Дөнгөж сая 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах наадам ёслол төгөлдөр болж өндөрлөв. Энэ удаагийн наадамд ямарваа нэг продакшнуудаас тусдаа бие даасан кино уран бүтээлчид гол шагналуудыг хувааж авцгааж, америкаас өөр орны кинонууд нэр дэвшин өрсөлдсөнөөрөө онцгой боллоо.

Гол өрсөлдөөн "Хөвгүүн нас", "Ташуурын амт", "Гранд Будапешт зочид буудал", "Хүн-шувуу" кинонуудын хооронд болж өнгөрлөө.



 

12 жилийн туршид хүн болох гэж ядсан хүүг Хүн-шувуу тасчиж хаяв. Ингэж ялахдаа зүгээр ч нэг ялсангүй… Эхний хоёр үе болох “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол” төрлүүдэд илт давамгай нүдэж, хүүгийн эцсийн найдвар болох “Шилдэг кино” үед түүнийг нам цохиж энэ удаагийн наадамд дөрөв дэхь алтан шармал баримлаа хүртлээ.

 


 

Харин найруулагч Ричард Линклэйтерийн нэгэн хүүгийн зургаагаас 18 нас хүртэлх амьдралыг өгүүлсэн “Хөвгүүн нас” кино зургаан төрөлд нэр дэвшсэн ч ганцхан “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ээр Оскарыг жүжигчин Патришиа Аркетт хүртлээ. Патришиа Аркеттын хувьд “Эд Вүүд”, “Алдагдсан зам” зэрэг арт кинонуудад тоглож байсан чадварлаг жүжигчин бөгөөд хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй ч энэ удаа “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэнд кино сонирхогч миний бие их баяртай байна.

Оскарын кино наадмын хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн нэр хүнд бүхий хэсэг болох “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн “Селма” - Киноны шилдэг дуу, “Дуурайхуйн наадгай” - Шилдэг хөрвүүлсэн кино зохиол гэх зэргээр эдгээр найман кино наймуулаа ямар нэг шагнал авсан бас сонин тохиол юм.

Энэ үдэш Вес Андерсонд “Шилдэг нүүр хувиргалт”, “Шилдэг хувцасны загвар”, “Шилдэг тайз засалт”, “Шилдэг хөгжмийн зохиол”-ын шагналыг хүртсэн хамтран зүтгэгчид, уран бүтээлчид нь байн байн талархлаа илэрхийлж байв. Харамсалтай нь Вес Андерсон эдгээр уран бүтээлчиддээ хариу талархал илэрхийлж чадсангүй. Магадгүй “Шилдэг кино зохиол”-ыг авна гэж мань эр дотроо их л горьдож байсан байх. Харамсалтай нь өнөөх л Хүн-шувуу шүүрээд нисчихлээ.




Вес Андерсонтой адил бас нэг найруулагч байлаа. “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг эвлүүлэг”, “Дууны шилдэг эвлүүлэг” төрөлд шагнал хүртсэн уран бүтээлчид “Ташуурын амт” киноны найруулагч Дамиен Шазельдаа баярласан талархснаа мөн л илэрхийлэв. Харамсалтай нь Дэмьен Шазеллын “Шилдэг хөрвүүлсэн кино зохиол”-ыг хүртэх болов уу гэсэн найдлагыг Грэхэм Мүүр “Дуурайхуйн наадгай”-гаараа тасалчихав.



Оскарын шагнал хүртсэн уран бүтээлчид дэлхий нийт, Америкийн нийгэм, улс төрийн асуудлуудыг хөндөж, Оскарын Долби театрыг индэрээ болгов. Тухайлбал: Патришиа Аркетт ус, ариун цэврийн байгууламж, эмэгтэйчүүдийн тэгш эрх, оролцооны талаар, Алехандро Гонзалес Инъяритту Америк дахь Мексикчүүд, цагаачлалын бодлогоор, дуучин Жон Леженд, Коммон нар арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг өөрсдийн дуу хоолойгоо өргөлөө. Түүнчлэн Эдди Редмэйн ALS өвчтэй (Өнгөрсөн жил болсон Ice Bucket Challenge угтаа Хокинг шиг өвчтэй хүмүүст туслах зорилготой аян байсан.) хүмүүст өөрийн хүртсэн шагналаа зориулсан бол Жулиан Мур Алцгеймерийн өвчтэй хүмүүсийг анхааран үзэж, ойлгохыг мөн сануулав. 

Олон хүмүүс авах болох уу гэж найдаж байсан "Шилдэг гадаад хэлээрх кино"-г Левиафан авч чадсангүй. Харин Польш францын найруулагч Павел Павликовский "Ида"(Dreamers' Day Б.Энхжаргал охины эмчилгээнд зориулан хандивын үзвэрээр гаргаж байсан) киногоороо хүртсэн нь зарим кино сонирхогч, шүүмжлэгчдийн хувьд нүдээ олсон шагнал байв. 



“Хүн-шувуу” тэргүүтэй “Хөвгүүн нас”, “Гранд Будапешт зочид буудал” зэрэг зохиогчийн кинонууд гол шагналуудыг авснаар том том продакшнуудын арилжааны кинонуудыг дэмжихээ багасгаж буй нь туйлын олзуурхууштай хэрэг юм.

Хэдий америк киног дэлхий нийтээрээ үздэг ч энэ удаа англи, франц, мексик, польш, япон кинонууд нэр дэвшин өрсөлдөж, тэр тусмаа мексик найруулагч Алехандро Гонзалес Иньяриттугийн “Хүн-шувуу” бүтээл “Шилдэг зураглаач”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг кино” төрлүүдэд ялж зөвхөн Америкийн кино наадам гэх хандлагыг сарниулан Дэлхий дахины кино наадам юм гэдгийг тодотгож өгсөн нь 87 дахь удаагийн Оскарын кино наадмын ололттой тал байлаа.