх бүтээлүүд тодорхой болдог нь Каннын эргэн тойрон дахь дуулиан шуугиан, кино критик, үзэгчдийн таамаглал, хүлээлт зэргээр тухайн жилийн хамгийн далайцтай, чансаатай кино наадмын зүг хэн бүр анхаарал хандуулан сонирхох хангалттай шалтаг болдог билээ. Өмнө бид энэ жилийн Каннын кино наадмын гол уралдаант хэсэгт өрсөлдөж буй онцлох кинонуудыг танилцуулсан бол энэ удаад бусад хэсгүүдэд толилуулагдаж буй онцлох кинонуудыг танилцуулж байна.

АН СЕРТЭН РЕГАР (UN CERTAIN REGARD)

Ан Сертэн Регар бол залуу уран бүтээлч, эх чанар бүхий зоригтой, бүтээлч ажиллагааг тодруулах зорилгоор голуралдаант хэсэгтэй зэрэгцэн өрнөдөг, шагналын нэр хүндээрээ ч Алтан далдуу модын дараа нэрлэгдэх онцлох уралдаант хэсэг юм. Ан Сертан Регараас залуу авьяастнууд дэлхийн кино урлагийн тавцнаа олноор тодрон гялалздаг билээ. Грекийн найруулагч Иоргос Лантимос “Соёо”(Dogtooth, 2009), Солонгосын арт хаус, минималист киноны онцлох уран бүтээлч Хон Сан Сү “Хахаха” (Hahaha, 2010), алдарт Ким Ки Дук “Ариранг” (Arirang, 2011) зэрэг бүтээлүүдээрээ Эн Сертэн Регар хэсгийн дээд шагналыг хүртэж байсан бол түрүү жил Унгарийн найруулагч Корнель Мундруцо “Цагаан бурхан”(White God, 2014) кино чамгүй шуугиан тарьж Эн Сертэн Регар Прикс шагналын эзэн болсон юм.

Гол уралдаант хэсэгт (Official Selection) уран бүтээлээрээ хэдийн танигдаж, урлан бүтээхүйн ид насан дээрээ яваа найруулагчид гол төлөв сонгогддог бөгөөд кино хэл, найруулга, хийцийн хувьд өөрийн онцлогоо хэдийн олсон чансаатай уран бүтээл сонирхох, эсвээс хайртай найруулагчийнхаа шинэ киног алдалгүй үзэх гэсэн үзэгч, кино хорхойтнуудын хувьд гол уралдаант хэсэг үнэхээр нэг шавайг нь хангаж, хорхойг нь гозолзуулам амтат бялуу билээ.

Харин дэлхийн кино урлагийн агуу тогоон дотроос шинийг нээх, магадгүй туурвин бүтээхүйн эхэн үед л тод томруун илэрдэг, ямарваа нэг хийц, уламжлалын элдэв хязгаарт баригдаагүй, аливааг зоригтой туршиж, бэдэрч буй залуу уран бүтээлчдийн эрэлхийллийн шинэ бүтээлийг үзэх гэсэн кино хорхойтнуудын хувьд жил тутам Ан Сертан Регар хэсгийг сонирхох нь улам ихсэж, тэр хэрээр нэр хүнд нь өссөөр байгаа билээ.

Каннын кино наадмыг бусад ижил төрлийн кино наадмаас ялгаруулан өргөж өгдөг онцгой чанар болох залуу уран бүтээлчдийг дэмжих, нээх, олонд таниулах зорилгын дийлэнх хэсэг мөн Ан Сертан Регар хэсгээр гүйцэлддэг юм.

Нээлтийн кино: Амтат улаан шошны зутан” (Sweet Red Bean Paste)

Төрөлх япон хэл дээрээ “Аn” хэмээх хоёрхон үсэгтэй товч үгээр буух “Амтат улаан шошны зутан” кино бол японы найруулагч Наоми Кавасэгийн бүтээл. Каннын кино наадмын гол уралдаант хэсэг Эмануэль Берко хэмээх эмэгтэй уран бүтээлчийн “Өөдөө тэмүүлэхүй” (Standing Tall) киногоор нээж буй бол Эн Сертан Регар хэсэг японы эмэгтэй найруулагч Наоми Кавазагийн шинэ бүтээлээр эхлүүлж буй нь онцлом явдал болж байна.

Нээлтийн киноны эзэн Наоми Кавазе бол дэлхийн кино урлагт баримтат бүтээлүүд, баримтат мэт бодит хийцтэй минималист уран сайханы кинонуудаараа хэдийн танигдсан нэгэн билээ.

