1983 оны Теллюридийн кино наадмын үеэр би Тарковскийд хүндэт медаллион гардуулах ёстой болов. Би ч гарч ирээд үгээ хэллээ "Миний хувийн бодлоор 20-р зууны кино урлагт уран бүтээлчийн гүйцэтгэх гурван томоохон үүрэг бол (1-рт) хүн төрөлхтний овгийн уламжлал, түүхээс улбаатай домгийг хүүрнэх туульсын бүтээл туурвих, (2-рт) киног хувийн илэрхийлэмж хэвээр үлдээх буюу зөвхөн хувийн амьдрал дээрээс ухаарсан үнэн мөн нь бодит үнэн байдаг, (3-рт) далд ухамсрын хил хязгаарт хүрэлцсэн зүүдний чанарт бэлгэдлийн бүтээл туурвих. Өөрийн бүтээсэн кино болгонд энэ гурван үүргийг гүйцэлдүүлж чадсан ганц найруулагч бол Андрей Тарковский юм. Тиймээс Андрей Тарковский бол амьд сэрүүн яваа хамгийн аугаа хүүрнэлт киноны найруулагч билээ." Ийн хэлээд Тарковскийд медаллионыг гардуулсны дараа тэрээр 7 минутын турш үг хэлэв. Америкийн үзэгчид уйдаж орхижээ.

Үүний дараа Тарковскийн сүүлд Италид хийсэн кино болох "Санагалзал"-ыг үзэгчдэд толилуулсан юм. Би хэдий удаан үргэлжилсэн зураг авалтад тийм дуртай биш ч энэ удаад гайхалтай мэдрэмжийг хүртэв. Киноны дараа гэнэтхэн чөлөөлөгдсөн мэт сэтгэгдэлд автсанд бас гайхшрав. Орой зочид буудалдаа очоод шөнөжин тэр киноны тухай бодров. Өглөө ч мөн бодсоор сэрэв. 

Тэр өдөр хэлэлцүүлэг боллоо. Би сүүлийн хэдэн жил энэ хэлэлцүүлэгт нь ороогүй юм. Учир нь хэлэлцүүлэг гэхээр дандаа мөнгөний асуудал гарч ирдэг учраас би тун дургүй байдаг юм. Нэгэнтээ Багс Банниг хийсэн нөхөр өөрийгөө магтаад байхаар нь би "Та аугаа уран бүтээлч юм бол Ван Гог одоо юу болж таарах вэ?" хэмээсэн юм. Энэ мэтээр олон хүний дургүйг хүргэсэн дээ. Гэвч энэ удаагийн хэлэлцүүлэгт мөнгөний асуудал огт хөндөгдсөнгүйд олзуурхав.

Надад эхний хэдэн асуулт тавих боломж олдсон бөгөөд би юун түрүүн зочин найруулагчаас Аполлинерийн "Зона" нэрт шүлгийг уншсан эсэхийг сураглав? Тарковский үгүй гэлээ. Хэдий урьд хэвлэгдсэн зохиол дээр сэдэвлэсэн ч "Сталкер" киноны гол сэдэв болох хуучин, шинийн харилцан холбоо нь дээрх Аполлинерийн шүлэгт тод дурайсан байдаг учир түүнийг уншина гэж найдлаа. 

Би өөрийн гол сонирхол болох яруу найрагтай холбоотой асуултууд л асуув. Гэхдээ тэрээр эцэг, томоохон яруу найрагч Арсений Тарковскийн талаар ярихаас татгалзсан нь намайг гонсойлгов. Дараа нь би түүнээс Сэмюель Бэккетийг уншсан эсэхийг асуув. Тэр "Моллой"-г уншаад ихэд таашаасан гэдгээ илэрхийлээд, үнэмлэхүй реалист роман гэж нэмэв. Гэхдээ тэрээр өөрийгөө Гоголь, Толстой, Достоевскийн уламжлалыг даган ажилладаг хэмээлээ. Гоголийг дурдсан нь надад их сонирхолтой санагдсан юм. Учир нь би хэдэн жилийн өмнө Тарковскийг Гогольтой тун төстэй юм хэмээн дүгнэж билээ. Би Троятын бичсэн Гоголийн намтраас тодорхой төсөөлөл авсан хэрэг л дээ. Тарковский, Гоголь хоёр нэгэн онцгой төрлийн, хэцүүхэн Орос гэдгийг би тэр үед л ухаарсан юм. 

