Монгол кино сүүлийн үед муу хийгдэж байна. Яагаад. Яагаад гэдэг асуултыг дор бүрнээ тавьж хариулт хайсаар. Тэгвэл өмнө нь сайн хийгдэж байсан гэж үү? Тиймээ сайн хийгдэж байсан. Бид тэдгээр кинонуудыг дахин дахин үзээд уйддаггүй шүү дээ. Энэ бол сайн киноны хамгийн чухал үзүүлэлт. "Сэрэлт", "Аман хуур", "Энэ хүүхнүүд үү", "Хөдөөгийн баясгалан", "Хүргэн хүү", "Нийслэл хүү"… гэх мэтээр хүн бүрийн цээжинд илхэн байх кинонууд. Эдгээр кинонуудыг үзээд их сайхан баяр баясгаланг мэдэрдэг, товчхондоо бол олонтойгоо байхын, олны хүчийн сайхныг мэдэрнэ. Тийм ч зориулалтаар хийгдсэн кино юм. Тийм ч зориулалтаар ганцхан сувгаар бидний тархинд гүн суулгагдсан юм. Бараг л гененд нь хүртэл шингэсэн юм. Одоогийнхоор бол тархиа угаалгачихсан кинонууд юм шүү дээ. Нэгэнт тийм байхад сайн байхаас ч өөр яахав, гоё байхаас ч яахав. Алтан үе, мөнгөн үе хэмээн магтан дээдлэхээс ч яахав.

Одоо л бид кино жүжигчдээ хүндлэхээ байчихсанаас биш уул нь номоороо бол тэднийг хүндлэх ёстой, шүтэх ёстой юм шүү дээ. Тэгж байж кино гоё болдог жамтай. Би энэ үеийнхнийг азтай хүмүүс юм хэмээн атаархаж байна. Сүүлрүүгээ л хог дээр үсэрснээс биш үнэхээр азтай хүмүүс. Тэд одоогийнхоор бол бусдын мөнгөөр уран бүтээл хийгээ л, бусдын мөнгөөр од болж байжээ. Гэхдээ бусдын үзэл суртлыг л гаргах ёстой юм. Өөрийн үзэл санааг кинонд гаргах эрхгүй тэднийг утсан хүүхэлдэй байжээ гэж бодмоор. Яая гэхэв тэр үе чинь удирдагчаасаа эхлээд тэр чигээрээ утсан хүүхэлдэйнүүд байсан болохоор санаа зовох юм алга. Монголчууд тэр үед унтаж байжээ. Ер нь бол нойрны эмээр унтуулж байв. Хонх сэрээсэн. Цаг нь болохоор өт ч гэсэн эрвээхэй болон тэнгэрт нисдэг жамаар уран бүтээлчид жинхэнэ сад тавина гээч болсон. Ер нь бол тэгэх ёстой шүү дээ.

Кино байдаггүй ээ. Нийгмийн зохион байгуулалтад хувьсгал хийгдэж байгаа бол энэ хувьсгал гүйцэд хийгдэх ёстой. Гэтэл 20 гаран жилийн өмнөх энэ хувьсгал маш дутуу хийгдсэнээс болж бусад бүх салбарт энэ дутуу төрөлт нөлөөлөв. Урлагт. Кинонд. Кино төрийн савраас мөнгөний саварт оров. Ийм л өөрчлөлт кино урлагт явагдсан. Өмнө нь олон хүнд нөлөөлөхийн тулд, тэднийг баясгалантай, жаргалтай, ноомой байлгахын тулд киног хийж байв. Одоо олон хүний мөнгөнд найдаж, тэдэнд таалагдах гэж, тэдний таашаалыг хангахын тулд кино хийдэг болов. Хувьсгал гарлаа гэхэд хүн гэнэт 180 градус эргээд шал өөр юм сэтгэдэг болно гэж байхгүй байх л даа. 80-аад оны сүүлчээс киноныхон инерцээрээ нэг хэсэг явсан бөгөөд тэр үеээс өөрсдийнхөө юмыг хийж эхэлсэн гэж үздэг.

Гэхдээ нэгэнт уран бутээлчид нь шинэчлэгдээгүй учир гарсан бутээлүүд нь хувьсгалын шинжтэй байж чадсангүй. Авангардууд тэр үед байсангүй. Авангардууд бол урлагийн хувьсгалчид юм. Бүүр сүүлд 98 онд "Нохой орон" гарчээ. Өөрсөд рүүгээ яагаад сум тавихгүй байна вэ. Өөрсдийгөө гэмтээчихнэ гэж айсаар байтал нялзрай юм болж байна. Монголыг мэднэ дээ цаад гадаадууд чинь, элэнц хуланцаас нь авахуулаад зүрхэнд нь орчихсон юм шүү дээ.

Дахиад нөгөө одоогийн Монгол кино яагаад муу байна вэ гэсэн асуулт. Зохиол муу юу? Үгүй. Зохиол бол сайн. Зохиол бол агуу. Хорвоогоор дүүрэн зохиол. Амьдрал үргэлжилж байхад зохиол бичигдэж л байна шүү дээ. Тэгэхээр энэ бол шалтгаан биш болж хасагдлаа. Техник аль эрт асуудал биш болсон. Энэ бас шалтгаан биш боллоо. Хөгжим. Энэ бол бүр хол асуудал. Тэд өөр хүмүүс. Жүжигчид. Киног амилуулж буй хүмүүс. Бид бодит ертөнцөд амьдарч байна. Кинонд гардаг баатрууд ч бидэнтэй ижил хүмүүс аж. Тэд ялгаагүй идэх ёстой. Гэхдээ Америкт яагаад агуу жүжигчид агуу хэвээрээ байгаад байна? Тэд үнэт чанараа буулгахгүй байна. Саван, шампууны рекламанд тоглохгүй байна. Кинондоо өндөр үнэ хэлчихээ л сууж байна. Эсвэл өөрсдийнхөө таашаасан кинонд сайн дураараа шахуу тоглоо л байж байна. Ийнхүү үзэгчдээ хүндлээд үзэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байна.

Киноны хамгийн чухал зүйл бол итгэл юм шүү дээ. Үзэгч итгэхгүй л бол кино юу ч биш, одоо гараад байгаа театраас буугаад хог руу явдаг кинонууд л гэсэн үг. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чингисийн дүрд тоглосон хүнийг би амьдралдаа амьдаар нь хараагүй. Миний хувьд кинон дахь Чингис хааны дүр бол тэр, тэгээд л болоо.

Найруулагчид. Хамгийн гол шалтгаан бол найруулагчид. Кино муу байгаа нь найруулагчын муугийнх. Ер нь мэргэжлийн найруулагч гэж байдаг юм уу? Мэргэжлийн яруу найрагч гэж байдаггүйтэй л ижил байх. Өнгөрсөн үеээс, соц нийгмийн үлдэгдлүүдээс шинэлэг юм гарахгүй. Баабар "19" гэж киногоор магадгүй кино гэж ийм юм байдаг юм хэмээн харуулах гэж бодсон ч юмуу эсвэл юу ч гэж бодсон юм бүү мэд. Ямартай ч сайн оюутны бүтээлээс хол ялгарахааргүй кинонууд болсон. Иймд зөвхөн ирээдүйгээс л сайн найруулагчид төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.