Жил бүрийн хавар

Жигүүртэн олон шувууд

Манай орныг зориод

Маш холоос ирдэг

 

бол

 

Жил бүрийн хавар

Жирийн бус шилдгүүд

Францын Канныг зүглээд

Тал талаас ирдэг

 

Жил бүрийн тавдугаар сарын дундуур Каннын олон улсын кино наадам болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн шилдэг кинонууд энд ур хийц, эстетикийг уралдуулан хүчийг үзэхээр сонгогддог. Анх 1939 онд Луи Жан Люмьерийн удирдлаган дор Канн хотноо зохион байгуулагджээ. Дэлхийн II дайнаас болж тасалдсан ч гэсэн 1946 оноос сэргэн өдгөө 67 дахь удаагийн наадам энэ сарын 14-нөөс 25-ны хооронд болох гэж байна. 

Холливүдийн кинонд хүчиндүүлж, блокбастеруудаар залхатлаа тархиа угаалгасан бид Оскарыг кино урлагийн ноён оргил гэж бодон сулдаа ганхан жороолсоор л. Америкийн кино академийн гишүүдийн саналаар Оскарыг олгодог, шагналууд нь төдийлөн эзнээ олдоггүй, хөшигний ард талын тоглоом, зөвхөн Оскарт зориулагдаж Оскар болохоос хэдхэн сарын өмнө нээлтээ хийх гэх мэт олон зүйлс ард нь бий. Ер нь урлагийн бүтээлийг шилдэг гэж тодорхойлох нь учир дутагдалтай хэдий ч Каннын олон улсын кино наадам салбарынхаа хамгийн шилдэг нэр хүндтэй наадам юм гэдгийг бид онцлох хэрэгтэй. Ядаж манай хэвлэл мэдээллийнхэн Оскар, Алтан бөмбөрцөг, Эмми гэх мэт Америкийн телевиз, киноны наадмуудыг гаргахын оронд Канн, Берлин, Венец, Локарногийн кино наадмуудыг гаргавал үзэгчдэд ч тустай, өөрсдөд нь ч ач холбогдолтой харгалзан үзвэл тун дээрсэн. 


Шүүгчид

Каннын кино наадмын шүүгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нэр хүндтэй кино найруулагчид, жүжигчдээс бүрддэг. Өнгөрсөн жилийн шүүгчдээр Францын жүжигчин Даниель Отёй, Энэтхэгийн жүжигчин Видия Балан, Японы кино найруулагч Наоми Кавасэ зэрэг уран бүтээлчид байсан бол ерөнхий шүүгчээр Стивен Спилберг ажиллажээ. Энэ жилийн хувьд ерөнхий шүүгчээр Шинэ Зеландын кино найруулагч Жейн Кемпион сонгогджээ. Тэрээр "Алтан далдуу модны мөчир"-ийг хүртсэн цорын ганц эмэгтэй найруулагч бөгөөд 1986 онд "Peel: An Exercise in Discipline" бэсрэг кино, мөн 1993 бүтээсэн бидний сайн мэдэх "Tөгөлдөр хуур" киногоороо хоёр дахь мөчрөө авчээ. Кемпионий удирдлаган доор өнгөрсөн жилийн Каннаас “Нүгэлт санаачлага” киногоороо шилдэг кино зохиолын шагнал хүртсэн хятадын найруулагч Жя Жанкэ, “Англи өвчтөн”, “Антихрист”, “Салаа цэрэг”-ийн Уиллем Дэфо, Перс дагина - “Лейла”, “Салалт”-ын Лейла Хатами, Францын жүжигчин, загвар өмсөгч, “Чамд дэндүү гоёдоно” киногоор олноо алдаршсан Кэрол Буке, “Ээжийг чинь бас”, “Эцэг Амарогийн нүгэл”-тэй Мексикийн жүжигчин найруулагч Гаэл Гарсиа Бернал, “Нууцлаг нарны гэрэл”-ээрээ Каннын шилдэг эмэгтэй дүр хүртсэн гуулин улсын Жеон До-Еон, “Жолоо” киногоороо ихээхэн шуугиан тарьсан Данийн кино найруулагч Николас Виндинг Рефн, Фрэнсис Форд Копполагийн охин, Кемикал Брадерс хамтлагийн Электробанк дууны клипэнд тоглодог гимнастикчин, “Орчуулгын алдаа” гаргагч Софиа Коппола нар энэ жилийн кино наадмыг шүүх юм.

 

Уралдаант хэсэг

“Монакогийн Грейс” гүнж баяр цэнгэл наадмыг нээж, Жан-Люк Годар, Кроненберг, Нүри нарын аваргууд улаан хивснээ зодоглохоор эргэн ирэв. Кэн Лоүч, Майк Лей нарын гарьд заанууд уран мэхээ уралдуулж хүчийг үзьюү гэвээ. Оросын өсөх идэр начин Андрей Звягинцевийг миний бие маш ихээр дэмжин дээлнийх нь захыг мушгин сууна. Гурвын даваанд Томми Ли Жонс гэж он удаан жил засуул хийсэн бөх барилдахыг харахад сонин санагдаж байна. Ингээд уралдаант хэсэгт албан ёсоор сонгогдсон кинонуудтай танилцъя:

Монакогийн Грейс (Оливье Да’ан) – Эдит Пиафийн тухай “Сарнайн амьдрал” киногоороо хоёр Оскар авсан Францын анхны найруулагч.