La Petite Cinema

Хэлэлцүүлгийн дараа зохион байгуулагчидТарковскийд кинонуудаас маань үзүүлэх арга сүвэгчилсэн байлаа. Би Билл Пенсийг дуудаж Тарковскийд миний кинонууд таалагдахгүй байж мэднэ, мөн бага зэрэг сэтгэл түгшиж байгаагаа ч нуусангүй. Мөн тэдэнд олдсон нь хуучны Шеридан зочид буудлын нэгэн умгар өрөө байж таарсан юм.

Өрөөнд 8 хүн байлаа. Тэр жилдээ “Танго” нэрт хүүхэлдэйн киногоороо Оскарын шагнал хүртсэн Польшийн найруулагч Збигнев Рыбчински, Кино сургуулийн Орос оюутан, Тарковскийгийн туслах махлаг, хөгжүүн зантай Ольга гурав урдуур суулаа. Би ардхантай сууж, миний дэргэд Андрей Арсеньевич, түүний эхнэр [Ларисса] хоёр сууж, хажууд нь буйдан дээр Жейн [Брэкиж], [Кшиштоф] Занусси хоёр тухлав.

Цэцгэн хээ нь бүдгэрч эхэлсэн ханын цаасан дээр 16 мм-ийн зөөврийн проектороор миний киног гаргах юм болов. Цонхнуудыг хар даавуугаар хаасан байх агаад өрөөнд бүгчим гэж жигтэйхэн. Төд удсангүй проектор ажиллаж эхлэхэд халуун дээр халуун нэмэв.

Эхний гарсан кино нь “Цонх, ус, хүүхэд, хөдөлнө” байлаа. Удалгүй урд сууж байсан Ольга ганхаж эхлэв. Миний ч санаа зовж эхэллээ. Өмнө нь энэ киног хүмүүс үзээд ухаан алдаж байсан удаа бий. Ольга хүүхэд төрж байгааг хараагүй байж мэднэ. Киноны сүүлийн хэсгүүд гарч эхлэхэд Тарковскийн эхнэр нүүр буруулж байгааг анзаарав. Хүн ухаан алдах вий гэж айхаа больсон ч Тарковскийн эхнэрийг доромжилсон болчихоос мөн айв. Учир нь Өмнөд Дакотад энэ киног гаргаад алуулах дөхөж билээ. Киноны үеэр хэдэн эрчүүд эхнэрээ доромжлууллаа хэмээн над руу буудаж байсан юм. Гэвч энэ тохиолдолд миний огтоос төсөөлөөгүй зүйл өрнөсөн юм.

Тарковский Оросоор дуржигнуулж гарлаа. Занусси өнгийж ирээд толгой дохин Оросоор хэдэн үг хариулна. Тарковскийн юу ярьж байгааг ойлгоогүй ч уурлаж байгаа нь илт байв. Төдөлгүй Жейн ам нээн учрыг асуув. Занусси орчуулж эхэллээ: “Юу л даа..” бид хүлээв. “Юу л даа, тэр хэлэхдээ...” бид мөн хүлээв. “Тэр хэлэхдээ урлаг нууцлаг байх ёстой гэж байна. Энэ кино нь урлаг байхад тохиромгүй, хэтэрхий шинжлэх ухаанч хандлагатай юм гэлээ.”

Миний сэтгэл огт хөндүүрлэсэнгүй. Би “Хүлээж бай, дараагийн киног үзээд орхи” хэмээн Тарковскийд уламжлуулав. Учир нь дараагийн кино маань “Нохой, од, хүн: Дөрөвдүгээр бүлэг” гэдгийг би мэдэж байлаа. Хэн ч энэ киноноос шинжлэх ухаанч хандлага олж харахгүй.

