Каннын шилдэгүүдээр хэн хэн тодров?

Муу Грэйстэй, ууртай Годартай, залуу одтой 67 дахь удаагийн Каннын ОУ-ын кино наадмын шилдгүүд таван сарын сүүлээр тодорлоо. Ингээд Үндсэн уралдаант хэсэгт нийт 18 бүтээл шалгаран өрсөлдсөнөөс:

Дээд шагнал  “Алтан далдуу модны мөчир”-ийг Туркийн найруулагч Нури Билгэ Жэйлан “Өвлийн ичил” киногоороо хүртлээ. Өмнө нь “Dreamers’ Day“ өдөрлөг, NTV-тэй хамтран бэлтгэж байсан "Сонгомол арт" нэвтрүүлгээрээ бид түүний “Гурван сармагчин” киног монгол хэлээр орчуулан гаргаж байсан түүхтэй. Энэ жил тохиож буй Туркийн кино урлагийн 100 жилийн ойд Нури маань ийнхүү "Палма дОр"-оор бэлэг барилаа. 



Гран При шагнал -  Италийн найруулагч бүсгүй Алис Рорвахер “Гайхамшгууд”

Шүүгчдийн нэрэмжит шагналыг тус наадамд оролцсон найруулагчдаас хамгийн залуухан нь болох 25 настай Канадын найруулагч Завье Долан “Ижий”, хамгийн хөгшин найруулагч  болох 83 настай Жан Люк Годар “Хэл бичиг баяртай”- тай хуваан авав. Годар өөрийнхөө киноны хэвлэлийн бага хуралд биечлэн ирээгүй бөгөөд шүүгч нарт тусгайлан зориулж видео захидал явуулсан. Энэ шагналыг хувааж хүртсэндээ тэрээр дотроо нилээн ууртай байсан шиг бололтой.

Шүүгч, найруулагч Николас Виндинг Рефн энэ тал дээр “Годар амаа хамхиад зүгээр тэрэнд шагналыг нь өгөөч!” гэж хаалтын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.



Шилдэг найруулагч – Америкийн найруулагч Беннет Миллер “Үнэг агнагч”

Шилдэг кино зохиол – Оросын найруулагч Андрей Звягинцев, Олег Негин “Левиафан”-аараа айргын тавд амжиж орлоо.

Шилдэг эмэгтэй жүжигчин – Жулианна Мүр “Одод руу зүглэх газрын зураг”-т бүтээсэн дүр. 

Шилдэг эрэгтэй жүжигчин – Тимоти Сполл “Ноён Тёрнер”-ийн дүрээр тус тус хүртлээ.
 

Ан Сертэн Регар хэсэг

 

Ан Сертэн Регар шагналУнгарын найруулагч Корнель Мундруцогийн "Цагаан бурхан" кино хүртжээ. 

Шүүгчдийн нэрэмжит шагнал — Шведийн найруулагч Рубен Өстлүнд “Давагдашгүй хүчин зүйл” 

Тусгай шагнал — Вим Вендерс, Жулиано Рибейро Салгадогийн хамтын бүтээл “Дэлхийн давс”

Шилдэг ансамбль  — Мари Амешукели, Клер Бюргер, Самюэль Тэисийн хамтын бүтээл “Цэнгэгч охин”

Шилдэг жүжигчин — Голланд, Австралийн найруулагч Рольф де Хеерийн “Чарлигийн нутаг” киноны дүрээр Дэвид Галпили хүртлээ. Тэрээр Николас Роүгийн “Амьдралын алхаа“ киноны гол дүрд тоглосон бөгөөд Австралийн уугуул иргэн, бүжигчин, жүжигчин билээ.
 

Алтан камер

 

“Алтан камер” нь анхны бүрэн хэмжээний кинонд олгодог Каннын кино наадмын бас нэгэн томоохон шагналуудын нэг юм. Өнгөрөгч жил зохион байгуулагдсан “Улаанбаатар олон улсын кино наадам”-аар бидэнд хүрсэн Сингапурын кино найруулагч Энтони Чэнийн “Ило ило” 2013 оны “Алтан камер” хүртсэн бүтээл билээ. Энэ жилийн хувьд уг нэр хүндтэй шагналыг Мари Амешукели, Клер Бюргер, Самюэль Тэисийн хамтын бүтээл “Цэнгэгч охин” хүртлээ. 
 

Шүүмжлэгчдийн долоо хоног хэсэг


Шүүмжлэгчдийн долоо хоног нь Каннын кино наадмын бас нэгэн нэр хүндтэй хэсэг юм. Энэ хэсгийн гол зорилго нь найруулагчдын анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний киног дэмжих явдал ажээ. 

Украйны найруулагч Мирослав Слабошпицки “Омог” бүтээл Гран При, Франц 4 Вишионэри, ГАН сангийн шагнал гэсэн “Шүүмжлэгчдийн долоо хоног”-ийн гурван ч шагналыг хамав. “Омог” бүтээл нь ямар ч яриагүй бөгөөд хэлгүй, дүлий хүүхдүүдийн сургууль дээр зураг авалтыг хийсэн. Эдгээр хүүхдүүд хэрхэн харилцдаг, нүдний ард юу болдог, “Омог”-т орохын тулд яах ёстой гэсэн маш сонирхолтой, шинэлэг бүтээл байв.

