Бага залуу наснаас өөрийн амьдралаа зориулахаар шулуудсан урлагаа хэрхэн тодорхойлох вэ?

Хүн өөрийнхөө төсөөллийн хийсвэр ертөнцийг бодит мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээж болох цорын ганц, бараг ид шидийн гэмээр боломжийг кино урлаг л өгдөг юм шиг надад санагддаг.

Кино урлаг математиктай ямар нэг байдлаар холбогдох боломжтой юу?

Урлаг математик хоёрт төстэй зүйлүүд бий гэж бодож байна. Математикт хийсвэрлэн сэтгэх, нарийн логик гаргалгаа аль аль нь маш чухал байдаг. Мөн өгөгдсөн нөхцөлд аливаа зүйлсийн ерөнхий, нийтлэг хэв шинжийг тодорхойлох чадвар ч гэсэн. Эдгээр нь уран бүтээлч хүнд байх л ёстой чадварууд. Гэхдээ урлагийг шинжлэх ухааны тусламжтайгаар, шинжлэх ухаанч аргачлалаар хийх боломжгүй гэж би боддог. Урлагийн сургуулиуд, сурах бичиг, гарын авлага зэрэг нь зөвхөн бусдын туршлагаас хуримтлуулсан мэдлэг болон тодорхой мэргэжлийн ур чадвар, дадалд л таныг сургаж байгаа болохоос биш урлан бүтээхийн нууцыг тайлан танд эзэмшүүлж байгаа хэрэг огт биш. Ингэх боломж ч байхгүй. Товчхондоо урлагийн бүтээл туурвих ямар нэгэн шидэт жор, томъёог хайгаад хэрэггүй л болов уу.

Аль болох олон кино үзэх хэрэгтэй юу? Цөөнгүй кино найруулагчид бусдын нөлөөнд автана гэж эмээх юм.

Хэр олон киног гэхдээ хамгийн гол нь ямар кино үзэх ёстойгоо өөрөө мэдэрч байх ёстой. Хэзээ вэ гэдэг ч бас чухал. Хүний нас, ажил амьдралын туршлага, цаг хугацаа бүгд л бидний үзэх, сонсох, унших дадал зуршилд бас сонголтонд нөлөөлж байдаг.  Жишээ нь, би 30 нас хүртлээ одооныхоосоо хамаагүй их уншдаг байсан. Бас киноны сургуульд орохоосоо өмнө боломж нь л олдож байвал дайралдсан кино бүрийг л үздэг байсан байх. Тэгвэл ВГИК-ийг төгссөний дараа үзэх кинондоо янз бүрийн шүүлтүүр тавьж, тодорхой сонголт хийдэг болсон нь мэдээж. Би кино үзэж байж л кинонд дуртай болсон болохоор кино үзэх хэрэгтэй гэж боддог. Ер нь нэг бол усан тэнэг, үгүй бол суут авьяастан л биш бол кино үзэхгүйгээр кино хийнэ гэж төсөөлөхөд хэцүү юм шиг. Бусдын нөлөөнд автана гэж айх нь бүр ч инээдтэй хэрэг. Хэрвээ танд ямар нэгэн авьяас байгаа л бол та өөрийн гэсэн гарын үсэгтэй өөрийнхөө киног хийх л болно. Хэрвээ авьяасгүй бол тэртээ тэргүй та ямар ч шинэ содон, гайхалтай бүтээл хийж чадахгүй л болов уу. Тэгэхээр юунаас айх болж байна? Бусдын нөлөөллөөс айна гэдэг нь угтаа өөртөө итгэлгүй эсвэл хэт буруу амбицитай байгаагийн илрэл биз. Дашрамд дурдахад кино үзэхийн бас нэг чухал зүйл нь яаж хийхийг суралцахаасаа илүү яаж хийхгүй байвал дээр вэ гэдгийг ойлгож мэдэхэд тун тустай гэж бодож байна.

Өөрийн бүтээсэн анхны киноны талаар ярина уу.

1996 онд хийсэн “Хүй” гэж богино хэмжээний кино бий. Ер нь бол миний зураглаачийн дипломны ажил л даа. Гэхдээ өөрийн гэсэн кино хийж үзэх хүсэл их байсан болохоор л зохиогчийн кино хийж туршсан хэрэг. Байгаль хүн хоёрын харилцан шүтэлцээ, холбооны тухай гэх үү дээ. Жүжигчин Сүххуяг, ВГИК-ийг найруулагчаар төгссөн Хишигдорж хоёр тоглодог юм. Их энгийн минималист бүтэцтэй, гэхдээ бэлгэдэл метафор ихтэй. Мэдээж төгс биш гэхдээ үнэнчээр хийсэн кино. Юутай ч болов, бас хэдэн олон улсын кино наадамд оролцсон нь надад их урам өгсөн болов уу даа. Ялангуяа Торонтогийн богино хэмжээний киноны наадамд хэдийнээ нэр хүндээ олсон том найруулагч Атом Эгояны кинотой хамт нэг багц болгон гаргасанд нь их билэгшээж баярлаж билээ.