Кино ч эхэллээ. Гэтэл кинон дахь гараар зурсан хэсгүүд, давхар зураглалтай зэрэгцэн гарч эхлэхэд Тарковский тэсэрч гарлаа. Түүнийг энд ирснээс хойш ийм их ярьж байгааг нь хэн ч үзээгүй юмсанж. Үнэн хэрэгтээ Тарковский цаг хагасын турш миний бүтээлийн эсрэг гаргаж тавьж болох бүхий л аргументийг хөндсөн юм. Тэрээр “хааны шинэ хувцас”-ны аргументээс өгсүүлээд “энэ хэтэрхий түргэн байна, нүд өвтгөж байна”, “энэ бол цэвэр өөрийгөө тахин шүтэлт”, “кино бол ердөө хамтран бүтээдэг урлаг” гэсэн аргументуудыг чулуудав. Ер нь үндсэндээ бол “Чи яах гэж энийг хийгээд байгаа юм бэ? Хальсан дээр ямар юмны чинь будаг наах вэ?” гэсэн юм л хэлээд байлаа.

Дараагаар бид 1975 онд бүтээсэн “Нэргүй №6” киног үзүүлэв. Би дотроо энэ киног Осип Мандельштамын шүлгэн дээр сэдэвлэн бүтээсэн учир түүнд арай өөрөөр хүрч магад  хэмээн найдаж суулаа. Кинонд гэрийн тавилгууд дээр гэрэл аажмаар урсаж буй, туулайн нүд, далавчаа цус болгосон тахиа зэрэг нь бүгд зүйрлэлийн шинж чанартай хэрэглэгдсэн болно. Гэтэл энэ кино Тарковскийг улам уурлуулж Занусси руу Оросоор хашгирч, киног нүднийхээ булангаар л үзэж байлаа. Тэрээр босож суун хашгирах боловч над руу харна гэж огт үгүй. Уг нь миний мөр түүнтэй шүргэлцэж шахуу сууж байсан юм шүү дээ. Энэ үеэр Жейн, Тарковскийн эхнэр хоёр гар гараа барилцан, инээмсэглэн байх юм.

Би 25 жилийн турш кино хийгээд байлаа. Энэ хугацаанд таарсан үзэгчдийн ихэнх нь үл ойлгогсод байсан тул байнга л шүүмжлэлд өртөж явлаа. Гэвч Тарковский хамгийн товч бөгөөд тодорхой байдлаар миний бүтээлийг тун богино хугацаанд доош нь хийж дөнгөв. Нэгэнтээ тэрээр бүр шинэ ололтын эсрэг хурц шүүмжлэл чулуудсан юм. Тэр шүүмжлэлийг би огт сонсоогүй бөгөөд зөвхөн Орос хүн л ингэж хэлэх байж хэмээн бодолхийлж суулаа.

Би “Сезанн энэ шинэ санааны тухайд юу гэх байсан бол?” хэмээв. Тарковский өөдөөс “Ноён Брэкиж өөрөө Сезанн юу гэх байсныг сайн мэдэж байгаа. Ямартай ч шинэ арга ажиллагаа бол тэр чигтээ болчимгүй үйлдэл, урлагийг сүйтгэх болно.” гэж орхив.

“Илэрхий” нэрт бүтээл маань дараа нь гарав. Кинонд ердөө далайн давалгаа эрэг цохиж, хөөст ус нь цацарч буй дүрслэлүүд бий юм. Гэвч өрөөнд хэт халуун байсан тул далайн сэрүүнийг мэдрэх ямар ч боломжгүй байлаа. Энэ 19-р зууны зочид буудлын өрөө ийн миний ой ухаанд тун тод хадагдан үлдэх хувьтай байжээ. Өрөөнд утас ч алга. Тарковскийн бүтээл дэх хамгийн уран зөгнөлийн газрын нэг Зона-д хүртэл утас хангинадаг шүү дээ.

