Кино уран бүтээлч, үзэгч, кино хорхойтнуудын хувьд энэ жилийн хамгийн онцлох үйл явдал эхлэхэд цөөн хоног үлдээд байна.  Кино урлагийн олимп гэгддэг Каннын кино наадам энэ жил 68 дахь удаагаа, Франц орны далайн эргийн Канн хотноо 5 сарын 13-24-ны өдрүүдэд болно. Түүнээс өмнө энэ сарын 16-ны өдөр Наадамд өрсөлдөх кинонууд, 21-нд шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарласан нь кино урлаг дахь халуун сэдэв болоод байна. Бид кино урлаг дахь хамгийн нэр хүндтэй, далайцтай үйл ажиллагаа болох Каннын кино наадмын урьдчилсан тоймыг уншигчдадаа хүргэж байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Жил бүр Каннын кино наадмын гол уралдаант хэсгийг (Official Selection) шүүх бүрэлдэхүүн, ерөнхий шүүгч хэн байх нь кино хорхойтнууд, үзэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг. Кино найруулагч, жүжигчин, продюсер гээд кино урлагийн халуун тогоонд идэвхитэй туурвиж, ажилладаг орон орны найман төлөөлөл энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээдэг. Энэ жилийн Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр Ах дүү Коан ажиллахаар болжээ. “Фарго” , “Бартон Финк”, “Хөгшдөд нутаг үгүй”, “Льюин Дэвисийн ертөнц” зэрэг алдартай бүтээлүүдийн эзэн Америкийн ах дүүсийг уншигчид андахгүй биз ээ, зарим нь ч хайртай найруулагчдаа нэр хүндтэй наадмын ерөнхий шүүгчээр сонгогдсонд баярлан буй нь дамжиггүй. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүн угаас олонд нэр алдар нь түгсэн оддоор дутахгүй бололтой. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Ойн савдгийн эргүүлэг” (Pan’s Labyrinth, 2006) зэрэг бараан уран сэтгэмжит бүтээл, “Тамын хүү” зэрэг цуврал блокбастерын эзэн Мексикийн найруулагч Гильермо дель Торо, “Донни Дарко”, “Бөгтөр уул” зэрэг киноны дүрүүдээрээ олонд танигдсан Америкийн жүжигчин Жейк Жилленхол, францын алдартай жүжигчин Софи Марсу зэрэг кино урлагийн одууд багтжээ.

Нээлтийн кино: “Өөдөө тэмүүлэхүй” (Standing Tall)

68 дахь удаагийн Каннын кино наадмын нээлтийн киногоор францын найруулагч, жүжигчин Эмануэль Беркогийн “Өөдөө тэмүүлэхүй” (Standing Tall) кино сонгогджээ. 1987 оноос хойш Каннын кино наадам анх удаа эмэгтэй найруулагчийн бүтээлээр нээж буй нь энэ жилийн нэгэн онцлог юм. “Өөдөө тэмүүлэхүй” киноны гол дүрд кино урлаг дахь “Өдрийн гоо бүсгүй”, францын нэрт жүжигчин Кэтрин Дэнёв тоглосон нь бас нэг онцлог. Нээлтийн кино шалгаруулалтын хэсэгт өрсөлддөггүй билээ.

Онцлох бүтээлүүд

Жастин Карзел “Макбет” (Macbeth)

Австралийн найруулагч Жастин Карзелийн гурав дахь бүрэн хэмжээний бүтээл “Макбет” кино гол уралдаант хэсэгт өрсөлдөхөөр сонгогджээ. Шекспирийн сонгодог туурвил “Макбет” жүжгийг кино хэлнээ хэрхэн хөрвүүлсэн нь үзэгчдэд сонин байх нь дамжиггүй. “Макбет” киноны Макбетийн дүрд жүжигчин Майкл Фассебендер, хатагтай Макбетийн дүрд Марион Катийяр тоглосон нь үзэгчдийн сонирхлыг татах ахин нэг шалтгаан юм. Найруулагч Жастин Карзелийн хувьд 2011 онд хийсэн анхны бүрэн хэмжээний “Цаст суурингийн аллага” киногоороо чамгүй хүрээнд нэр хүнд олсон нэгэн билээ. Каннаар анх удаа олон нийтэд хүрч буй түүний “Макбет” амжилт, гонсойлтын алиныг дагуулахыг харах л үлдэж байна.