 "Хүй" (1996)

Тэр үед мэдээлэл хомс, одоогийнх шиг интернет хөгжөөгүй байсан болохоор би тэр олон улсын кино наадмууд руу киногоо явуулах нь байтугай бараг мэддэг ч үгүй байлаа. Бас кино маань хальсан дээр хийгдсэн болохоор хүмүүст үзүүлэх боломж ч тун хязгаарлагдмал. Тэгээд л Кино үйлдвэр дээр очиж, дэлгэцэн дээрээс нь шууд камераар бичиж ганц VHS хувь хийж авснаа “Нохой Орон”-г хийсэн Петер Бросенст үзүүлсэн юм. Төрмөнх тэр хоёр киногоо эхлэх гээд багаа бүрдүүлж байсан болохоор миний ажлыг үзье гэсэн юм л даа. Петерт “Хүй” сүрхий таалагдаж, зураг дууссаны дараа киног маань Бельги рүү аваад явсан юм. Тэгээд л миний өмнөөс тэндээсээ кино наадмууд руу явуулж байсан хэрэг. Заримдаа надад одоогийн киночдын дунд ийм сэтгэл гаргах хүмүүс ховор болсон юм шиг санагдах юм даа. Өнөөдөр андерграунд, эксперименталь кино оролдож байгаа залуус 18 жилийн өмнөх энэ киног үзэхэд сонин л байх. Одоо анзаарахад энэ кино бас “Алсын Удирдлага”- тай ямар нэгэн байдлаар шүргэлцэх цэгтэй юм шиг. Жишээ нь, “Хүй” дээр Сансарын туннелийн голоор киноны маань гол баатар алхаж яваа дүрслэл бий. Өөр утга санаатай боловч үүнтэй төсөөтэй дүрслэл “ Алсын Удирдлага” дээр байгааг хялбархан анзаарч болно.

“Нохой орон” кинон дээр ажилласан нь ямар нэг байдлаар таны гоо зүйн сэтгэлгээнд нөлөөлсөн үү?

Маш их нөлөөлсөн. Юуны түрүүнд миний баримтат кинонд хандах хандлагыг бүрэн өөрчилсөн гэж би боддог. Социализмын үед баримтат киног нэг бол үзэл суртлын зэвсэг, үгүй бол түүхэн үйл явдлуудыг архивлан авч үлдэх эсвэл шинжлэх ухаан, байгаль, танин мэдэхүйн шинжтэй байдаг мэтээр л голдуу ханддаг бас хийдэг байсан шүү дээ. Харин “Нохой орон” дээр ажилласнаар энэ бол ер бусын хүчирхэг бас тансаг урлаг байж болдог юм байна гэдэгт би үнэхээр итгэсэн юм. Монголчуудын хувьд бэлгэдэл, зүйрлэл бараг өдөр тутмын хэрэглээ шахуу ойр дөт байдаг юм шиг надад санагддаг. Жишээ нь бэлгэдэл, далд зүйрлэл үгүй монгол ардын үлгэр бараг байдаггүй байх. Тийм ч болохоор миний кинонуудад бэлгэдэл, метафорын элементүүд ямар нэгэн хэмжээгээр дандаа орчихоод байдаг болов уу.

 "Нохой орон" (1998)

Харин Петер Бросенстэй ажилласан маань энэ бэлгэдэл метафорыг кинонд хэрэглэх арга хэлбэрүүдийг өөр өнцгөөс харахад тус болсон гэж би боддог. Иймэрхүү арга барилыг хуучин Зөвлөлтийн кино найруулагч нар нилээд өргөн хэрэглэдэг байсан нь манай ахмад, дунд үеийн найруулагч нарт ч бас нөлөөлснийг хуучны монгол кинонуудаас харж болно. Харин Европын найруулагчтай ажилласан маань иймэрхүү арга барил, хэлбэрийг хэт илэрхий эсвэл загварчилсан байдлаар ашиглахаас аль болох зайлсхийхэд минь их тус болсон гэж боддог. Үүнээс гадна Бельги, Нидерландчууд дүрслэх урлагийн асар баялаг өв уламжлал, сургуультай хүмүүс. Тийм ч болохоор тэдний кинонууд дүрслэлийн хэлээр түүх өгүүлэхдээ их онцгой байдаг юм шиг надад санагддаг. Энэ нь ч бас миний дүрслэлийн гоо зүй, сэтгэлгээнд нөлөө үзүүлсэн л гэж бодож явдаг.

“Мөнхийн хөдөлгүүр” баримтат киноныхоо тухай манай уншигчидтай хуваалцаач.

