Үндсэн уралдаант хэсэгт юу болж байна?

Ямар нэгэн онцгой бүтээлээр л аливаа нэг кино наадмыг эхлүүлдэг нь гэм биш зан. Энэ удаагийн Каннын кино наадмыг нээсэн "Монакогийн Грэйс" кино харамсалтай нь олон кино шүүмжлэгчдийн урмыг хугалж орхив. Хичкокийн “Арын цонх”, “Үхлийн жингэнээ”-н гол дүр, Ситоны “Хөдөөний бүсгүй”, бидний хайртай жүжигчин, Монакогийн гүнж Грэйс Келлиг амилуулахаар Оливье Да’анаар дасгалжуулуулсан Николь Кидман, Тим Рот нарын бүрэлдэхүүнтэй супер оддын шигшээ баг уг нь гараанаас гарсан ч хүлээлт талаар болов. Үүнтэй адил сэдэвтэй “Диана” гүнжээс дордсон уу гэвэл дээрдсэн юм алга гэж "Гардиан" сэтгүүлд бичжээ. Өнгөрсөн жилийн Каннын нээлт болох “Аугаа Гэтсби” магад арай илүү сайн байж болох юм. Атом Эгояний "Олзлогдогч" мөн үзэгч, шүүмжлэгчдийн бухимдлыг төрүүлж амжсан бол Майк Лейгийн найруулсан зураач Тёрнерийн тухай "Ноён Тёрнер" "тун дажгүй" үнэлгээ авчээ. Гэвч шүүмжлэгчдийн дуу нэгтэй биширч буй кино нь Мавританийн найруулагч Абдеррахман Сиссакогийн "Тимбукту" байгаа аж.

Харин Нури Билгэ Жэйланы "Өвлийн ичил" кино шүүмжлэгчдийг хоёр хуваагдуулж маргаан өрнүүлэхэд хүргэсэн анхны кино болоод байна. Түүнчлэн 25 наст ахмад Завье Доланы "Ижий" ихээхэн шуугиан тарьж, "Алтан далдуу модны мөчир"-г хүртэхийг үгүйсгэж болохгүй. Кино наадам маань хараахан дуусчихаагүй байгаа тул дараа дараагийн кинонууд юу болохыг чих тавин хүлээж сууя.

Ан Сертэн Регар 

“Алтан далдуу модны мөчир”-ийг хүртэх уралдаант хэсгийн дараа нэр хүндээрээ удаалах “Ан Сертэн Регар” нь өөрийн гэсэн онцлогтой, үнэр, амттай, шинэлэг, шинийг эрэлхийлсэн бүтээлүүдийг гаргаж ирэх, олон нийтэд таниулж сурталчлах зорилготой Каннын кино наадмын тусгай нэгэн хэсэг юм. 1978 оноос Жиль Жэкоб энэ хэсгийг оруулж ирсэн бөгөөд хорин жилийн хойно 1998 оноос “Ан Сертэн Регар шагнал”-ыг өгч эхэлжээ. 2005 оноос хойш уг шагнал нь Групама ГАН сангийн 30,000 еврогийн хамт дагалдан ирдэг болжээ. Бидэнтэй адил пост социалист Казахстан, Румын улсууд “Ан Сертэн Регар шагнал”-ыг тус бүр хоёр ч удаа хүртээд байгаа нь маш том амжилт юм. Өнгөрсөн онд Камбожийн кино найруулагч Ритхи Пань “Гээгдсэн зураг” хэмээх хүүхэлдэйн киногоороо Un Certain Regard хэсгийн дээд шагналыг хүртжээ.

Мөн энэ хэсэгт ноднин болж өнгөрсөн “Улаанбаатар олон улсын кино наадмын кино наадам”-аар монголын үзэгчдэд хүрсэн Диего Кемада Диесийн “Алтан хорго” бүтээл “Онцгой уран бүтээлчийн шагнал”-ыг хүртэж байсныг дуулгахад таатай байна.