Зильс Мариагийн үүлс (Оливье Ассаяc) – Гол дүрд нь Тваилаитийн Кирстен Стеварт, бидний хайртай Жульет Бенош тоглосон.

Одод руу зүглэх газрын зураг  (Дэвид Кроненберг)

Сен Лорен (Бертран Бонелло) – Загвар зохион бүтээгч Ив Сен Лорений тухай кино. Дүрүүдэд өнгөрсөн жилийн цэнхэр үст артист Леа Сейду, Гаспар Ульель, “Мөрөөдөгч” Луи Гаррел нар тогложээ.

Өвлийн ичилт (Нүри Билгэ Жейлан) – Анатолигоос хойш чимээгүй байсан Турк найруулагч ийнхүү эргэн ирлээ.

Хоёр өдөр, нэг шөнө (Жан Пьер болон Люк Дарденн) – Дарденний ахан дүүсийн шинэ кино. Гол дүрд Эдит Пиафд тоглосноороо ихэд алдаршсан Марион Котийяр тогложээ. Нэр нь танд Румыны найруулагч Кристиан Мунжиугийн “4 сар 3 долоо хоног 2 өдөр”-ийг санагдуулж байж магад.

Ижий (Завье Долан) – Ямар ч найруулагч Каннын уралдаант хэсэгт оролцож, Алтан далдуу модны мөчир авахыг хүсдэг биз дээ гэж 2012 онд ярьж байсан Канадын залуу найруулагчийн кино ийнхүү сонгогджээ. Одоо тэр дөнгөж 25 настай.

Олзлогдогч (Атом Эгоян) – Канад найруулагчийн триллер

Хэл бичиг баяртай (Жан-Люк Годар) – Годар, Годар, Годар. Арван оноос хойш бүрэн хэмжээний кино хийгээгүй аварга Годар эргэн ирлээ. Өдгөө 83 настай Годарын 39 дахь бүрэн хэмжээний кино юм.

Эрэл (Мишель Хазанавичус) – Арван нэгэн онд хийсэн "Уран бүтээлч" киногоороо шуугиан тарьж, тэр оныхоо Оскарын шилдэг кино, шилдэг кино найруулагчийн шагналыг хүртсэн Франц найруулагчийн шинэ уран бүтээл

Манайхан (Томми Ли Жонес) – Жүжигчин Томми Ли Жонсийн найруулсан кино.

Хоёр нүд цонх (Кавасегийн Наоми) – Арван нэгэн онд уралдаант хэсэгт “Ханезу”-гийнхаа нээлтийг хийж, арван гурван онд шүүгчээр ажиллаж, арван дөрвөн онд энэ шинэ киногоороо Палма Дор (Алтан далдуу модны мөчир)-т өрсөлдөж байна.

Ноён Тёрнер (Маик Лей) – “Нүцгэн”, Гудамжны философичийн тухай киногоороо хүн төрөлхтөнд асуулт тавьсан англи найруулагчийн шинэ кино.

Жиммигийн Танхим  (Кэн Лоүч) – 2006 онд “Арвай сугсалзуулсан салхин” бүтээлээрээ Палма Дор авч байсан Английн телевиз киноны нэрт найруулагч Кэн Лоүч.

Үнэг агнагч (Беннет Миллер) – Жүжигчин Филип Сеймүр Хоффманы найз, Брэд Питтийн тоглосон "Хожлын бөмбөг"-ийн найруулагчийн шинэ кино.

Гайхамшиг (Аличе Рорвакер) – Италийн найруулагч бүсгүйн “Тэнгэрлэг бие” кино нь арван нэгэн оны Каннын наадмын Найруулагчдын хоёр долоо хоног хэсэгт сонгогдож байжээ.

Тимбукту (Абдеррахман Сиссако) – Тимбукту гэхээр танд Секрет хамтлагийн Тимбукту дуу, Мали улсын Тимбукту хот санаанд орж байгаа. Усман Сембен, Идрисса Уэдраого нарын хамт Африкийн Сахараас олноо танигдсан Мавритан найруулагч. Арван нэгэн онд хийсэн “Аз жаргал хүлээхүй” киногоороо Каннын кино наадмын Ан сертэн регар хэсгээс Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны шагналыг хүртжээ.

Зэрлэг түүх (Дамиан Сифрон) – Аргентиний телевизийн кино найруулагч. Алтан хальс холбооны “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр гарсан Хуан Хосе Кампанельягийн “Харцан дахь нууц” киноны гол дүрд тоглосон Рикардо Дарин мөн энэхүү кинонд тогложээ. 

Левиафан (Андрей Звягинцев) – “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр “Буцахуй”, “Цөллөг” хоёр киногоороо Звягинцев кино сонирхогч Монголчуудад танигдсан билээ. Арван нэгэн онд хийсэн Еленагийн дараа гарч ирж буй Левиафан. 

Эхний удаад Каннын кино наадмын ерөнхийд нь танилцуулахад ийм байна. Дараагийн нийтлэлээр Ан сертэн регар хэсгийг танилцуулах болно.