Кино урлагийн онол богино түүхтэй юм. Анх кино урлагийн мөн чанарыг тодорхойлох хувь оролдлогууд буцалж байсан үе буюу сонгодог эрин үеийн (1915-1955) онолчид дунд Эйзенштейн, Пудовкин, Мюнстерберг, Арнхаим, Балаш, Каракауер, Базен нарыг багтааж болно.

Үүний дараачийн орчин үеийн кино онолчдын хөдөлгөөн нь 1960-аад оноос эхтэй. 1968 оны 5 дугаар сард Парист болсон үйл явдал энэ хөдөлгөөнийг өрдөхөд ихээхэн дэм болсон юм. Ролан Бартийн текстийн анализ, Альтюссерийн марксизм, Лаканы психоанализ, Метцийн сине-семиотик, пост-структуралист синтез гэх мэт арга ажиллагаа кино урлагийн онолд зонхилж байв.1 Ерөнхийдөө эпистемологийн2 үүднээс авч үзэх тохиолдол бүрт эдгээр онолууд нь идеалист шинж чанартай онолууд гэдгээ батална. 21-р зуун гараад ч энэ мэтийн идеалистууд кино онолыг тодорхойлсон хэвээр байна. Гэхдээ мэдээж өнөө үед кино онолдолд асар олон сөргүү чиглэл байгааг үгүйсгэхгүй (Феминист онол, зохиогчийн онол, хүүрнэлийн онол, психоаналитик шүүмж гэх мэт).

Идеалист үзлийг баримтлагчид биднийг хүрээлэн буй ертөнц болон энэ ертөнцийн талаарх мэдлэг нь бидний оюун ухааны үйл ажиллагаанаас хамааралтай хэмээн үздэг. Идеалистуудын жишгээр кинонд дүрслэгдсэн зүйлс бодит ч бай, зохиомол ч бай бүгд кино болон үзэгчээс гадуур орших боломжгүй юм. Жишээ нь бидний 18-р зууны үеийн Монголын аж амьдралын талаарх бага сага мэдлэг, үүх түүхийн ойлголт нь субьектив болж таарах аж. Тиймээс “Цогт тайж” киноны Цогт тайжын дүр ердөө бидний мэдрэх гэрэл сүүдэр, дуу чимээний өгөгдлийн нийлбэрээс өөр юу ч биш болж таарна. Өөрөөр хэлбэл Цогт тайж хэмээх түүхэн хүн кино болон бусад ямар нэг төлөөллөөс гадуур оршихгүй юм.

Францын нэрт кино онолч Андре Базен энэхүү идеалист үзэл баримтлалыг сөрж кино онолд реалист баримтлал нэвтрүүлэх гэж хичээсэн боловч үйл нь амжилттай хэрэгжээгүй билээ. Орчин үеийн кино урлагийн онолд онтологийн3 асуудлыг хөндөхдөө реалист бус номиналист арга баримтлалыг хэрэглэх болжээ. Номинализм гэдэг нь ямар нэг шинж чанараараа нэгдмэл обьектуудыг хурааварлан нэрлэх юниверсалуудыг үгүйсгэх метафизик үзлийг тодорхойлно.

Өнөөгийн идеалист/номиналист үзлийн тод жишээнүүдээс татъя:

“Найраглал гэдэг нь poeisis хэмээх “идэвхтэй бүтээхүй” гэсэн утгатай үгнээс гаралтай. Хүүрнэх процессийн үед киноны олон талын шинж чанарууд нь үзэх үйлд дохио болох байдлаар ажилладаг. Эдгээр кино дохионуудаас хамгийн нөлөөтэй нь сюжет юм. Сюжет гэдэг нь кинонд толилуулагдах үйл явдлуудын агуулга ба дараалал. Гэвч үзэгч л энэ сюжетийн дагуу өөрийн хүүрнэлийг буюу үйл явдлуудын зангилаат хийсвэр системийг толгойдоо бий болгодог.” - Дэвид Бордуэлл4

"Текст гэдэг үзэгчээс гадуур орших ямар нэгэн утга төгөлдөр, бүрэн гүйцэт, өөрийн гэсэн үнэ цэнэтэй обьект бус. Харин түүний оронд текст нь технологи, идеологи, төлөөллийн дохио дүүрэн талбай бөгөөд тэндээс үзэгч өөрт хүртээмжтэйг хүртэнэ." - Беверл Хюстон

Идеалист/номиналист онол нь кино бүтээл тухайн үзэгчээс хамаараад өөр өөр кино бүтээл байх боломжтойг тун сайн тайлбарлана. Гэвч кино урлагийн томоохон асуудлуудад энэ онол бүрэн гүйцэд хариу өгдөггүй юм. Утга агуулгын хувьд тогтвортой киноны илэрхийлэмж гэж байх боломжгүй юу? Кино дуу нь кино дүрстэй хэрхэн харилцан холбоотой тодорхойлогдох вэ? Кинонд төлөөлөн илэрхийлж буй бодит дүр үзэгчээс хамааралгүй оршин байх боломжгүй гэж үү? гэх мэтийн асуултууд байнга урган гарч ирэх боловч идеалист онолоор ойлгомжтой тайлбарлагддаггүй.

"Уолл стритийн чоно" киноны гол дүр Жордан Бельфорт өдгөө амьд сэрүүн. Гэвч киноны дүр бодит хүнээсээ ялгаатай зүйл олонтой байх. Гэвч тухайн үзэгчийн ухамсраас хамаараад бодит Жордан Бельфорт, кинон дахь Жордан Бельфортийн  дүрийн мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Тиймээс кино бүтээлийг, кино дүрүүдийг, найруулагчийн шийдэл, бусад уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр дүнг дан ганц субьектив үүднээс бус үзэгчээс гадуурх обьектод тооцож үзэх шаардлагатай болж байна.

Тиймээс гарц хаана байна? Ямар төрлийн реалист онол кино онолын талбарт шаардлагатай вэ?

 

1. Аллан Касебьер – Кино ба Феноменологи (2009) 3-р хуудас

2. Эпистемологи нь оршихуйн тухай мэдлэгийг лавлан бодрохын нэршил.

3. Онтологи бол оршихуйн асуудлын мөн чанарыг лавлан шинжлэх философийн талбар юм.

4. Дэвид Бордуэлл – Озү ба кино урлагийн найраглал (1989) 51-52-р хуудас