Алтан хальс холбооноос зохион байгуулсан Алтан хальс олон улсын андерграунд кино наадам 2014 маань 6 сарын 21-ний өдрийн турш СУИС-ийн Оюутан театрт амжилттай болж өндөрлөв.

Албан ёсны толилуулалт болох Дон Херцфельдийн "Янзтай сайхан өдөр" бүтээл 11:00 цагаас кино наадмыг нээж 19:00 цагт шагнал гардуулах ёслолоор кино наадам маань өндөрлөв. Кино наадмын албан ёсны толилуулалт буюу гадаадын том уран бүтээлчдийн киног албан ёсоор гаргах хэсэгт 5 бүтээл, уралдаант бус хэсэгт 4 бүтээл, уралдаант хэсэгт 33 бүтээлийг толилуулсан билээ.

Шагнал гардуулах ёслолоор шүүгчдийн шийдвэрийг олон нийтэд задалж уралдаант хэсэгт өрсөлдсөн 33 Монгол бүтээлээс шалгарсан 5 бүтээлийн эздэд шагналыг гардуулав.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба ерөнхий шүүгчээр, зохиолч Г.Аюурзана, зураач Ё.Далх-Очир, Алтан хальс холбоог үүсгэн байгуулагчдын нэг Ш.Ихбаяр, Гоодаль сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд ажилласнаас гадна онлаин шүүгчээр Америкийн андерграунд киноны том төлөөлөгч Амос По ажилласан юм.

ШИЛДЭГ АНИМАЦИ

Метроном - Сосорын Маргад

 

Шүүгчид видео клип төрөлд шаардлага хангахуйц бүтээл ирээгүй хэмээн шийдвэрлэсний дагуу iPod 64 GB шагналыг шилдэг анимаци төрөлд шалгарсан "Метроном"-ийг бүтээгч С.Маргадад гардуулав.

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

0 - Энхтөмөрийн Гантөмөр

Гэхдээ шүүгчид маань Шүүгчдийн нэрэмжит шагналыг шинээр гаргаж ирэн олгохоор шийдсэн "0" бүтээлийн эзэн Э.Гантөмөрд олгов.

ШИЛДЭГ ХҮҮРНЭЛТ КИНО

Төгсгөлгүй - Бадралын Түвшинтөгс

ШИЛДЭГ ХҮҮРНЭЛТ БУС КИНО

Даяаршил - Гэрэлдаваагийн Эрдэнэжаргал

АЛТАН ХАЛЬС ГРАН ПРИ

Цонх - Батчулууны Бат-Эрдэнэ

Ийнхүү Б.Бат-Эрдэнэ "Цонх" бүтээлээрээ Алтан хальс цомыг 1,000,000 төгрөгийн хамт гардан авснаар 2014 оны Алтан хальс олон улсын андерграунд кино наадам өндөрлөв.