Латинаар Perpetuum Mobile буюу “Мөнхийн хөдөлгүүр” кино хийх санаа анх “Хүйг” хийж байхад төрсөн юм. Би зураг авах газар хайж яваад Амгалан дахь Дарь эхийн сүмээр ороход Бадамханд гэдэг залуухан эмэгтэй арваад өнчин охидтой тэнд амьдарч бас хурал хуран, мөргөл үйлдэж байгаатай таарсан юм. Дутуу сэргээсэн хуучин сүмийн бяд муутай хашаан дотор өрнөх тэдний амьдралын хэв маяг нийгмийн харьцаа ид өөрчлөгдөн, бөөн бужигнаан болж байх тэр цаг үетэй харьцуулахад маш сонин бас их юм бодуулахаар байлаа. Тал нь балгас болох шахсан хуучин сүмийн хашаанд ормогц цаг хугацаа хүртэл өөр хэмнэлтэй болох мэт сэтгэгдэл надад төрсөн юм. Нийгмийн тогтолцоо, хүмүүс, тэдний итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, амьдралын хэмнэл гээд бүх л зүйлс асар хурднаар хувьсан өөрчлөгдөж байсан тэр үед  цаг хугацааны мөнхийн эргэлтэнд дийлдэшгүй үнэт зүйлс, өнө мөнхөд оршин байх зүйл хүний амьдралд байдаг билүү гэдгийг эргэцүүлэн бодмоор санагдсан учраас л энэ киног хийхээр шийдсэн хэрэг. Зураг авахад нэг их төвөгтэй биш бас тэр сүм, өнчин охидын амьдрал, Амгалангийн тэр хавийн орчин бүгд дүрслэлийн хувьд ч баялаг, сонирхолтой байлаа. Тэр яйжгар хашаагаар хүрээлэгдсэн нэгэн бяцхан ертөнц бас түүний хажуугаар тасралтгүй түжигнэн өнгөрөх галт тэрэгнүүд миний хувьд гайхалтай бэлгэдэл, метафор болон харагдаад болдоггүй.

 "Мөнхийн хөдөлгүүр" (2002)

Тэгээд л Петер Бросенсийн мини ДВ камерыг нэг микрофонтой нь хамт гуйж авч үлдээд л, зургаа авч эхэлсэн. 1998 онд “Нохой Орон”-г хийгээд дуусч байсан үе л дээ. Би тэр сүм дээр 4 долоо хоног хиртээ болсон байх, гэхдээ эхний долоо хоног бараг зураг аваагүй, зүгээр л  тэр хүүхдүүдийг ажиглаж бас тэднийг камертаа дасгасан юм. Надад ямар ч зохиол, зураг авах төлөвлөгөө, мөнгө санхүү, тэр ч бүү хэл зургийн баг ч байгаагүй. Нэг удаа кино үйлдвэрт хамт ажиллаж байсан дууны хоёр залууг гуйж бага зэрэг яриа, шум бичүүлснийг эс тооцвол найз зураглаач Пүрэвдорж бид хоёр л зураг авалтын бүх ажлаа хийцгээсэн юм. Ер нь энэ кино мэдрэмж, импровизацийн дундаас л бий болсон гэж хэлж болно. Бид сүмийн охидын өдөр тутмын амьдралын тухай нилээд их зураглал авч бас явцын дунд зарим нэгэн үйл явдлуудыг өөрөө зохион тэдэнд санал болгож байлаа. Өөрөөр хэлбэл би тэр хүүхдүүдийн амьдарч байгаа орчинд үүсэж болох тодорхой нөхцлийг бодит амьдрал дээр нь бий болгочихоод үүнээс үүдэлтэй үр дүнг нь зураглан авч байсан хэрэг л дээ. Тэгээд иймэрхүү ажиглалт, өдөөлт хоёрыг ашиглан авсан баахан материалаа олон дахин үзэж нилээд урт, бүдүүн тоймын хар эвлүүлэг маягийн юм хэлхсэнийхээ дараа л би найруулагчийн төлөвлөгөө гаргаж, киноныхоо бүтцийг нилээд сайн бодож боловсруулсан юм.