Эцэг, эх нь салснаас болж японы бяцхан сууринд, авга эгч дээрээ өсөж торнисон Наоми Кавазе хаяж явсан аавыгаа хайн бэдрэх охины тухай, өөрийг нь өсгөсөн нагац эгчийнхээ тухай зэрэг хувийн шинжтэй баримтат кинонууд хийн найруулагчийн замналаа эхэлжээ. Тэрбээр 1997 онд анхны бүрэн хэмжээний уран сайханы “Сузаку” (Suzaku) киногоороо “Алтан камер” (Каннын кино наадмын албан ёсны уралдаант хэсэг болон, Шүүгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоногт албан ёсоор сонгогдсон кинонуудаас анхны бүрэн хэмжээний уран сайханы бүтээлд олгодог дээд шагнал) шагналыг 28 насандаа хүртсэн нь тус шагналыг хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж байв. 10 жилийн дараа мөн 4 дэх бүрэн хэмжээний “Гаслант ой”(The Mourning Forest) бүтээлээрээ Каннын кино наадмын дэд шагнал болох Гранд Прикс хүртэж байжээ.

Эрэгтэй уран бүтээлчид илт давамгайлсан японы кино урлаг дахь онцлох цөөн эмэгтэй найруулагчдын нэг Наоми Кавазегийн сүүлийн бүтээл ямар болсныг үзэгчид хүлээх л үлдэж байна.

Онцлох кино:

Шинэ цагийн японы кино урлагт аймшгийн төрөл жанрын киног хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулагч триллер, хоррор жанраар ихэвчлэн уран бүтээл туурвигч Киоши Куросавагийн “Далайн эрэг тийш аялал” хэмээх драм төрлийн бүтээл энэ жилийн Ан Сертэн Регар хэсэгт сонгогджээ.

10 гаруй аймшгийн кино хийж, энэ төрөл жанртаа өндөр нэр хүндтэй болоод байсан Киоши Куросава 2008 онд гэнэт “Токиогийн сонат” (Tokyo Sonata) нэртэй анхны гэр бүлийн драм киногоо бүтээсэн билээ. Сайх кинонд хэдий хий үзэгдэл, буг чөтгөр, нууцлаг хүч зэрэг далдын зүйлс гарахгүй ч хүн хоорондын хүнийсэл, үл ойлголцлыг тун хүчтэй харуулснаар өмнөх аймшгийн кинонуудаасаа ч илүү үзэгчдийг айлгаж орхисон хэмээн хошигнох нь бий. Киоши Куросава “Токиогийн сонат” бүтээлээрээ сайн драм кино хийж чадахын жишээг үзүүлсэн билээ. Тиймээс ч түүний кино карьерын түүхэн дэх хоёр дахь драм кино Ан Сертэн Регар хэсэгт сонгогдсон нь тус киног онцлох хангалттай шалтаг юм.

ТУСГАЙ ҮЗВЭРҮҮД

Каннын кино наадмын уралдаант хэсгээс гадна тусгай үзвэрүүдийн хүрээнд тухайн жилийн онцлох шинэ кинонууд нээлтээ хийн үзэгчдэд хүрдэг билээ. Тэрхүү тусгай үзвэрүүдийн үеэр гарах онцлох кинонуудыг үзэгчдээ танилцуулъя.

Уралдаант хэсгээс гадна (Out of Competition)

Уралдаант хэсгээс гадна болох сайх үзвэрийн үеэр ухаалаг ёжлолын мастер Вүүди Аллены шинэ кино “Ухаангүй эр” (Irrational Man), Пиксар студийн шинэ анимэйшн кино “Inside Out”, Жорж Миллерын шинэ блокбастер “Mad Max: Fury Road” болон “Бяцхан Хунтайж” нэртэй ахин нэг анимэйшн гэх нийт дөрвөн кино сонгогджээ. Уралдаант хэсгээс гаднах сайх үзвэр үзэгчдийг зугацуулах гэсэн илүү энтертаймент шинжтэй нь анзаарагдаж буй биз ээ.

Энэхүү үзвэрийн үеэр анх удаа гарах “Бяцхан Хунтайж” анимэйшн кино бол францын зохиолч Антуан Де Сент-Экзюперигийн ижил нэрт сонгодог хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл юм. Францчуудын зүй ёсны бахархал, дэлхийн хүүхэд багачуудын хайртай зохиол “Бяцхан хунтайж” ийн анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ амилах болсон нь хэн бүхний анхаарлыг татаж буй онцлох үйл явдлын нэг болоод байна.