Йоргос Лантимос “Хавч” (The Lobster)

Грекийн тайз, дэлгэцийн найруулагч Йоргос Лантимос 2009 оны “Соёо” (Dogtooth) киногоороо үзэгч, кино сонирхогчдыг алмайруулж, ихээхэн шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ удаад түүний “Хавч” хэмээх сүүлийн бүтээл нь Каннд өрсөлдөхөөр болжээ. Зөгнөлт, мелодрам сайх кинонд гарах улсад тодорхой насанд хүрсэн ганц бие хүн 45 хоногийн дотор таарах хосоо олохгүй бол түүнийг амьтан болгон хувиргаад ойд тавих хуультай аж. Йоргосын өмнөх “Соёо” киноны хурц шийдэл, сонирхолтой найруулгыг мэдэх үзэгчдийн хорхойг “Хавч” киноны эл сонирхолтой агуулга ёстой чинээнд нь тултал гозолзуулж, хүлээлт үүсгэж буй нь мэдээж юм.

Каннын архгууд

68 дахь удаагийн Каннын кино наадамд үзэгчдийн сайн мэдэх кино урлагийн архгууд чамгүй чуулжээ. Энэ ч зүй ёсны үзэгдэл юм. Наадмын гол уралдаант хэсэгт залуу найруулагчдын анхны бүтээлүүд сонгогдох нь ховор. Ихэнх нь л аль нэг бүтээлээрээ алдаршсан танил найруулагчид байна.

Энэ удаад түрүү жил “Агуу гоо үзэсгэлэн” (Great Beauty) киногоороо Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж байсан Италийн найруулагч Паоло Соррентино “Залуу нас” (Youth) бүтээлээрээ өрсөлдөж байна. Түүнийг Каннын архаг гэхээс ч аргагүй. “Хайрын үр дагавар” (Consequences of Love, 2004), “Агуу гоо үзэсгэлэн” кинонууд нь Алтан далдуу модод нэр дэвшиж, хэд хэдэн кино нь гол уралдаант хэсэгт шалгарсаар ирсэн билээ. Ихээхэн тансаг, чамбай хийцтэй Паоло Соррентиногийн “Залуу нас” киноны трейлер гарснаас эхлээд л арт кино сонирхогч, үзэгч, кино шүүмжлэгчдийн дунд хүлээлт үүсч, сайн бүтээл болсон гэх итгэл төрөөд байгаа юм.

Хятадын зургадугаар үеийн найруулагчдын гол төлөөлөл Жя Жанкэгийн “Уулс нүүнэ” (Mountains May Depart) кино уралдаант хэсэгт өрсөлдөхөөр сонгогджээ. 2013 онд түүний “Нүгэлт санаачлага” кино Каннын кино наадмын шилдэг кино зохиолд нэр дэвшиж байсан бол, 2014 онд Жя Жанкэ уралдаант хэсгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан гэхээр сүүлийн хоёр жил түүний нэр Каннын кино наадмаас салаагүй аж.

Гэр бүлийн энгийн амьдралыг кинондоо голчон үзүүлдэг японы найруулагч Хироказү Кореадагийн “Бидний бяцхан эгч” (Our little sister) кино уралдаант хэсэгт сонгогджээ. Кино хорхойтнуудын дунд Хироказү Кореада гэх нэрийг сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Түүний “Ийнхүү эцэг, тийнхүү хүү” (Like Father, Like Son) кино нь 2013 оны Каннаас “Шүүгчдийн шагнал”-ыг хүртэж байсан юм.