Нэгэнт энэ киноны гол сэдэв нь цаг хугацаа, мөнхийн юмны тухай байсан болохоор би нилээд урт хугацааны дараа тэр сүм дээрээ дахин зураг авалт хийхээр шийдэж, 4 жилийн дараа буюу 2002 оны өвөл нь багавтар зураг нэмж авсан л даа. Харин киноны эвлүүлэг дээрээ нилээд цаг зарсан, аз болоход би олон улсын уран бүтээлчдийг дэмждэг нэгэн тэтгэлэгт хамрагдан Германы Штутгарт хотод амьдарч байсан болохоор киногоо тэнд дуусгах боломж олдсон юм. Найм билүү дээ богино бүлгээс бүрддэг, бага яриатай кино л доо. Тийм ч болохоор бүлэг бүрийн эхэнд гол санааг нь илэрхийлэх зорилгоор Хайку шүлэг ашигласан бас хөгжим, дуу чимээний хувьд нилээн бодож хийсэн зүйлс бий. Энэ кино Ямагата, Хонконгийн баримтат киноны наадмуудад сонгогдон оролцож, Лондон, Нью Йорк, Солонгост гарч байсан ч, монголд цөөхөн хэдэн найз нар маань л үзэж, хүлээн зөвшөөрсөн байх. Ажлын ноорог маягийн анхны хар эвлүүлгийг талийгаач Биндэрийн студи дээр хийсэн болоод ч тэр үү, мань хүн энэ кинонд их дуртай байсан юм. Би бол хэзээ ч ингэж хийхгүй байсан гэхдээ чи их сонин, шал өөр баримтат кино хийчихсэн шүү гээд л инээдэг байлаа. Айхтар сайн техник, технолог ч ашиглаагүй, төсөв мөнгө ч үгүй хийсэн болохоор дутуу дулимаг зүйл байдаг л юм, гэхдээ л энэ кино тухайн цаг үедээ шинэлэг байсан, одоо ч нэг их хоцрогдоод байхааргүй гэж би боддог.

“Монголын дуу” кинон дээр та Петер Бросенстой хамт найруулагчаар ажилласан. Гэвч өөрийн хувьд тун чухал гэж бодож байсан хэсгийг хасах болоход танд ямар санагдсан бэ?

Мэдээж эхлээд дургүй, нилээн эсэргүүцэж, маргалдаж л байсан. Ер нь юм хийж байх явцад зөвхөн хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ төдийгүй олон янзын хүмүүстэй санал зөрөх тохиолдол зөндөө л гардаг.

 "Монголын дуу" (1999)

Одоо эргээд харахад миний авч үлдэх гэж хичээгээд байсан хэсэг хасагдсан гээд “Монголын Дуу”-гийн гол утга санаанд нэг их нөлөөлөөгүй гэж бодогддог. Харин ч продюсер, ТВ-ийн редакторууд ер нь олон улсын хамтарсан төсөл хийж байгаа үед хүмүүстэй ажиллах зарчмыг ойлгож мэдэхэд надад хэрэгтэй туршлага болсон болов уу.

Гүйцэтгэх продюсероор ажилласан “Хадаг” кинонд тань Монголын соёлыг илтгэсэн байдалд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Петер Бросенс ер нь аливаа юмс үзэгдлийн парадокс, түүний цар хүрээг маш гярхай өргөн хүрээгээр харж чаддаг найруулагч гэж би боддог. Монголын тухай гурамсан баримтат кино хийх явцдаа олон удаа Монголд ирж, монголчууд, монголын амьдрал, уламжлалт соёл, орчин үеийн түүхийг сайн мэддэг болсон хүн. “Хадаг”- ийн зохиолыг бичиж байх үе, бэлтгэл ажлын үед ч бид хоёрт санал зөрөх жижиг сажиг зүйл байдаг л байсан.

"Хадаг" (2006)

Гэхдээ л “Хадаг” кинондоо тэрээр монголын соёл, уламжлалт ёс заншил, сэтгэлгээ болоод манай нийгэмд болж байгаа үйл явдлыг хангалттай сайнаар бүр зарим зүйлсийг бидний урьдчилан олж харахаас ч өмнө мэдэрч, бүтээлдээ тусгаж чадсан гэж би боддог. Ялангуяа бөөгийн соёл, уул уурхайн сөрөг нөлөөллийг энд дурьдаж болно. Киноны Монголын нээлтийн үеэр их олон бөөг бид урьж, “Хадаг”- ийг үзүүлэхэд тэд бүгд л бөөгийн зан үйл, соёлын талаар тун үнэн зөв бөгөөд сайн дүрсэлжээ гэж үнэлж байсан. Өнөөдөр Монголд уул уурхайг тойрон өрнөж байгаа үйл явдлуудыг харахаар хүссэн хүсээгүй надад “Хадаг” кино санагддаг шүү.

Уран бүтээлч-кино зураглаач гэж хэнийг хэлэх вэ?

Уран бүтээлчийн тухай өөрийнхөө үзэл бодлыг би олон удаа ярьж байсан болохоор давтан нуршаад яахав дээ. Яахав зураглаачийн хувьд бас тодорхой онцлогууд бий. Зүйрлэн хэлэхэд олсон дээр явагчтай төстэй юм уу даа. Энэ мэргэжил үнэхээр бүх юмны нарийн зааг дээр оршиж байдаг. Жинхэнэ зураглаач байна гэдэг нь нэг талаас авьяас, мэдрэмж нөгөө талаас техник технологийн мэдлэг боловсрол, найруулагчийн үзэл бодол, санаа сэдэл, гоо зүйг зөв илэрхийлэхийн тулд өөрийгөө хязгаарлах, тэгсэн хэрнээ хангалттай хүчтэй бүтээлч сэтгэлгээгээр ажил үүрэгтээ хандах гэх мэт маш олон эсрэг тэсрэг зүйлсийн зөв зохицлыг олох ёстой болдог. Ажлын хариуцлага, үүрэх эрсдэл нь ч ялгаагүй олсон дээгүүр явагчтай адил.