Шөнийн үзвэр (Midnight Screenings)

Канын кино наадмын шөнийн үзвэрт гурван кино сонгогдсоноос үзэгчдийн сайн танил аргентины найруулагч Гаспар Ноэгийн шинэ кино “Хайр” (Love) багтсан нь ихээхэн хүлээлт өндөртэй байна. “Юуг ч урлаг болгож болох учраас урлаг, порно хоёрыг зааглан татан шугам гэж байхгүй” хэмээн тунхагладаг Гаспар Ноэ хүчирхийлэлт секс, нийгмийн ёс суртахуун, хэв журмыг үл ойшоосон нихилист, цөхрөнги хэв маягийн бүтээлүүдээрээ алдартай.

Каннын кино наадмын шөнийн үзвэрээр Гаспар Ноэгийн шинэ киног анх үзэх боломжтой гэхээр Канн аргагүй л далайцтай, чансаатай кино наадам юм хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Шөнийн үзвэрийн сонирхол татаж буй нэгэн бүтээл бол 2011 онд 27 насандаа өөд болсон алдарт дуучин Эйми Вайнхаусын тухай өгүүлэх “Эйми ” (Amy) нэрт баримтат кино юм. Эйми Вайнхаусын тухай баримтат кино хийгдэж байгаа тухай багагүй шуугиан тархаад байсны учиг энэ жилийн Каннын кино наадамд ийн тайлагдах болж, анх удаа үзэгчдэд хүрэх нь байна.

Онцлох үзвэр (Special Screenings)

Онцлох үзвэрт уралдаант хэсэгт шалгараагүй ч үзэгчдэд заавал үзүүлэх учиртай онцлох кинонууд багтдаг гэхэд болно.

Энэ жилийн онцлох үзвэрт орон орны долоон найруулагчийн кино багтсанаас гурав нь анхны бүтээл аж. Бидний сайн мэдэх алдарт жүжигчин Натали Портманы найруулсан “Харанхуй хийгээд хайрын тухайхүүрнэл” (A Tale of Love and Darkness) хэмээх анхны кино харамсалтай нь уралдаант хэсэгт шалгарч чадаагүй ч онцлох үзвэрээр толилуулах болжээ. Натали Портман сайх киногоо өөрөө найруулснаас гадна гол дүрд тоглосон нь харин жигтэй шийдвэр байв. Жүжигчид найруулгын дебютэндээ гол төлөв өөрөө тоглодгоос тухайн киноныхоо найруулагч бус жүжигчин болчихдог гэмтэй. Юутай ч Натали  Портманы шүтэн бишрэгчдийн хувьд хайртай жүжигчнээ хэрхэн кино найруулсныг харах сонирхолтой байх болов уу.

ОНЦГОЙ ҮЗЭГДЭЛ: Каннын эмэгтэйчүүд

Энэ жилийн Каннын кино наадамд ажиглагдаж буй нэгэн онцгой үзэгдэл нь ихэвчлэн сүүдэрт нуугдаж байдаг эмэгтэй найруулагчид гол тайзнаа тодрон гарч ирж буй явдал юм.

Өмнө дурдсанчлан Наадмын гол уралдаант болон Ан Сертан Регар хэсгийн нээлтийн киногоор нэгэн зэрэг эмэгтэй найруулагчдын бүтээл гарах болсон нь Каннын кино наадмын түүхнээ анхны удаагийнх юм. Мөн Ан Сертан Регар хэсгийн ерөнхий шүүгчээр Итали-Америкийн жүжигчин, найруулагч Изабелла Розеллини ажиллахаар сонгогдсон билээ. Мөн гол уралдаант хэсэгт хоёр эмэгтэй найруулагчийн бүтээл, Ан Сертэн Регар хэсэгт гурван эмэгтэй найруулагчийн кино сонгогдсон нь Каннын кино наадмын түүхэн дэх чамгүй өндөр үзүүлэлт юм.

Каннын кино наадмыг бусад кино наадмуудтай харьцуулахад эмэгтэй найруулагчдад төдийлөн ээлттэй ханддаггүй хэмээн шүүмжлэх нь олонтой бөгөөд энэ удаад харин сайх шүүмжлэлээс холуур өнгөрөх нь. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадамд эмэгтэй уран бүтээлчид олноор үзэгдэх болсон нь кино урлаг дахь эрчүүдийн давамгайлал зугуухан ч гэсэн өөрчлөгдөж буйн дохио биз ээ.

*     *    *