Эргэн ирэгсэд

Тайваны шинэ үеийн нэрт найруулагч Хоу Сяосянь 2007 онд “Улаан бөмбөлгийн нислэг” (Flight of the Red Balloon) киногоо гаргаснаас хойш таг чиг болсон билээ. Гэтэл түрүү жилээс Хоу Сяосянь найруулагч тулаант төрлийн томоохон кино төсөл дээр ажиллаж буй нь ил болж, сайх кино нь 2015 онд гарах онцлох кинонуудын нэг болж байлаа. Үзэгчид, кино хорхойтнуудын эл хүлээлтийн учиг 68 дахь удаагийн Каннын кино наадам дээр тайлагдах учиртай байжээ.“Хөлсний алуурчин” (The Assassin) хэмээх тулаант төрлийн кино гол уралдаант хэсэгт сонгогдсоноор 7 жил кино таг чиг байсан Хоу Сяосянь кино урлагтаа эргэн ирсэн явдал боллоо. Гол төлөв түүхэн, драм төрлийн кинонууд хийдэг Хоу найруулагчийн уран бүтээлийн ийм огцом шилжилт үзэгчдэд сонин буй нь дамжиггүй.

2008 онд “Заан” (Elephant) киногоороо тухайн жилийн Каннын кино наадмын дээд шагнал Алтан далдуу мод хүртэж байсан Америкийн найруулагч Гас Ван Сантийн сүүлийн бүтээл “Моддын далай” (Sea of Trees) кино энэ жилийн Каннын кино наадмаар анхлан үзэгчдийн хүртээлд хүрэх нь ээ. Фужи уулын ойролцоох ширэнгэнд амиа хорлох гэж байсан Америк эр ойд төөрсөн Япон эртэй таарснаар хоёул нийлж ширэнгэнээс гарах арга зам хайж буй тухай өгүүлэх минималист хэв маягийн сайх киног амдан хүлээж байсан үзэгчид цөөнгүй биз ээ. Найруулагч Гас Ван Сант японы алдартай цуврал аниме “Үхлийн тэмдэглэл” (Death Note)-ээр хийгдэх киноны найруулагчаар ажиллах болсноо саяхан зарласан нь аниме сонирхогчдын хувьд тун таатай мэдээ болсон юм.

Каннын онцлох хэсгүүд

Кино урлагийн арслан барсууд хийгээд тухайн оны онцлох бүтээлүүд нэгэн дор чуулдаг гол уралдаант хэсэг л Каннын кино наадмын гайхуулах ганц нь биш юм.

Шинэ эрэлхийлэл, зоригтой шийдэл, эх чанар бүхий чансаатай бүтээлүүдийг шалгаруулах, олон нийтэд таниулах зорилго бүхий Ан Сертэн Регар хэсэг бол гол шалгаруулалтын дараа нэрлэгдэх нэр хүндтэй  хэсэг юм. Ан Сертан Регараас залуу авьяастнууд дэлхийн кино урлагийн тавцнаа олноор гялалзан тодордог билээ.

Мөн Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоног (International Critics week), Найруулагчдын хоёр долоо хоног (Director’s Fortnight) зэрэг хэсгүүд авьяаслаг шинэ залуу уран бүтээлчдийг олон нийтэд таниулахад ихээхэн хувь нэмэр болдог юм. Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоногоос одоо хэдийнээ алдар нэр нь түгсэн уран бүтээлчид болох Бернардо Бертулличи, Вон Кар-вай, Гаспар Ноэ зэрэг уран бүтээлчид тодрон гялалзаж байсан түүхтэй.

68 дахь удаагийн Каннын кино наадмаас ямар шинэ авьяастнууд тодрон гарч, хичнээн сор бүтээлүүд олон нийтэд хүрэхийг үзэгчдийн хувьд тэсэн ядан хүлээх л үлдэж байна.

*    *   *