“Хүсэл шунал” киноныхоо эхний хувилбарыг нилээдгүй өөрчлөх шаардлагатай болсон гэдэг. Ер нь ямар нэг шалтгаанаас өөрийн санаснаас ухарч, буулт хийх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Миний хувьд өөрийнхөө анхны бодол, төлөвлөснөө өөрчлөх явдал байнга л тохиолддог. Ихэнх тохиолдолд энэ нь уран бүтээл хийх явц, бүтээлч ажиллагаатай холбоотой байдаг ч бас техник технолог, мөнгө санхүүгээс шалтгаалан бодлоо өөрчлөх, хялбарчлах, буулт хийх үе ч гардаг. Гэхдээ киноны онцлогоос болоод өөр нэгэн бүр их ярвигтай хүндрэл гардаг нь хүн чанар, ёс суртахууны бичигдээгүй хуулиуд. Хүнлэг сэтгэл, бусдыг хүндлэх, хайрлах гэх мэт ёс суртахууны хэм хэмжээнүүд заримдаа уран бүтээлч хүний  “хүсэл шуналыг” бас мэргэжлийн үйл ажиллагаа, гаргаж болох ур чадварыг хязгаарлаж эхэлдэг. Энэ нь ялангуяа баримтат кино хийх явцад бүр ч хурцаар илэрдэг юм.

"Хүсэл шунал" (2010)

Жишээ нь, “Хүсэл шунал”-ыг хийж байхад Биндэр бид хоёрын дунд нийтэд тэр болгон дэлгэж боломгүй яриа, үйл явдал болж л байсан. Хэрвээ ямар ч үнэ цэнээр хамаагүй олон нийтийн төдийгүй мэргэжлийн түвшинд шуугиан дэгдээж, илүү үнэлэгдэх кино хийх гэж хүссэн найруулагч бол энэ бүхнийг бас хүний хувийн амьдралын нарийн асуудлуудыг ч кинондоо хамаа намаагүй “чихэж” мэднэ шүү дээ. Харин иймэрхүү үйлдэл хийхээс би аль болох зайлсхийхийг хичээдэг учраас л “Хүсэл шунал”-ыг хийхээр бодож байсан анхны арга барилаа зураг авалт эхэлснийхээ дараахан нь шууд өөрчилж бас хожим нь эхний эвлүүлгийн зарим хэсгүүдийг ч өөрчлөн зассан юм. Ер нь уран сайхны кино хийх нь амар юм байна даа гэж бодох үе ч байсан шүү. Гэхдээ зарим талаар уран бүтээлийн эцсийн үр дүнд нөлөөлөх байсан ч ийм эргэлзээ, зарим нэгэн буулт нь хүн чанараа алдахгүй байх, уран бүтээлч хэвээр үлдэхэд хэрэгтэй гэж боддог. Энэ утгаараа энэ нь бараг миний ажлын нэг хэсэг юм шиг санагддаг үе бий. Өөр найруулагчдад иймэрхүү зүйл огт асуудал биш байж болох л доо.

“Алсын удирдлага” кино Киесловскийн “Хайрын тухай богино кино” бүтээлтэй төстэй хэдий ч угтаа тэс өөр. Гэхдээ Киесловскийн найраглаг хэл таны киноноос ажиглагдлаа. Ер нь аливаа кино бүхэлдээ нэгэн төрлийн яруу найраг байх боломжтой юу?

Би Киесловскийд дуртай, түүний кинонууд уран сайхны өөрийн гэсэн хэл хэллэгтэй бас хангалттай өвөрмөц боловч түүнийг нь тайлан уншихад тийм ч хэцүү биш, үзэхэд сонирхолтой байдаг нь надад таалагддаг байж магадгүй. Ер нь сайн кино ямагт нэгэн төрлийн яруу найраг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Нэг талаас бидний дорнын соёл нөгөө талаас Европын соёл урлагийг саяхан болтол бид социалист Зөвлөлт улсаар дамжуулан олж авч байсан нь одоо болтол монголчуудын урлагт хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлсөөр байгаа юм уу даа гэх сэжиглэл надад байдаг.