Миний урам үнэхээр хугарч байлаа. Энэ абсурд ханын цаасны эсрэг кинонуудаа гаргахыг эхнээсээ зөвшөөрдөггүй байж гэж бодож суулаа. Гэсэн ч би бууж өгсөнгүй. Би “Цонх, ус, хүүхэд, хөдөлнө” киногоо цэвэр дүрсний хөгжим гэж итгэдгээ нуулгүй хэллээ. Гэвч Тарковский “Тэр чинь хөгжим биш. Бэлгэдлийн чанартай эдгээр юмсад нэрлэж болохоор зүйлс байна.” хэмээлээ. Миний сонссон хамгийн ухаалаг аргумент. Гэхдээ над шиг кино хийдэг бүх хүмүүсийг үгүйсгэх зорилготой нь тоогүй.

Дараагийн кино нь “Араб цуврал №3” байв. Энэ кино Тарковскийг улам л уцаарлуулав. “Энэ чинь юу вэ? Зүгээр дэрвэгэнэсэн хөдөлгөөн байна даг.” Би урдаас нь “Зүгээр дуугүй үзээд орхи л доо. Хөдөлгөөн нь дүрсний эгшигийг дагаж байгааг харахгүй байна уу? Кадрт хэлбэр дүрс зүгээр санамсаргүй зурагдаагүй. Тэнцвэржүүлэлтийн үндсэн дээр зурагдсан зүйлс.” хэмээлээ. “Энэ чинь тэгээд ямар утгатай юм бэ?” “Юу ямар утгатай гэж? Та ч гэсэн өөрийн кинон дахь хөгжмийн талаар иймэрхүү бодолтой явдаг биз дээ?” “Гэхдээ энэ чинь хөгжимтэй адилгүй шүү дээ.”

Эцэст нь “Аллагын магтуу” нэрт кинонд маань илүү боломж ирэх болов уу гэж найдаад би тэдний өмнө зогсоод “Бид хангалттай маргалдлаа. Одоо энэ киног чимээгүйхэн үзэж болохсон болов уу?” хэмээв. Дээр нь би киногоо ямар учиртай хийсэн, цэвэр дүрслэлийн бодролд хэрхэн үнэнч хандсан зэргээ мөн тайлбарлав. Тэд дараа нь намайг ихээхэн хүндэлж киноны турш дуугүй байлаа.

Киноны дуусангуут тэд уцаарлан хашгирцгааж эхлэв. Тэд гэдэг нь Тарковский, бас түүнтэй санал нийлж үг чулуудах Занусси хоёр л доо. Ольга над руу эргээд “Амьдралдаа ийм кино үзэх завшаан тохиолдож байсангүй. Таны тухай Орос хэлээр бичигдсэн 3 ном байдаг юм. Гэвч хэнд нь ч киног тань үзэх боломж олддоггүй юм. Би Оростоо эргэж хүрээд таны киног үзсэн гэх юм бол тэд хэдэн сараар ч хамаагүй зөвхөн таны киноны тухай яриулахаасаа буцахгүй улс.” хэмээв. Өнөөдөр сонссон ганц эерэг зүйл энэ л байлаа.

Эцэст нь ёжилж байгаа мэт бид Оросын цагаач оюутны киног үзэх юм болов. Тарковский үзнэ гээд амласан юм байх. Бид ямар ч утгагүй, тэнэг киног тэсвэрлэх хэрэгтэй боллоо. Кинонд илүүдэл жинтэй Орос охин Америкт зохицож чадахгүй, бас найз залуутай болж чадахгүй тухай гарах юм. Хэдий хагас цагийн кино байсан ч надад 10 цаг суусан мэт санагдав. Киноны дараахан Тарковский Орос оюутанд хандан “Энэ бол миний үзсэн хамгийн эргүү кино” гэсэн юм.

Дараачийн өдөр нь Польшийн найруулагч Збигнев Рыбчински надтай уулзаж архиар дайлав. Тэрээр орчуулагчаараа дамжуулан миний киноны талаар өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцах хүслээ илэрхийлэв. Би эргэлзэж байсан ч зөвшөөрөв.