SACD шагналыг Борис Ложкине “Итгэл” бүтээлээрээ хүртлээ.

 

Найруулагчдын хоёр долоо хоног хэсэг

 

Францын найруулагч Томас Кай-Иэ “Анхны тулааны хайр“-аараа Арт киноны шагнал, Европа Кино Лэбелийн шагнал,SACD шагнал гэсэн гурван ч шагналыг “Омог”-ийн нэгэн адил хамлаа. 

 

Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны шагнал (FIPRESCI)

 

Уралдаант хэсгийн Шүүмжлэгчдийн холбооны шагнал - Нури Билгэ Жэйлан “Өвлийн ичил” 

Ан Сертэн Регар хэсгийн Шүүмжлэгчдийн холбооны шагнал - Аргентиний кино найруулагч Лисандро Алонсогийн "Хауха”

Найруулагчдын хоёр долоо хоног хэсгийн Шүүмжлэгчдийн холбооны шагнал - Францын найруулагч Томас Кай-Иэ “Анхны тулааны хайр“-

 

Шүүгчдийн нэрэмжит Дэлхийн киноны шагнал – Мавританы найруулагч Абдеррахман Сиссако хүртлээ

 

Бэсрэг киноны Aлтан далдуу модны мөчир шагнал – Колумбын кино найруулагч Симон Меса Сото “Лейди” киногоороо хүртлээ. "Дөрөвхөн сарын өмнө энэ киног хийж байсан би ингээд Палма дОр авчихна гэж төсөөлж ч байсангүй" гэж найруулагч дурджээ.

 

Каннын кино наадмын хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурлын зарим нэгэн сонин хачнаас: 

Твиттерээс ирсэн асуулт: Киног тус бүрд нь хоёр удаа үздэг үү?

Николас Виндинг Рефн: Үгүй.



- Анх төсөөлж байснаас чинь ямар байв?

Гаэл Гарсиа Бернал: Өөрийн биеэр кино театр руу явж очиж кино үздэг тийм жинхэнэ үзэгч болов. Анх кино хорхойтон яаж болсныг минь надад санагдууллаа. Хичээлээ таслаад л Синематикд очоод л… Энэ удаагийн Каннд ирэхээс өмнө дэлхий ертөнц надаас маш хол юм шиг санагдаж байсан.  Шал өөр тусдаа ч юм шиг санагдаж байсан. Гэвч эцэст нь бид хоорондоо ямар адилхан, хичнээн ойрхон байсан юм бэ гэдгийг ухаарч авсан.

 

Жя Жанкэ: Бусад шүүгчидтэй хамтран ажиллахад таатай байлаа. Бид яг л нэг гэр бүл шиг байж,  бие биедэээ тусалж, хэрэлдэж, маргалдаж эцэст нь бид шийдвэр гаргалаа.    

Лейла Хатами Каннын кино наадмын ерөнхийлөгч Жийл Жэкобтой үнсэлцэж мэндэлснийх нь төлөө хуучинсаг оюутнууд ташуурд хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ удаагийн кино наадмын талаар Лейла Хатами “Хувийн өнцгөөсөө гэхээсээ илүүтэйгээр жинхэнэ мэргэжлийн кино шүүх өнцгөөр шүүж, хамтдаа нэгдсэн нэг үр дүнд хүрлээ. Мөн бид маш сайн найзууд боллоо.“ гэж франц хэлээр мэдэгдэв. Дашрамд дурдахад Хатами францын уран зохиол сурч боловсорсон бөгөөд франц хэлэндээ гаргууд билээ.



Хамгийн залуу, хамгийн хөгшин хоёрт нь Шүүгчдийн нэрэмжит шагналыг өглөө. Энэ нь санамсаргүй зүйл байв уу эсвэл зориуд ингэв үү? 

Жейн: Бид хамтдаа ярилцаж энэ шийдвэрийг гаргасан. Хэдийгээр бид тус тусынхаараа бодсон ч гэсэн эцсийн шийдвэртээ саналаа нэгтгэж чадсан. “Ижий” надад маш их таалагдсан. Үнэхээр гайхалтай, орчин үеийн кино. Маш залуу найруулагчийн бүтээл, үнэхээр суу билэгтэн. 

Годарын киног үзээд би ингэж сонин болно гэж бодоогүй. Түүний бодролууд нь яг л яруу найраг мэт байсан. Надад яг л нэг тийм сэрсэн юм шиг мэдрэмж төрсөн. Тэр бол чөлөөт хүн. Миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. 

“Өвлийн ичилт” яагаад дээд шагналыг хүртэх болов? 
Жэйн Кемпион: Анх би гурван цаг үргэлжлэх энэ киног яаж үзнэ дээ гэж бодсон. Сууж үзэв үү үгүй юу энэ киноны сайхан хэмнэлд автаж, тэр чигтээ кинонд ууссан. Өшөө дахиад бүр хэдэн арван цагаар ч хамаагүй үзээд л суумаар байсан. Энэ бол жинхэнэ урлагийн бүтээл. Энэ киноны хамгийн чухаг зүйл нь “үнэнч байдал”. Энэрэлгүйгээр үнэнийг үзүүлсэн. Хэрвээ надад Жэйлан шиг үнэнийг үзүүлж чадах “хоншоор” байсан бол өөрөөрөө би маш их бахархах байлаа.