 "Алсын удирдлага" (2013)

Урлаг, яруу найраг зөвхөн гоё сайхан эсвэл өөдрөг бадрангуй үгүй бол сурган хүмүүжүүлэгч байх албагүй. Үзэхэд амаргүй, бидний хэлдгээр хар бараан, гутрангуй эсвэл эмзэг хүнд сэдэв, өгүүлэмжтэй ч байсан бай, уг кино нэгэн цогц бүтээл болж чадаад таны зүрх сэтгэлийг хөндөж байвал түүнд яруу найргийн хэв шинж байгаа л гэсэн үг гэж би ойлгодог. Асуудал нь тэр ямаршуу яруу найраг болон хөглөгдөв гэдэгт байх биз. Зарим нэг нь зөвхөн толгой холбосон уран гоё үгсийн цуглуулгыг яруу найраг гэж ойлгодог бол зарим нь огт өөр зүйлийг яруу найргаас хайж, олж мэдэрч байдаг шүү дээ.

Та киноны өрнөлийн бүтцэд хэр анхаарал тавьдаг вэ? Ямарваа нэгэн цэвэрч, чамбай байдлаас үүдэн бүтцээ тэгш хэмтэй байлгах, бүлгүүдийн хугацааг дүйцүүлэх зэрэг хандлага илэрч байв уу?

Ер нь ямар ч урлаг авьяас, мэдрэмж бас мэргэжлийн урлах чадвар өөрөөр хэлбэл ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бүтдэг. Зохиол бичсэн ч, киногоо эвлүүлж байхдаа ч эхлээд онолын шинжтэй иймэрхүү зүйлд төдийлэн анхаардаггүй. Харин эхний хувилбарууд хийгдсэний дараа ялангуяа ямар нэгэн зүйл болохгүй байгаа нь мэдрэгдэж эхэлмэгц түүнийг засаж залруулах, сайжруулах зорилгоор бүтэц, үйл явдлын өрнөл, логик уялдаа, хэмнэл зэргийг заавал нилээн нямбай хянаж шалгадаг л даа. Гэхдээ аль болох ийм байх ёстой гэж өөрийгөө хязгаарлахгүй байхыг хичээдэг. Одоог болтол би бүтцээ тэгш хэмтэй болгох, бүлгүүдийн хугацааг нарийн чанд дүйцүүлэх гэх мэтийн оролдлого ухамсартайгаар хийж байгаагүй. Хэрвээ иймэрхүү зүйл надаас ажиглагдвал өөрөө л бий болсон байх.

“Алсын удирдлага” киноны хүүрнэл эгчмэд бүсгүйд дурласан хөвгүүний сонголтын талаар өгүүлдэг. Угтаа таны киноны агуулга хэдэн давхаргад хуваагдаж байна вэ?

Ер нь кино аль болох олон давхаргатай байж чадвал сайн л даа. Гэхдээ үүний тулд хоёр эсрэг тэсрэг зүйлийн зохицлыг олох шаардлагатай болдог. Нэг талаас кино нэгэн цогц болж, нэг түүх, нэг сэдвийг хүүрнэх хэрэгтэй. Гэтэл олон давхаргатай байна гэдэг нь олон давхар утга санаанууд, далд түүх, өгүүлэмжүүд кинонд орж ирнэ ээ гэсэн үг. Харин энэ бүхний жин тунг тааруулах, тэдний хамгийн зохистой харьцааг олох нь тийм ч амар биш. “Алсын Удирдлага”-ын гол сэдэв нь үнэхээр сонголтын тухай гэж хэлж болно. Гэхдээ маш өргөн утгаараа. Яагаад гэвэл хүний амьдралыг бидний заавал хийх ёстой болдог эцэс төгсгөлгүй том жижиг олон сонголтуудын нийлбэр гэж хэлж болно. Энэ олон сонголт бүр ямар нэгэн үр дагаврыг араасаа дагуулж, биднийг хүн болон төлөвшихөд нөлөөлж байдаг.

 2013 оны Бусаны кино наадамд

Тэгвэл “Алсын Удирдлага”–ын энэ үндсэн давхаргын цаана Монголын нийгмийн өнөөдрийн дүр төрхийг гол баатраараа төлөөлүүснийг киноноос бүхэлд нь анзаарч болно. Уламжлал ба орчин үе хоёрын завсар, өөрсдийнхөө мөрөөдөл төсөөлөл ба бодит амьдрал хоёрын дунд төөрч эргэлдсээр бүр мунгинаж орхисон ийм л нийгэм надад өнөөдөр харагддаг. Энэ тухай нэг их цээжээ урж, сүржнээр хашгичаад байлгүй хөнгөн бөгөөд ялимгүй ёжлонгуй байдлаар илэрхийлэхийг оролдсон маань киноны хоёр дахь цогц давхарга болно. Кинонд нэгэнтээ хайр сэтгэлийн сэдэв хөндөгдөж байгаа болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа, сэтгэл зүйн тухай бас нэг давхарга байгаа. Энэ давхарга амьдралын тойрог, заяа төөргийн тухай өгүүлэх нилээн дорнын өнгө аястай бас нэгэн давхаргыг дотроо тээж байгаа гэх мэтээр задлаад байвал нилээн нуршуу яриа болох байх. Уг нь мэргэжлийн судлаач, шүүмжлэгч нар иймэрхүү асуултанд хариулж, тайлбарлаж байвал зүгээр юм шиг. Товчхондоо “Алсын Удирдлага”-аас бүх насны хүмүүс өөрсдийн сонирхдог, хялбархан хүлээн авдаг сэдэв, өгүүлэмжийг олж үзэж болно.