Тэр иймэрхүү кино огт үзээгүй, урлагийн түүхэн дэх эргэлт мөн юм хэмээн яриагаа эхлэв. Гэсэн ч энэ төрлийн урлаг ач холбогдол багатай ажээ. 19-р зууны хамгийн аугаа уран бүтээлчид Сезанн болон импрессионистууд биш харин Дагер, Напье нар юм гэв. Хүмүүний түүхэнд хүмүүс урлагаар өөрийгөө илэрхийлж мөнх амьдрахыг хүсэмжилсээр ирсэн. Дугуйг зохион бүтээсэн нь, Ласко агуйн сүг зургийг зурсан нь бүгд л ийм хүсэмжлэлээс төрсөн гэх. Гэвч өнөө үед жинхэнэ уран бүтээлч бол техникч, үгүйсэн бол хүн бүр кино хийнэ. Урлаг экологийг сүйтгэж байна. Микеланжелогийн урласан гантиг чулуу нь чулууныхаа хувьд бол сүйрэл юм. Харин киноны шинэ технологи гарч ирвэл хүн бүр мөнх амьдарч чадна хэмээв.

Рыбчински түүх уудалж суусаар цаг гаран болов. Надаар огт юм яриулсангүй. Би эцэст нь “Би юм ярьж болох уу? Үгүй бол явлаа.” гэсэнд орчуулагч нь түүний үгийг орчуулахаас татгалзаж сая би нэг юм ярив. Жан Коктогийн “Орфей“-г үзсэн биз? Тэр бол техникийн хувьд ч шинэлэг арга барилтай атлаа маргаангүй авангард кино хэмээсэнд түүний нүүр минчийн улайв.

Би мөн “Кино хальс хийх процесс экологийг хэрхэн сүйтгэж байгааг мэдэх үү? Олон хүмүүсийн хөлс хүчээр мөнгө олборлож гаргаж, будгийг нь олох гэж байгаль сүйтгэж байна. Кино хальс хийх гэж Аргентинд химийн хорт бодистой харьцаж байгаа ажилчид үхэж байна. Энийг мэдэж байж та яагаад кино хийгээд байна вэ? Шинэ технологийг хүлээхгүй юм уу?” хэмээв.

Энэ асуултад тэр хариулсангүй. Гэвч санаа зовсон нь илт. Би хариултыг нь мэдэж байлаа. Кино хийх бол түүний уран бүтээл биш ажил нь юм. Тэр үүнийгээ сайн ч хийдэг. Би түүнд кинонуудыг маань дахин үзээсэй гэж хүсэлт гаргав. Учир нь өчигдрийн зогсоо зайгүй яриан дундуур миний киног үзэх ёсгүй юм. Киног маань цэцгэн хээтэй хана биш өөр дэлгэц дээр, чив чимээгүй анхаарал хандуулан үзэх учиртай юм гэлээ. 

Үүнийг орчуулагч нь уламжилсны дараа тэрээр хэсэг гайхасхийв. Тэр сэдвээ өөрчлөн “Тарковский өчигдөржингөө таны киноны талаар ярисан. Одоо ч ярьж байгаа.” хэмээгээд Тарковскийг олон жилийн турш мэддэг, сайн найз нь гэдгээ мөн батлав. Тарковский “Андрей Рублёв” кинон дээрх шигээ чимээгүй байх тангараг өргөсөн хүн. Зохиолоо бичих үедээ Тарковский хэдэн долоо хоногоор үг дуугаралгүй ажилладаг. Тарковскийг нэг дор ингэж их ярьж байсныг огт мэдэхгүй юм байна, танд би атаархаж байна хэмээв. Мөн Тарковскийн сэтгэлийг ингэж их догдлуулсан тохиолдлыг санахгүй байна гээд өчигдрийн кинонууд түүний бүтээлд сүүдрээ үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа нуулгүй хэлсэн юм. - Стэн Брэкиж, 1983 он.