Энэ жилийн “Ан Сертэн Регар” хэсэгт:

Цэнгэгч охин – Мари Амешукели, Клер Бюргер, Самюэль Тэис нарын найруулсан анхных нь бүрэн хэмжээний кино

Хауха – Аргентиний кино найруулагч Лисандро Алонсогийн шинэ бүтээл. 2001 онд “Эрх чөлөө” кино нь мөн “Ан Сертэн Регар” хэсэгт сонгогдож байжээ.

Цэнхэр өрөө – Францын кино жүжигчин, найруулагч Мэтью Амалрикийн шинэ бүтээл. Арно Деплешений “Зул сарын тууж” кинонд тоглосноор нь манай үзэгчид сайн мэдэж байгаа болов уу. Одоогоор шүүмжлэгчдээс "Боломжийн" үнэлгээ аваад байгаа.

Үл ойлголцол – Италийн кино жүжигчин, найруулагч, дуучин, загвар өмсөгч Азиа Аржентогийн найруулсан уг кинонд “Чивэлт эм” Шарлотт Гэнсбүр тогложээ.

Титли – Энэтхэгийн кино зохиолч, жүжигчин, найруулагч, дууны үг зохиогч Каню Бехлийн бүтээл

Элеанор Ригби алга болсон нь – Америкийн найруулагч Нед Бенсоний уг бүтээл нь “Тэр эрэгтэй”, “Тэр эмэгтэй”, “Тэд” гэсэн гурван хэсгээс бүрдэх кино юм. Гол дүрд нь “Шотландын сүүлчийн эзэн хаан”, “Наманчлал” киногоороо бидний танил Жеймс МакЭвой тогложээ.

Орхигдсон гол – “Цэнхэр Валентин”, “Жолоо” гэх мэт киногоороо бидний хайрыг татсан, нэн ялангуяа “Тэмдэглэлийн дэвтэр”-ээрээ охид бүсгүйчүүдийг уяраасан Райан Гослинг маань кино найруулжээ. 

Галзуу хайр – Австрийн кино найруулагч Жессика Хаузнер

Шувуун хүмүүс – Францын кино найруулагч Паскаль Ферран

Чарлигийн нутаг – 2006 онд “Ан Сертэн Регар” хэсэгт “Арван каное завь”-гоороо Шүүгчдийн тусгай шагналыг хүртсэн Голланд, Австралийн найруулагч Рольф де Хеер.

Диваажин дахь цас – Английн кино найруулагч Эндрью Халм

Хаалган дээрх охин – Солонгосын кино найруулагч Жюли Жун

Ксения – Грекийн кино найруулагч Панос Кутрас

Гүй – Зааны ясан эргийн найруулагч Филипп Лакот

Давшгүй хүчин зүйл – Шведийн найруулагч Рубен Өстлүнд угтаа бол цанын спортын тухай кино хийдэг байсан улмаар уран сайхны бүтээлүүд рүү шилжжээ.

Үзэсгэлэнт залуу нас – Испанийн найруулагч Хаимэ Росалес

Фантазиа – 2006 онд “Тансаг машин”-аараа “Ан Сертэн Регар шагнал” хүртсэн урд хөршийн найруулагч Ван Чаогийн шинэ хүүхэд.

Дэлхийн давс – “Пина”-гаас хойш чимээгүй байсан Вим Вендерс Бразилчуудтай нийлэн баримтат кино төрүүлжээ.

Дур булаам бүсгүй – Израйлийн Тел Авивт байдаг Камера Обскура урлагийн сургуулийг төгссөн найруулагч эмэгтэй Керен Едайягийн 2004 онд хийсэн “Миний эрдэнэс” бүтээл тус оны “Алтан камер”-ийг авч байжээ. “Алтан камер” нь анхны бүрэн хэмжээний кинонд олгодог Каннын кино наадмын бас нэгэн томоохон шагналуудын нэг юм.

Эдгээр бүтээлүүдээс хэний морь айраг, түрүүнд хурдалсныг манай дараагийн нийтлэлээс сонирхоорой.