Огтын дуугүй кинонуудыг эс тооцох юм бол хөгжим агуулга тээх чадалтайн хувьд ихэнх кинонд чухал байр суурьтай байдаг. Гэвч тэглээ гээд хөгжим үзэх урлагт давамгай үүрэг гүйцэтгэх шаардлагатай юу?

Хөгжим кинонд давамгайлах шаардлагагүй гэдэгт санал нэг байна. Ялангуяа хүчтэй агуулга тээж байгаа бол бүр ч болгоомжтой байх нь зөв болов уу. Гэхдээ кино зөвхөн үзэх урлаг биш гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Тийм ч болохоор би хийж байгаа киноноосоо хамаараад хөгжмийг ямар нэгэн хэмжээгээр заавал ашиглахыг л хичээдэг. Харин агуулга гэхээсээ илүү шаардлагатай уур амьсгалыг кинонд бий болгоход л би хөгжмийг түлхүү ашигладаг болов уу. Өөрөөр хэлбэл, хөгжмийн агуулга тээх чадвар нь кинонд чухал бөгөөд хэрэгтэй гэж хандвал хөгжмөө буруу ашиглахад улам л түлхэц болох байх.

Кино заавал жирийн үзэгчдэд катарсис олгох ёстой юу? Тийм кино ихэвчлэн удаан хүндлэгддэггүй.

Юуны өмнө катарсис гэдгийг юу гэж ойлгох вэ, өөртөө яаж тодорхойлов гэдгээ бодох хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл энэ ойлголтын тухай асар олон янзын тайлбар, байнгын маргаан урлаг судлаачид, уран бүтээлчид, философичдын дунд өрнөж байдаг л даа. Катарсист хүргэх кино удаан хүндлэгддэггүй гэсэн чиний дүгнэлтийг харахад үзэгч тухайн урлагийн бүтээлээс ямар нэгэн сэтгэл санааны хүчтэй хөдлөлд автан бодит орчин, амьдралын сөрөг үзэгдлүүдийг мартагнаж улмаар сэтгэл санааны таашаалд хүрэхийг өөрөө катарсис гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, олон нийтэд шууд хүрдэг аз жаргалтай төгсгөл бүхий мелодрамууд, инээдмийн, аймшгийн үгүй бол эмгэнэлт гэх мэт жанр хөөсөн киноны тухай чамайг ярьж байна гэж би ойлголоо. Харин миний бодлоор иймэрхүү төрлийн нийтийн кинонуудад катарсис гэхээсээ илүү хэвшмэл загвар, эрээ цээргүй прагматизм л ноёлж байдаг. Тийм ч болохоор ийм зүйлүүд нэг их урт насалдаггүй, дараа дараагийнхаа “загваруудад” байраа тавьж өгдөг. Харин миний хувьд катарсисыг илүү хүний зүрх сэтгэлийг өдөр тутмын ахуйн царцанги байдлаас сэргээн хөдөлгөөнд оруулах их хүч, шинэ мэдрэмж, ухааралд өдөөгч гэсэн утгаар л ойлгож, хэрэглэх бодолтой байдаг юм.

Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх киноны шаардлага? Техник үүнд хамаагүй гэж би хувьдаа бодох юм.

Дэлхийн хүнд сонирхолтой, шинэлэг бас тэдэнтэй ойлголцож, харилцан ярилцаж чадахуйц кино л байх ёстой болов уу даа. Онолын хувьд энд техник хамаагүй нь үнэн л дээ. Гэхдээ зөвхөн онолын хувьд шүү дээ, харамсалтай нь кино өөрөө техник технологийн маш хүчтэй оролцоотойгоор бүтдэг учраас. Хэрвээ Тарковскийн кинонуудыг ч юм уу эсвэл Вон Карвайн “Хайрын сэтгэл”-ийг энгийн нэг видео камераар зургийг нь авсан бол шал өөр үр дүн л харагдах болно. Гэхдээ текник л бүгдийг шийдэх мэт бодох нь бас туйлын буруу хандлага. Ямар киног, ямар гоо зүйн шаардлагаар хийж байгаа билээ гэдгээс л бүх зүйл шалтгаалах болно.

Сергей Паражанов “Кино найруулагч хүн сурдаггүй, төрдөг юм” хэмээсэн гэдэг. Сайн кино туурвихад шаардлагатай өндөр гоо зүйн үнэлэмжийг төлөвшүүлэх боломжгүй гэж үү?

