Забриски Пойнт

Забриски Пойнт

Забриски Пойнт

Zabriskie Point

1970 · 110 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Драм

Тойм

Энэ кино нь Антонионигийн англи хэл дээр бүтээсэн хоёр дахь кино бөгөөд Вүүдстокоос хойшхи Вьетнамын дайны эрин үеийн залуучууд, хиппи нарын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дүрсэлсэн байдаг. Киноны нэр нь Америкийн Үхлийн хөндийд орших Забриски пойнт хэмээх дурсгалт газар аж.

Киноны гол дүр Дариа Халприн нь авангард бүжигчин Анн Халприны охин юм. Харин бас нэгэн гол дүр Марк Фречеттийн хувьд Антонионийн туслахууд Бостоны автобусны буудал дээр зогсож байхдаа нэгэн залуу “Motherfucker!” хэмээн хараан гүйж байхыг хараад сонирхож эхэлсэн байна. Удалгүй өнөөх залууг Мел Лайман хэмээх гуру-аар ахлуулсан Бостоны нэгэн бүлгэмийн гишүүн болохыг нь мэдэж кинонд тоглох санал тавьжээ.

Zabriskie Point оюутны радикал үзэлтнүүдийн цуглаанаар эхэлдэг бөгөөд эцэст нь энэхүү цугларалтад мэтгэлцэгчдийн хооронд үл ойлголцох байдал үүсэн дуусдаг. Өөрийгөө марксист хэмээн үздэг асан найруулагч Микеланжело Антониони капиталист Америкт хийсэн анхны кинондоо Америкийн нийгмийг шүүмжилсэн олон дүрслэлийг урласан байна. Марк Фречеттийн дүр Лос Анжелесийн гудамжаар машинаа жолоодон явж байхад энд тэндгүй хөглөрүүлэн байрлуулсан зар сурталчилгааны самбарууд ярайж байх нь худалдааны империализмыг шүүмжилж байгаа хэрэг.

Мөн Марк Фречеттийн дүр оюутнуудын цуглаанд очих бөгөөд тэдний хуурмаг марксизм, хувьсгалын талаарх хоосон ярианаас залхан “би үхэхэд бэлэн байна” хэмээгээд явж одно. Кинонд Pink Floyd, The Youngbloods, The Kaleidoscope, Jerry Garcia, Patti Page, The Grateful Dead, A Rolling Stones-ийн дуунууд гардаг. Pink Floyd,The Kaleidoscope, Jerry Garcia нарын дуу нь энэ кинонд зориулан бичигдсэн дуунууд юм. The Doors хамтлаг нэгэн дууг кинонд зориулан бичсэн ч түүнийг кинонд ашиглаагүй ажээ. Гэхдээ кинон дээр дуунууд ихэвчлэн радиогоор, эсвэл хөгжим дээр тавигдсан байдлаар гарах болно. Антониони ч өөрийн киноныхоо үндсэн хөгжмийг рок хөгжим байлгахыг хүсээгүй юм. Гэхдээ Антонионид Pink Floyd-ийн сайкеделик, радикал, импровизацилсан бүтээлүүд их таалагдсан гэдэг.

Киноны гол дүр Марк Фречетти 1973 онд банк дээрэмдэж байхдаа баригджээ. Түүний 2 хамтрагч буудалцааны үеэр нас барсан юм. Тэрээр шоронд 15 жил хорих ял сонссон юм. Гэвч 1975 онд Фречеттийг шоронд сэжигтэй байдлаар хоолойгоо боомилуулж үхсэн байхыг олсон байна. Тэрээр ердөө 27 настай байсан юм.

Энэ нь Антонионигийн бусад кинотой харьцуулахад хэв маяг, хэлбэрийн хувьд шилдэг биш ч гэсэн тухайн жилийн олон киноноос дээгүүрт тавигдах бүтээл билээ. Энэ кино нь тэр үеийн нийгмийн байдлыг маш тод, өвөрмөц байдлаар харуулсан урлагийн бүтээлд тооцох улс улам л нэмэгдсээр. Саяхан кино шүүмжлэгч Роберт Филипп Колкер, Сэм Роди нар энэ киног Антонионигийн чухал кинонуудын нэг гэж үзсэн байна. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

nez-н бичил хөрөг nez 2011.07.31 17:31

goy kino

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.