1924 онд Метро Пикчер корпораци (1915 онд байгуулагдсан), Голдвин Пикчер корпораци (1917 онд байгуулагдсан), Луйс Б. Майер студиуд (1918 онд байгуулагдсан) нэгдэж, уг студийг үүсгэн байгуулжээ. Луйс Б.Майер нь студийн анхны дэд ерөнхийлөгч болон даргаар, түүний хамтран зүтгэгч Ирвинг Талберг бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Банк санхүүгийн асар том байгууллагын ивээл дор оршиж, Маркус Лоуйгийн кино театруудтай холбогдсон хүрээллийн ачаар МГМ студи нь тун хурдан өсөн дэвжиж, нэр алдарт хүрч чаджээ. 30-аад он гэхэд МГМ нь Холливудын хамгийн том, хамгийн баян студи болсон байв.

30-40-өөд он буюу тус студийн амжилтын оргил үед олон алдартай уран бүтээлчид, техникчид МГМ-д ажиллаж байв. Тайз чимэглэгч, зураач Седрик Гиббонс өөрийн тавьсан гоёмсог, сүр жавхлантай тайз чимэглэлээрээ, зураач Гилберт Адриан олон шилдэг загвар бүхий хувцас эдлэлээрээ, дууны инженер Дуглас Ширер (жүжигчин Н.Ширерын ах) техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөрөө кино урлагийн тавцанд нэр хүндийг олжээ. Уильям Даниелс, Жорж Фолсо, Карл Фройнд, Жозеф Руттенберг болон Харольд Россон нарын зураглаачид чадварлаг зураг авалтуудыг гүйцэтгэж, студийн нэр хүнд ч өссөн байна. Түүнчлэн фон Штрохайм, Кинг Видор, Фриц Ланг, Эрнст Любич, Шъёстрём нарын бүтээлч сэтгэхүйгээр баялаг найруулагчид энэ үед тус студид ажиллаж байв. Гэхдээ студийн өнгө төрхийг улам тодотгож, өөрсдийн үйл ажиллагаа, уран бүтээлээрээ онцгой байр суурийг олж авсан найруулагчид бол Кларенс Браун, Сидни Франклин, Жорж Кьюкор, Жек Конвей, Виктор Флеминг, У.С.Ван Дайк нар юм.

МГМ хэмээх хүчирхэг кино үйлдвэрийн зүрх нь болсон хүмүүс бол мөн жүжигчид юм. Грета Гарбо, Кларк Гэйбл, Бэрриморын ах дүүс, Жин Харлоу, Жоан Кроуфорд, Спенсер Трейси, Норма Ширер, Роберт Тейлор, Жеймс Стюарт, Нельсон Эдди, Жанет МакДоналд, Мирна Лой, Микки Руни, Жади Гарланд, Уильям Пауэлл, Грир Гарсон, Уолтер Пижон болон Элизабет Тейлор нарын алдартнууд тус студид ажиллаж, уран бүтээл туурвиж байв. Мөн энэ үед МГМ студийн албан ёсны таних тэмдэг болсон Лео нэртэй архирч буй арслангийн дүрс, түүнийг хүрээлэх зураглалыг Хоуард Дитз зохиосон нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.

МГМ студийн түүх хэд хэдэн үеүдэд хуваагддаг. Ирвинг Талбергийн ажилласан тэр үе бол тус студийн хамгийн нэр хүнд бүхий жилүүд байв. Энэ үед МГМ кино студи Их парад (Big Parade, 1925), адал явдалт Бен-Хур (Ben-Hur, 1927), Бродвейн аялгуу (Broadway Melody, 1928), Анна Кристи (Anna Christie, 1930),  Гранд зочид буудал (Grand Hotel, 1932), Дэвид Копперфильд (David Copperfield, 1935), Баунти хөлөг дээрх бослого (Mutiny on the Bounty, 1935), Аугаа Зигфилд (Great Ziegfield, 1936), Ромео Жульетта хоёр (Romeo and Juliet, 1936) зэрэг кинонуудаа бүтээв. 1936 онд Талбергийг нас барснаас хойш ч тус студи өндөр зэрэглэлийн кино бүтээсэн хэвээр байв. Энэ үед Озын шидтэн (Wizard of Oz, 1939), Салхинд туугдагсад (Gone with the Wind, 1939), Ниночка (Ninotchka, 1939), Филадельфияд болсон явдал (Philadelphia Story, 1940), Хатагтай Минивер (Mrs. Miniver, 1942) зэрэг кинонууд гарав.