Тарковский, Шукшин гэх мэт Оросын олон нэртэй найруулагч нарыг сурган хүмүүжүүлсэн Михаил Ромм “Кино найруулагч бол мэргэжил биш харин чиний хувь тавилан” гэж бас хэлсэн байдаг. Тэгэхээр энэ томчуудтай маргаад байх хэрэг байна уу даа. Харин гоо зүйн өндөр үнэлэмжтэй байх нь сайн шүүмжлэгч, судлаач болоход тун хэрэгтэй бас үүнийг сургаж, төлөвшүүлж болно гэж бодож байна. Гэхдээ энэ сургалт оройтвол, эсвэл хэт өрөөсгөл байдлаар хийгдвэл нэг их үр дүнд хүрэхгүй л болов уу.

Кино найруулагч гэдэг их ганцаардмал мэргэжил биш үү?

Байнга л багаар ажиллаж бүтээх ёстой байдаг ч, энэ үнэний талтай. Кино дуусмагц энэ ганцаардал хүчтэй мэдрэгддэг. Яагаад гэвэл киноныхоо бүх алдаа дутагдлыг зөвхөн найруулагч л нуруундаа үүрэх ёстой шүү дээ. Тэр алдаа дутагдал чамаас биш бусдаас, гадны нөлөөллөөс ч болсон бай, хамаагүй чи л хариуцлага хүлээнэ... Гэхдээ ...Оросоор “кому как” гэж нэг үг бий, хүнээсээ л болно гэсэн утгатай.

Хамгаас хүндэлж явдаг кино уран бүтээлчээ нэрлэнэ үү.

Иймэрхүү нэрс жагсаахад их төвөгтэй. Янз бүрийн байдал, орчин, цаг хугацаа сонголтыг маань байнга өөрчилж байдаг. Бас бид ихэнх тохиолдолд уран бүтээлчийг зөвхөн уран бүтээлээр нь шүүж дүгнэнэ гэдэг нь нэг талаар өрөөсгөл байж мэдэх...Энэ утгаар нь хоёр хүнийг л энэ удаа онцолмоор санагдлаа. Миний багш алдарт зураглаач Вадим Юсов, найруулагч Федерико Феллини. Юсов багшийн зураглаачийн мэргэжил, кино урлаг, кино бүтээх үйл явц, ер нь хүмүүст хандах хандлага надад их нөлөөлсөн гэж би боддог. Тарковскийн дөрвөн кинон дээр ажиллаж, түүний дахин давтагдашгүй өвөрмөц кино хэлийг бүрэлдэхэд хамгийн хүчтэй хамтрагч нь байсан Юсов багш ёс суртахуун, хүнлэг сэтгэлээс үүдэлтэй нэгэн шалтгаанаас болж түүний “Толь” кинон дээр ажиллахаасаа татгалзсан юм.

 Вадим Юсов ба Андрей Тарковский

Энэ нь ээжийнхээ зургийг нууц камераар авахыг Тарковский хүсэхэд Юсов зөвшөөрөөгүй байдаг. Дашрамд хэлэхэд, хожим нь Тарковский энэ бодлоо орхисон юм. Феллинигийн хувьд, ер бусын авъяас, гайхалтай уран бүтээлүүдээс нь гадна энэ хүнийг хувь хүнийнх нь талаар тодорхойлж болох нэг түүх надад их сургамжтай, сайхан санагддаг. Тэр машин жолоодох маш дуртай, үнэтэй гоё машинуудтай байсан гэдэг. 1970-аад оны үед тэрээр нэг дугуйтай хүүг бараг дайрах шахсан юм гэнэ лээ. Тэгээд энэ санамсаргүй тохиолдлын дараа Феллини өнөө үнэтэй машинуудаа бараг зүгээр шахуу, маш хямдхан зараад дахиад нэг ч удаа жолооны ард суугаагүй, явган явдаг болсон гэдэг. Ер нь түүний гэргий Жульетта Мазина, Феллини хоёрын хамтын амьдралын түүх ч гэсэн энэ хүнийг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрүүлдэг.

Залуу үеийн кино бүтээгчдэд хандан хэлэх зөвлөгөө. Хоосон хэлбэрдэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

Таны хийж байгаа уран бүтээл таны амьдрал, хүмүүст хандах хандлагын ойлт, салшгүй нэг хэсэг нь болдог. Тэгэхээр сайн уран бүтээлч болохыг чухалчлахаас илүү сайн хүн болж төлөвших нь урт бөгөөд бэрхшээлтэй ч гэсэн цорын ганц зам байж мэдэх юм. Ер нь өөрийнхөө хийсэн юманд хэт өндөр ач холбогдол өгөлгүй, харин ямагт тодорхой зай барьж, ялимгүй шоглонгуй хандаж сурах нь хоосон хэлбэрдэлтээс сэргийлж, ур чадвараа дээшлүүлэхэд чинь тус болох болов уу.