Химизү

Химизү

Химизү

Himizu (ヒミズ)

2011 · 129 мин · Япон · Өнгөт · Япон хэл · Драм
Найруулагч · Шион Соно
Жүжигчин · Шота Сомэтани, Фүми Никаидо

Тойм

Химизү нь Японд нутагладаг сохор номингийн төрөл зүйлийн нэр. 2011 оны 3 сарын 11-нд Японыг Тохокүгийн газар хөдлөлт, цунами ниргэхэд Соно "Химизү" нэртэй манганаас сэдэвлэсэн кино зохиолоо аль хэдийн биччихээд байв. Гэвч дээрх байгалийн гамшиг болон түүнээс улбаалсан Фукушима Даичигийн цөмийн ослоос Японы нийгэмд учирсан зовлон бэрхшээлийг анхааралгүй түвдээгүй найруулагч кино зохиолын цөмд уг гамшиг байхаар зохиолоо өөрчлөн бичсэн нь цаг үеийн байдлыг тусган харуулсан кино болоход тусалжээ.

Эх нь орхин явсан, архичин эцэг нь байнга дарамтлах Сүмида 15-тайдаа ар гэрийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болох завь түрээслэдэг жижиг мухлагийг гардаж авна. Түүний хөршүүд бол гамшигт нэрвэгдэж, хамаг амьдрал нь сүйдсэн, өнөө маргаашаа аргацаах хүмүүс. Кейко бол Сүмидад дурласан ангийнх нь охин, солиотой эх, хар дарсан зүүд шиг амьдралаа түр ч гэсэн мартахад нь түүний бүтэлгүй ч гэлээ дурлал тусална. Энгийн сайхан амьдрал мөрөөдөх нь ямар ч утгагүй мэт, ирээдүйг гэх найдвар огт байхгүй харгис нөхцөл байдалд тэсч үлдэхээр Сүмида Кейко хоёр эцэстээ хамтдаа тэмцэнэ.

Соногийн экстрим кинонууд хүчирхийлэл ихтэй, Японы нийгмийг шүүмжилсэн өнгө аястай байдаг бол энэ киноноос нь харин хүнд хэцүүгийн өмнө сөхрөөгүй ард түмнээ ойлгон дэмнэх гэсэн сэтгэл мэдрэгдэнэ.

Киноны туслах дүрүүдийг найруулагчийн өмнөх бүтээл "Хүйтэн загас" киноны жүжигчид бүтээсэн бол гол дүрүүдэд Шота Сометани, Фүми Никайдо нарын шинэ залуу жүжигчид тоглосон нь 68-р Венецийн кино наадмаас Марчелло Мастрояннийн нэрэмжит шилдэг шинэ залуу эрэгтэй эмэгтэй жүжигчний шагнал авах хэмжээнд үнэлэгджээ.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.