2046

2046

2046

2004 · 129 мин · Хонконг · Өнгөт · Кантон, Мандарин, Япон хэл · Драм

Тойм

Вон Кар-Вайн энэхүү бүтээл нь түүний урьд гаргасан Догшрох цаг (Days of Being Wild, 1991), Хайрын сэтгэл (In the mood for love, 2000) кинонуудынх нь үргэлжлэл юм. Хайр сэтгэлтэйгээ учирсан хэдий ч бүтэлгүйтсэн азгүй гэмээр эрийн амьдралын цаг үеийн тухай уг кинонд харуулах бөгөөд дотроо гурван дэд хэсэгт хуваагдан үйл явдал нь өрнөнө.

Олон хүмүүс уг киноны нэрийг хараад ирээдүйн үйл явдлын талаар өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт кино хэмээн бодож болох ч бодит байдал дээр тийм биш юм. 2046 бол Хайрын сэтгэл (In the Mood for love, 2000) кинон дээр гардаг зочид буудлын өрөөний дугаар бөгөөд гол дүрийн залуу /Tony Leung/ уран зөгнөлт зохиол бичиж байхдаа цаг хугацааны аялал хийх боломжит үеийг 2046-2047 он хэмээн тодорхойлсон байдаг. Түүнчлэн 1997 онд Английн түрээсээс Бээжинд буцаагдсан Хонг-Конг хотын өөрийгөө засан тохинуулах статус 2046 онд бүрмөсөн дуусч Их Хятадын нэг хэсэг болох цаг хугацаа ч үүнд хамаатай болохыг Вон Кар-Вай тэмдэглэсэн нь бий. Киноны төслийн ажил 2000 оноос эхлэн 4 жилийн хугацаанд үргэжилсний эцэст дууссан бөгөөд дундуур нь SARS гэх мэт халдварт өвчин Азид тархсан тул хэсэг завсарлаж байв.

Энэхүү киног зарим талаар зохиолын үйл явдал, өрнөл муутай, орчин үеийн кино бүтээгчдийн чанар чансаанд хүрсэн бүтээл туурвисангүй хэмээн шүүмжлэх нь бий ч Каннын кино наадмын үеэр шүүмжлэгчдээс сайшаал, талархлыг нь хүртэж байжээ. Ямартай ч энэ киноных нь дараа Вон Кар Вайг дэлхийн хамгийн романтик кино бүтээгч хэмээн үнэлсэн байдаг. Дурлал хайр, халуун сексийн сценүүдийг нь кино сонирхогчид таашаан үзсээр уг киног дуусгаж байсан гэдэг. Нууцлаг галт тэргээр аялах аялал угтаа 2046 он руу яваа мэт харагдах боловч үнэн чанартаа өнгөрсөн үе рүү хийх аялал байсан гэдгийг киноны гол шугам болгосноороо ирээдүйн ямарваа үйл явдал хожим хойно өнгөрсөн цаг хугацааны л үлдэгдэл болон үлдэх жамтай гэдгийг найруулагч харуулахыг зорьжээ. - Agar-Erdene

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/9)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.