Дэлхийн 2-р дайныг дуустал Холливудад ноёрхсон МГМ студи нь жилд 40-50 кино бүтээж, тэр бүр нь ашиг орлогоор тэргүүлж байв. Дайны дараахи жилүүдэд нийгмийн үзэл бодол, үзэгчдийн сонирхол өөрчлөгдөн телевизийн байр суурь өсөн нэмэгдсэнээр МГМ студид хувьд хэд хэдэн өөрчлөлтүүд гарав. Студийн эзэмшигч Дор Шари нь Луйс Б.Майерыг дахин даргаар томилов. Д.Шари хэд хэдэн шинэ санаачилга гаргасны дотор цуврал кинонууд, төсөв багатай кинонуудыг бүтээх эхлэлийг тавьжээ. Сүйт бүсгүйн эцэг (Bride's Father, 1950), Кво Вадис (Quo Vadis, 1951), Айвенхо (Ivanhoe, 1952) болон Юлий Цезарь (Julius Caeser, 1953) кинонууд бүтээгдэв. 40-50-аад онд МГМ-ыг тодорхойлогч киноны төрөл зүйл бол ерөнхийдөө мюзикл кино юм. Продюсер Артур Фрид, найруулагч Стэнли Донен, Винсенте Миннелли болон Чарльз Уолтерс, зохиолч Бетт Комден, Адольф Грин, жүжигчин Фред Астер, Жин Келли, Жади Гарланд, Сид Чаризз, Фрэнк Синатра, Энн Миллер нар мюзикл кинонуудад ажиллаж байлаа. МГМ-ын бүтээсэн алдартай мюзиклуудаас дурьдвал: Америк эр Парист (American in Paris, 1951), Бороонд дуулагч (Singin' in the Rain, 1952) гэх мэт болно.

60-аад он бол МГМ студийн хувьд хүндхэн жилүүд байв. Холливудын бусад тэргүүлэгч студиуд кино үзэгчдийн тоо цөөрсөн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд баримтлах бодлого муудсан зэргээс болж томоохон цохилт амсав. 1970 онд студийг Лас Вегасын Кирк Керкорян эзэмшилдээ авав. 1993 онд МГМ кинонууддаа дистрибьютор хийхээ зогсоож, Юнайтед Артистс зэрэг кино студиудтэй хамтран ажиллах болов. 80-аад оноос МГМ-ын нэр алдар дахин дуурсагдах болж, 1981 онд Юнайтед Артистс студийг өөрийн харьяанд багтааж, удалгүй МГМ/ЮА Энтертайнмент нэртэй болов. Бүтцийн өөрчлөлт үргэлжилсээр байлаа. 1986 онд Тернер Бродкатсинг Систем МГМ/ЮА-ыг худалдаж авав. Тед Тернер МГМ-ын зарим үнэтэй эд хөрөнгийг худалдав. Үүнд: МГМ студийн кино архив, РКО болон Уорнер Бразерс студиудын 1948 оноос өмнө бүтээгдсэн кинонуудын цуглуулга зэрэг болно. 1990 оны 11-р сард МГМ/ЮА-ыг Пате Коммуникэшнс компани 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авав. Удалгүй студийн нэрийг МГМ-Пате хэмээн өөрчлөв.

1992 оны 5-р сард Францын Кредит Лионас Банк МГМ-Пате студийг худалдан авснаар МГМ нэрийг дахин сэргээсэн байна. Гэсэн хэдий ч МГМ кино студийн санхүүгийн байдал хүнд хэвээр хоцорчээ. 1993 онд МГМ студийн даргаар Фрэнк Манкусог томилжээ. Түүнээс хойш тус студи өдгөөг хүртэл олон арван шилдэг бүтээлүүдийг дэлгэцнээ гаргаад байгаа билээ.